С.Баярын өрөөнд Ч.Улаан

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд өөрийн гэсэн өрөөтэй болж төвхнөөд байна. Зарим нэгээс нь дурдвал УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Төрийн ордны хоёрдугаар давхар, хуучнаар Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Баярцогтын өрөөнд төвхнөсөн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар дөрвөн давхрын 411 дугаартай, өмнө нь Баян-Өлгий аймгаас сонгогдож парламентад сууж байсан Х.Жекейгийн өрөөнд оржээ. С.Ганбаатар гишүүн тухалсан өрөөндөө сэтгэл нэлээд өндөр байгаа бөгөөд орсон, гарсан хүнд “Гишүүн нь Х.Жекей генералын өрөөнд төвхнөсөн болохоор ихэд билэгшээж байгаа шүү” хэмээн хуучилж буй юм.

УИХ-д шинээр сонгогдсон гишүүд өрөөгөө жижиг хэмээн голохгүй, ихэд сэтгэл өндөр суугаа бол ахин сонгогдсон архаг гишүүдийн нэлээд нь өрөөгөө томруулж, сайжруулж авчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан УИХ-ын гишүүн асан С.Баярын өрөөнд тухлаад байна. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өрөөнийхөө давхрыг ахиулж,  Л.Гүндалайгийн өрөө рүү нүүж оржээ. Нэг хэсэг нүүдэл суудал тасрахгүй нэлээд бужигнаж байсан гишүүдийн орон байрны нүүдэл одоо багасаад байна. Гэхдээ нэг дуулиан дэгдээд байгаа нь тахимаа өгсөн гишүүд улсын төсвийн мөнгөөр худалдан авсан iPad-ыг буцааж өгөхгүй луу унжиж буй мэдээлэл чих дэлслээ. Бас УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөө хэр нь хуучин өрөөгөө суллаж өгөхгүй гүрийсээр байгаа гэнэ шүү.

Г.Дарь

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих