Төрийн ордон дахь нэн шинэ паянгууд

Шог гараа гээд нэрлэчихвэл болохоор нэг зүйл Монголын Төрийн ордонд өрнөөд муур хулганы үлгэрээр ажлаа хийж байна гэвэл та итгэх үү? Төрийн ордон гэдэг үндсэндээ л “Том, Жэрри хоёр” хүүхэлдэйн киноны талбар болж хувирчээ. Нам засаг солигдох нь 76 хүнд биш 700 гаруй хүнд хүртээлтэй, нэлээдгүй том ажил бололтой. Аргаа ядаж л агентлаг, яамдын ажилчид хүртэл хөдөлгөөнд орчихсон байх юм. Өмнө нь ажиллаж байсан МАН-ын гэж нэрлэгдэх хүмүүс нэг хадаас ч гэсэн илүү аваад халагдчих гээд байдаг, харин АН-ын шинэ томилогдох хүмүүс хамаг зүйлийг нь хамгаалагч шиг манаж, тооцоо данс хатуухан тулгах гээд энэ бужигнаан ширүүхэн өрнөх бололтой.

Харин уначихсан хирнээ тахимаа өгдөггүй бөхчүүд шиг МАН-ын залуусын хэллэгээр ТОМ ТЭНЭГТЭЖ байгаа юм байх аа. Улсаас 84 сая төгрөг төсөвлөн УИХ-ын тамгын газрын зардлаар авсан ай-падыг буцааж өгөх дургүй гишүүд нэлээд хэд байгаа гэнэ. Гишүүнээр сонгогдоогүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болчихсон гишүүдээс УИХ-ын Тамгын газар ай-падуудаа буцааж авах гэж муур хулгана болж байгаа ажээ. Түүний хажуугаар ХЗДХ-ийн сайд асан Цэндийн Нямдорж хуучин өрөөгөө солихгүй хэмээн бөөн юм болж байгаа гэнэ. Үүний хажуугаар Д.Дэмбэрэл гишүүн чуулганыг хоёр ч удаа хойшлуулав. Ц.Нямдорж гишүүн өөрийнхөө өрөөнөөс гарахгүй гэж хэдэрлээд юм юм л болж байгаа ордоноор нэг иймэрхүү сонинтой.

Энэ дунд хамгийн зүдэрч байгаа хүн бол Ц.Шаравдорж. УИХ-ын Тамгын газрын ажлаа хүлээлгэж өгөхдөө тэрбээр улсаас төсөвлөсөн ай-падуудыг тоо ёсоор нь, мөн хүмүүсийн өрөөг султгуулж, суур өрөөг зааж өгөх нь түүний хийх ажил юм. Гэтэл туурга тусгаар бол тусын дайсан гэхчээр түүний үгэнд орж ахмад гишүүд нь өрөөгөө султгахгүй, өөр өрөө рүү нүүхгүй гэхчлэнгээр олон зовлонд унагаажээ. Хөөрхий аргаа бараад өрөөгөө султгахгүй, өрөө төлөхгүй гишүүн асануудыг хэвлэлээр зарлана хэмээн бухимдсан ажээ.

Харин энэ үеэр шинээр сонгогдсон гишүүд Төрийн ордон дотор төөрчихсөн телевизийн зураглаач нараар зам заалгуулж ч явна. Мөн үүний хажуугаар бие даагч буюу энэ парламентад сул гишүүн нэрийг зүүхээр болсон Х.Болорчулуун гишүүн ордонд төөрч будилжээ. Тэрбээр гар утсаараа амь нэгтэй гэх Ц.Даваасүрэн рүүгээ залгаж өчигдөржингөө Их хурлын даргын өрөөг хайж будилжээ. Баруун зүүн эргэж А заалыг гурав тойрсон эрхэм гар утасны буянаар аврагдсан нь сэтгүүлчдийн дуранд өртсөн байна.

Я.Содбаатар тэргүүтэй хэдэн нөхдүүд чуулганы анхдугаар хуралдааныг зориудаар гацаанд оруулсан хэрнээ одоо болохоор чуулган МАН-гүй хуралдчихлаа хэмээн гомдол мэдүүлж Үндсэн хуулийн цэц рүү гомдол өгөхөөр шийджээ. “Сод Монгол”-ын Ц.Анандбазарыг батлан даалтанд гаргасан, гаргаагүй, хоригдож байгаа гэсэн мэдээллийг хуулийн байгууллагаас өгч байгаа хэдий ч тэрбээр огт зутарсан шинжгүй, бусдаас дэгжирхэж гангалчихсан ордны коридороор хээв нэг явжээ. Эхний хэдэн хуралдаануудад гишүүд багагүй будилж сэтгүүлч Г.Уянгаас эхлээд дуусч байгаа хуралдаанд эхлүүлэх үг хэлж гараг андуураад хөгжилтэй л байлгах бололтой. Энэ удаагийн АН-ын Засгийн газар бүрэлдэхдээ түүхэнд тэмдэглүүштэй олон үйл явдалаар дүүрэн бичигдэх нь тодорхой. Ганц хоёрхон цаг Төрийн ордонд саатахдаа гайгүй сайн инээж аваад гарч ирсэн жаахан тэмдэглэлээсээ уншигч танд хүргэлээ.
У.Сүндэр (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих