ДӨРВӨН ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ЖОЛООЧИЙГ КОМПАНИ НЬ ХАРИУЦАХГҮЙ ГЭЖЭЭ

Өмнөговь аймагт “Терра Энержи” компанийн туслан гүйцэтгэгч “Поларис” компанийн ажилтан А гэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж дөрвөн хүн газар дээрээ нас барж, гурван хүн хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан юм. Харин түүний ажиллаж байсан компаниас “Манайх энэ хүнийг хариуцахгүй” гэж мэдэгдсэнтэй холбогдуулан талийгаачдын ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийв.
Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт Ёлын амын ойролцоо нутагладаг хөдөө гэртээ энэ оны есдүгээр сарын 9-нд хадлан хадах гэж аймгийн төвөөс очсон ах дүүс нийт долоон хүн хоол, цайгаа идэн амарч суужээ.

Гэтэл гэнэт “Range Rover” маркийн автомашин гэрийг нь дайрч, гурван эмэгтэй, нэг хүүхэд газар дээрээ амь насаа алдаж, гурван хүн хүнд бэртсэн байна. Тухайн үед гурван гэрээр зусч байсан бөгөөд автомашин замаас гаран, километр орчим яваад голын гэрийг дайрсан байдаг.
Амиа алдсан гурван эмэгтэй гэр бүлийнхээ хамгийн ажилсаг, хөдөлмөрч, ар гэрээ авч явдаг бүсгүйчүүд байсан тухай ах дүүс нь халаглан ярьж байв. Хэн нэгний буруутай үйлдлээс гэнэт амь насаа алдсан эмэгтэйчүүдийн ард гурван нөхөр, зургаан хүүхэд нь өнчирч хоцорчээ. Аймшигт ослыг нүдээр харсан үр хүүхэд, ах дүүс, өндөр настай ээж нь өнөөдөр сэтгэл санааны гүн хямралд орж, олон өрх айлын амьдрал орвонгоороо эргээд байна.
Хэрэг үйлдсэн А нь тус аймгийн Ноён сумын нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Терра Энержи” компанийн туслан гүйцэтгэгч “Поларис” компанийн ажилтан юм. Улаанбаатарт байхдаа ч хэрэг төвөгт олон удаа холбогдож байсан, Өмнөговьд очоод нутгийн иргэдийг айлган сүрдүүлдэг байсан тухай талийгаачдын ар гэрийнхэн ярьж байв.
Гэтэл “Терра Энержи” компани А-г өөрийн компанид хамааралгүй гэж мэдэгдэн, аймгийн Засаг даргад оршуулгийн зардалд 4 сая төгрөг өгсөн аж. Харин талийгаачдын ар гэрийнхэн дөрвөн хүний амь насыг дөрвөн саяар үнэлсэнд дургүйцэн мөнгийг аваагүй буцаасан байна. “Поларис” компани ч манайх хариуцахгүй гэжээ. Хайгуулын найман лиценз эзэмшдэг, нэг лиценз нь 14 тэрбум ам.долларын өртөг бүхий 70 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй ордтой “Терра Энержи” компани нэг хүний амь насыг нэг сая төгрөгөөр үнэлчихээд эмгэнэл ч илэрхийлээгүйд маш их гомдолтой байгаа аж.
Нэг ажилтангаас спирт илэрвэл ажлаас халах хэмжээнд хүртэл арга хэмжээ авдаг гэгддэг уул уурхайн компаниудын хариуцлага хаана байгааг нэхэж байв. Тэр бүү хэл хэрэг үйлдсэн этгээдэд дарга нар нь шар айраг өгч явуулсан гэж байлаа.
Амьдрал нь орвонгоороо эргэсэн дөрвөн айлын амьдрал, өнчирч үлдсэн зургаан хүүхэд, нийт ах дүү, хамаатан садны сэтгэл санааны нөхөн төлбөр, зургаан хүүхдийг насанд хүртэлх амьдралын зардлыг хэн хариуцах ёстой, хөдөө орон нутагт бий болоод байгаа хариуцлагагүй уул уурхайн асуудлыг нэн даруй цэгцэлж өгөхийг хүсч, талийгаачдын ар гэрийнхэн Ерөнхийлөгч, Хууль зүйн яам, Прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд ханджээ.
Хариуцлагагүй байдлаас болж өнгөрөгч есдүгээр сард амиа алдсан зургаан хүний ар гэрийнхэн хамтран төр засагт хандаж байгаа аж. Мөн энэ сарын 27-ны өдөр талийгаачдад зориулсан Зул өргөх ёслолыг Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд “Энхтайваны бэлэг” сантай хамтран зохион байгуулахаар болжээ.
Н.Гантуяа  

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих