БАРИЛГА бол ЖИНХЭНЭ ЭР ХҮНИЙ АЖИЛ

\цуврал ярилцлага-02\

Жаамаагийн Гантөмөр

…Нэг удаа түүний барилга дээр ажиллахаар биерхүү монгол залуу ирж л дээ. Барилгын ажил гэхээр бяр их ордог, амархан хийчихнэ гэж бодсон бололтой.  Барилгын хана түшүүлсэн шатаа хураах гэж будилж байхад нь түүнд Ж.Гантөмөр  ”барилга гэдэг чинь жинхэнэ эр хүний ажил даа” гэж хэлсэн гэдэг. Эр бяраар биш эв дүйгээр, учиргүй хүчээр биш, ур ухаанаар хийдэг барилгын ажил нь жинхэнэ эр хүний чанар, тэсвэр хатуужлыг шалгадаг аж.

 

Бас эр хүний чин сэтгэлийн нөхөрлөл, итгэлийг ч харуулдаг гэнэ.  Тийм болохоор бидний нүдэн дээр сүндэрлэдэг барилга, эзэн хүнийхээ ур ухааны гайхамшигийг ч адил харуулна. Илүү ч үгүй, дутуу ч үгүй “ил тод”.

Намтрын товчоон

 

-1961 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод төрсөн

-1979 онд Сүхбаатар хотын Бумцэндийн нэрэмжит 1-р 10 жилийн сургууль

-1984 онд МУИС-ПДС-ийг архитекторч мэргэжлээр тус тус суралцаж төгсчээ,

-1999-2000 онд ТЗУХИ-ийн Удирдлагын Академийг  Төрийн арга зүйч менежер

-1984 онд ОХУ-д 1996 онд ХБНГУ-д  бизнесийн менежерийн курс чиглэлээр мэргэжил дээшлүүлж

-1999 онд “Бизнесийн удирдлагын ухаан” -аар магистрийн зэрэг хамгаалсан байна.

-1984 оноос  ТТҮБТ, “Зэндмэнэ”  ББХК, “Зэндмэнэ Инвест” ХХК-д  инженер, ерөнхий инженер,  ерөнхий захирлаар тус тус ажиллаж байв.

Нэг. Монголын Барилгын салбарт ажилласан он жилүүд

-Г.Галбадрах:  Хаана ямар сургууль төгссөн бэ?

-Ж.Гантөмөр:  Би Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит  10 жилийн сургуулийг 1979 онд төгссөн. 10-р ангиа төгсөөд  МУИС-д барилга архитектурийн мэргэжлээр  орж 5 жил сураад 1984 онд  ПДС \Политехникийн Дээд Сургууль\ болж өөрчлөгдөж байхад нь төгссөн дөө.

-Г.Галбадрах:  Дээд сургуулиа төгсөөд?

-Ж.Гантөмөр:  Дээд сургуулиа төгсөөд  ТТҮБТ  \Техник Туслалцааны Үйлдвэрлэлийн Барилга Трест\-эд  томилогдон очиж ажилласан.  ТТҮБТ-эд ороод 90-ээд оны эхээр хувьчлагдах хүртэл нь ажиллав. ТТҮБТ маань  1990-ээд оны эхээр хувьчлагдаж,  ”Зэндмэнэ”  ББХК, шинэчилсэн бүртгэлээр  ”Зэндмэнэ Инвест” ХХК болж өөрчлөгдсөн.  ”Үслэг эдлэлийн үйлдвэр”,  ”Бутлан ангилах үйлдвэр”, “Металл хийцийн үйлдвэр”,  ”Сүүний үйлдвэр” зэрэг  Монголын томоохон үйлдвэрүүдийг барьсан алдар түүхтэй, 2000 -аад ажилчинтай том хамт олноос хөдөлмөрийн   гараагаа эхэлж, сүүлд нь голомтыг нь сахиж үлдэж байсан хувь тавиландаа баярлан бахархаж байдаг юм. Нэг ёсондоо би чинь ганцхан газар л ажилласан юм шүү дээ.

-Г.Галбадрах: ТТҮБТ-эд очоод мэргэжлээрээ ажилласан уу?

-Ж.Гантөмөр:  Би барилгын архитектур мэргэжлээр  ”Монголын Архитекторчдын Эвлэлийн шагнал”-тай  төгссөн хэрнээ, ТТҮБТ-эд инженерээр ажиллаа. Тэр үед чинь сургуулиа төгсөөд шинээр ирж байгаа хүмүүсийг  үйлдвэрлэлийн доод шатнаас эхэлж ажиллуулдаг байлаа шүү дээ. Бригадын дарга, мастер гэхчилэн ажиллуулаад аажмаар дээш нь ахиулдаг байсан юм. Харин намайг шууд л үйлдвэрлэл-техникийн хэлтэст  инженерээр томилсон . Шаардлагатай болоод ойр зуураа юм хийлгэх бодолтой байсан юм шиг билээ.Тэгээд л шөнө өдөргүй л ажиллаж байв.  Их ч мундаг даргатай учирсан.  С.Зухаа гэж казак хүн байсан.

-Г.Галбадрах: Сайн дарга, шинэ мэргэжилтнээ алсын бодлоготойгоор  бэлтгэдэг байсан үе.

-Ж.Гантөмөр:Тэр үед манай трест их ч өртэй байсан.  Тийм болохоор их ч ажиллах хэрэгтэй байж. Дарга маань өөрөө их хөдөлмөрч хүн. Орой ажил тарсан хойно машинаа явуулчихаад л сууна шүү дээ.  Нэг өрөөндөө  6, 7 инженертэй.  Тэгээд л цөмөөрөө ажиллана даа. Манайх чинь Гурвалжингийн гүүрийн тэнд байсан. ТЭЦ-4-ийн тэнд сүүлийн автобусанд алхаж очиж сууна. Гэхдээ болоогүй ээ, 2 гартаа 2 том хавтастай. Зургаа бариад явж байгаа нь тэр. Бараг 12 өнгөрөөж гэртээ ороод, хоолоо идчихээд зургууд дээрээ суудаг. Өглөө ажилдаа 8 цагаас хоцорч ирвэл “ДОХИО” н дээр гарчихна. Үүдэн дээр сууж байгаа цаг бүртгэгч хүн  ”найрна” гэдэг ойлголт байхгүй.   Би ч юугаа ч мэдэхгүй шинэ хүн.  Бас хажуугаар нь оюутнуудын диплом удирдаж, шүүмж бичнэ. Ингэж л ажиллах ёстой юм байх гэж бодно. Одоо бодоход их мундаг ажил дээр ажиллуулчихсан юм байна билээ.

-Г.Галбадрах: Анхнаасаа л сайн хүмүүстэй ажиллаж эхэлж дээ?

-Ж.Гантөмөр:  Би ер нь их азтай хүн. Анхнаасаа их мундаг хүмүүстэй ажилласан шүү.  Анхны дарга С.Зухаа их ч ухаантай, хатуу шаардлагатай.  Ерөнхий инженер Л.Заанхүү онолын нөдөр мэдлэгтэй, аядуу зөөлөн араншинтай.  Удаах дарга Л.Шагдаррагчаа гуай  Барилгын Яамны орлогч сайд болж дэвшээд явсан. Залуу сэтгэлгээтэй, дайчин бүтээлч хүн. Трестийн дотоод нөөцийг ашиглан залуучуудынхаа хүчээр Трестдээ спорт заал,  цехийн эмнэлэг,  Ажилчны районы Соёлын Төв,  Өвөрхангай аймгийн шефь нэгдэлдээ халуун ус болон үсчний газар барьж өгч байсан юм даг. Л.Ганболд гэж мундаг ерөнхий инженер байлаа.  ХҮБТ-ийн дарга болоод дэвшээд явсан.  Бүгд л гар, сэтгэл нийлж ажиллацгаасан.  Манайд Төмөртогоо гэж ерөнхий инженер байв. Их ч хатуу шаардлагатай. Гараа гозгонуулаад л загнана.  Ажилчид маань Төмөртогоог “загнадаг”, намайг болохоор “инээдэг” гэж нэрлэнэ. Нэг нь хатуу ч нөгөө нь зөөлөн байж бие биенээ нөхдөг л байсан байх.  Югославт сургууль төгссөн Борис гээд  их ч мундаг мэдлэгтэй, чадалтай инженер байсан. Гэм нь жаахан балгачихна. Югославт төгссөн болохоор нилээн ардчилсан үзэлтэй.  ”Намын дарга, Үйлдвэрийн дарга юу юу хийх ёстойг би зааж өгнө” гэж цамнаж байгаад л арга хэмжээ авахуулдаг. Арга хэмжээ нь инженерээс ажилчин болгон буулгах. Мань хүн ажилчин болоод “жарганаа”.  Ажилчдын дунд нэр хүндтэй, үнэлэгддэг байсан болохоор  ажилчид өмнөөс нь хамаг ажлыг нь хийчихнэ. Тэгээд инженер байснаасаа өндөр цалин авна.  Гэвч хэсэг хугацааны дараа яах ч аргагүй ажлын шаардлагаас болоод буцааж инженер болгодог байж.  Гэхдээ их ч ачаалалтай мундаг ажилладаг байсан шүү.

-Г.Галбадрах: Гэхдээ хүн сургуулиа төгсөөд анхнаасаа их ачаалалтай ажиллаад сурчихвал тэр нь дадал болж хожим нь ажлын ачаалалдаа түүртэхгүй болдог сайн тал бий.

-Ж.Гантөмөр: Бид чинь барилгынхаа зураг төсөл, инженерийн хийц, эдийн засгийн тооцоо, захиалга, тоног төхөөрөмжийн судалгаа гээд л бүх зүйлийг яг таг хийдэг байж. Тэр үед чинь дотоодын захиалгаа 1-2 жилийн өмнө, гадаад захиалгаа 3 жилийн өмнө өгдөг дүрэмтэй байлаа шүү дээ. Үндсэндээ асар их алсыг харсан төлөвлөгөө хийнэ шүү дээ. Нэг жижигхэн боолт буруу  захиалсан бол бөөн асуудал болно. Тоног төхөөрөмжүүд нь задардаг, задардаггүй гэж байна. Хамгийн багаар  задарч болох хэмжээнд тооцож хаалгаар оруулах уу, дээврээ тавихаас өмнө кранаар өргөж оруулах уу гэдгийг шийдэж төлөвлөдөг. Намайг ажилдаа ороод удаагүй байхад тийм тохиолдол гарсан л даа. Барилгаа барьсан хойно ирсэн төхөөрөмж нь яагаад ч хаалгаар оруулах аргагүй болоод  дээврээ дахин  хуулж байж оруулж байсан удаа бий. Энэ болгон чинь хариуцлага болж байгаа юм даа.

-Г.Галбадрах: Тэгэхээр энэ бол Оросын барилгын технологиос өөрсдийн гэсэн технолигитой болох гэж хичээж байсан үе байж гэж ойлгогдож байна.

-Ж.Гантөмөр: Манай байгууллагад  угаасаа л Оросын техник туслалцаатай, тэр үеийн Зөвлөлтийн мэргэжилтний том групп ажиллаж  байсан юм шүү дээ. Нэг ёсондоо инженерийн бэлтгэлийг ШУ \Шинжлэх Ухаан\-ы үндэстэй болгоно гэж зорилго тавиад ажиллаж байгаа үед нь би очсон юм билээ. Дарга бол бүх зүйлээ мэдэж байгаа. Бид болохоор аль болохоор хэмнэлт гаргах зорилгоор  судалгаа хийж, санаа гаргаж түүнийгээ даргадаа танилцуулдаг. Дарга үзэж байгаад  ”Чи үүнийг арай л дутуу харсан байнаа” гэнэ. Тэгээд дахиад л сууна. Дарга биднийг л өөрөө бүх зүйлээ хийж сургахыг боддог байсан юм шиг байгаа юм. Тэгээд ч бид их олон ШБОС \Шинэ Бүтээл Оновчтой Санал\  хийсэн.  Тэр үед ШБОС-ыг мөнгө ольё гэж хийдэггүй байж. Зардлаа хэмнэж, хөдөлмөрөө хөнгөвчлөхийн тулд  л хийнэ. Угаасаа инженерүүдийн ажлын төлөвлөгөөнд тусгасан байдаг. Би 1986 онд дүүргийн ШБОС-ын аварга болж, Герман Улсын том хотуудаар аялах эрхийн бичгээр шагнагдан аялж байв. Бас МХЗЭ-ийн “алтан медаль” авч, 3 өрөө орон сууцаар хүртэл шагнуулсан шүү.  Миний хийсэн ШБОС тэр үеийн ханшаар 50 хэдэн мянган төгрөгийн хэмнэлт гаргасан гээд л сонин дээр бичсэн байсан.  Өөрөө хийхээс гадна бусдын хийсэн ШБОС-ыг зургийг нь гаргаж, тооцоог нь гаргаж өгнө.

-Г.Галбадрах: Тэр үед гаргаж байсан зарим ШБОС-ынхоо заримыг нь дурдаж болох уу?

-Ж. Гантөмөр: Манай нэг жолооч үйлдвэрийн зориулалттай хавтанг ачих нэмэлт төхөөрөмж санаачилж байсан. Хучилтын хавиргат хавтан өргөн учраас  даацандаа хүргэж ачиж чадахгүй байв. Гэтэл тэвшээ хоёр тийш нь өргөтгөөд хавтангаа олноор нь ачих боломжтой болсон.  Үйлдвэрийн багана хийхэд том том банзнуудыг  аяган суурь руу нь хэмх хэмх цохиод хаячихна. Тэрний оронд төмрөөр жаахан мушгиад, чангалаад шаантаг хийхээр, төмөр чинь ямар эвдэрнэ гэх биш, маш олон удаа хэрэглэгдэж байгаа юм. Тэгэхэд л баахан мод хэмнэнэ.  Гол хийсэн зүйл маань байшингийн суурины цутгалт байв. Оросууд маань байшингийн суурин дээр их зардал гаргаж, түүгээрээ их мөнгө олдог байсан юм билээ. Их хялбар хийж болох юмыг их хүндээр сэтгэж, бөөн материалыг газар дор булаад хаячихдаг байж. Үүнийг л бид өөрчилж, барилгын зардлаа хэмнэж чадсан юм даа.Сул хөрстэй газарт  барилгын аяган суурийг хийхийн тулд газар дор бараг байшин шиг  хэмжээтэй бетон цутгаж байсныг өөрчилж,  аяган сууриа сайн хөрсөн дээр суулгаж, тэр хэсгээ бетоноор цутгаж  хийдэг болсон. Ингэхэд л маш их мөнгө хэмнэж байгаа юм.

-Г.Галбадрах:  Оросууд тухайн үедээ манай оронд ажиллаж байгаа аль ч салбартаа зардал их гаргах сонирхолтой байсан байж магадгүй. Энэ нь өр зээлийн асуудалтай холбогдож байж мэдэх юм.

-Ж.Гантөмөр: Оросууд тэр үед  барилга барихдаа аль болох их зардал гаргах сонирхолтой байсан юм болов уу даа.  Жишээ нь Оросуудын барьж байгуулсан хорооллуудыг эзэлж байгаа талбайгаар нь үнэлдэг байсан байна. Энэ талбайд байгаа явган хүний сандал гэхэд  талбайгаараа барилгын үнэлгээтэй тэнцэх жишээтэй. Метр квадрат нь тэдэн төгрөгийн үнэтэй гэж тооцохоор чинь ийм болж байгаа юм. Бас бохирын шугам байна. Хөрсний гадаргаа тооцоод зарим хэсэгтээ шууд явуулж болох юмыг заавал их зардлаар дээшээ гаргаж, дахиад буцааж хөрс рүү нь оруулах жишээтэй.  Би сайндаа ч биш, тэр үед  байгууллагынхаа ХЗЭ \Хувьсгалт Залуучуудын Эвлэл\ийн орон тооны бус дарга байхдаа  ах дүү намуудын зөвлөлгөөн дээр МАХН \Монгол Ардын Хувьсгалт Нам\-ын даргын даалгавраар сууж байхдаа сонсож мэдсэн хэрэг. 1980-аад оны сүүлч шүү дээ. Орост өөрчлөн байгуулалт эхэлж, ардчиллын салхи  сэвэлзэж байсан үе л дээ.

-Г.Галбадрах: Тэгэхээр байгууллагынхаа ХЗЭ-ийн даргаар ажиллаж байж дээ?

-Ж.Гантөмөр: Эндээ ажиллаад удаагүй байхдаа байгууллагынхаа ХЗЭ-ийн орон тооны бус даргаар сонгогдлоо.  МАХН-ын дайчин туслагч, бэлтгэл хүчин гээд хэрдээ хөөрхөн эрх мэдэлтэй.  Тэр үед алсдаа дарга болох хүмүүсийг  МАХН-д элсүүлдэг байв. Тийм хүмүүсийг сонгож, хэлэлцэж  шийднэ. Бас залуучуудынхаа дунд үдэшлэг уулзалт, уралдаан тэмцээн зохион байгуулна.  Хэрдээ нилээд цагаа зарцуулна шүү дээ. Гэхдээ би өөрөө МАХН-д элсээгүй юм даа. Харин сүүлд нь ардчиллыг дэмжиж түүний төлөө зүтгэсэн дээ.

Хоёр: Ардчиллын тухай хөөрөлдөөн

Тэрээр:

-1989 онд МоАХ-ны  023-р салбар зөвлөлийн зохицуулагч, МоАХ-ны Баянзүрх  дүүргийн Хяналтын Зөвлөлийн дарга

-1998 онд МоАХ-ны тэргүүлэгч

-1990 оноос МоАН, МҮАН-ын  тэргүүлэгч, Бага, Бүгд хурлуудын гишүүн

-1999 оноос МҮАН-ын Чуулганы болон Бага хурлын гишүүн, Нийслэлийн  намын санхүүжилтийн хорооны дарга

-2000 оноос МоАН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны \ҮЗХ\ гишүүн,  Бага хурлын гишүүн, Баянзүрх дүүргийн МоАН-ын хорооны дарга

-1980 оноос Монголын Архитекторчдийн Эвлэл \МАЭ\-ийн гишүүн, Монголын Барилгачдын Холбоо \МБХ\-нй гишүүн, дархан цаазат “Богд уулыг хамгаалах Холбоо”-ны тэргүүлэгч

-”Эрх Чөлөө” Сангийн Удирдах Зөвлөлийн гишүүн

-1990-1992 онд АДХ-ын 16 дахь удаагийн сонгуулийн 61-р тойрогт  Улаанбаатар хотын депутат

-1996 оноос Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байжээ.

-Г.Галбадрах: 1990 оны ардчилсан хувьсгал миний хувьд лав айдас, баяр хоёр зэрэгцэж ирж байсан. Гэхдээ л яалт ч үгүй ирж яваа цагийн аяс байсан л даа.

-Ж.Гантөмөр:1990 онд ардчиллыг дэмжиж байсан олон хүмүүс муу хэлэгдэхээсээ айгаад, Ардчилсан Холбооноос гарч байв. Би тэр үед Ардчилсан Холбооны  тэргүүлэгч байсан. Ардчиллын хоёр дахь цуглаан дээр трестийнхээ анхны 9 гишүүний  нэрийг  Галсандоржид өгч байлаа. 1990 оны анхны ардчилсан сонгуулиар Улаанбаатар хотын депутат болж байв. Надад сүүлд нь албан тушаалын олон боломж олдож байсан ч би бизнесээ илүү үзээд л явсан. Хожим нь анзаарч байхад  айдсаа даваад ардчиллын төлөө хэнээс ч айхгүй шударгаар үгээ хэлж чадаж байсан олон хүмүүс ямар их доромжлол амсав даа. Заримдаа харамсмаар санагддаг юм шүү.  Гэхдээ л ардчилал урагшилж л байна.

-Г.Галбадрах: Ардчиллын  талаарх бодол тань?

-Ж.Гантөмөр: Черчиллийн хэлсэн үг байдаг даа. “Хүн төрөлхтөний одоохондоо олж  авсан хамгийн сайхан зүйл нь ардчилал. Гэхдээ энэ бол төгс төгөлдөр зүйл бас биш” гэж. Тэгэхээр бид энэ олон сайн муу зүйлүүдээс зөв бурууг нь ялгаж салгаж олох нь хэрэгтэй юм шиг байгаа юм. Гэтэл монголчууд  бид үүнийг буруугаар ойлгоод явчихсан. Өнөөдөр олон зүйлд  дургүйцээд хараагаад байгаа хэрнээ бид өөрсдөө л сонгодог. Яг үнэндээ бид өнөөдөр сэтгэлгээний хувьд арай л хоцрогдоод байгаа юм шиг.  Яагаад бид ийм сайхан боломжийг нь бас эрхийг нь олгоод байхад өөрийнхөө төлөө зөв сонголтоо хийж чаддаггүй юм бэ? Одоо болохоор коммунист үзэлтэй капиталистууд л олон болж байна даа.

-Г.Галбадрах: 2000 оны УИХ-ын  сонгуульд нэр дэвшиж байхдаа юунд зорьж байв?

-Ж.Гантөмөр: Одоогоос 12 жилийн өмнө 2000 оны УИХ-д  57-р тойргоос нэр дэвшиж байхдаа  ”Гэр хороолол”-ыг хөгжүүлэх хөтөлбөр дэвшүүлж байв. Одоо надад тэр төсөл байж байгаа.  Гол санаа нь гэр хороолол руу нэгдсэн шугам сүлжээг оруулах санаа байсан.  Америкт гэхэд гол хийж байгаа зүйл нь хувийн орон сууцнууд руу нэгдсэн шугам сүлжээг үнэ төлбөргүй оруулж байгаа явдал. Бусдыг нь тэнд амьдрах  хүмүүс өөрсдөө хийгээд л явчихдаг.  Гэхдээ хот төлөвлөлт заавал байх ёстой. Харин одоо Э.Бат-Үүл маань энэ санааг хэрэгжүүлэх гэж зүтгэж байна.

-Г.Галбадрах: Энэ бол сайхан  хэрнээ биелж болох “мөрөөдөл”. Харин яаж хэрэгжүүлж болох вэ?

-Ж.Гантөмөр:Одоо жишээ нь зураг төсөл нь гарсан том том хорооллуудын  хувьд  хүмүүст газрыг нь өгөөд голоор нь шугамаа явуулаад нэг үзүүрийг нь оруулчихна. Үүнээс цаашхи нь тэр хүний асуудал. Үзүүрээ оруулаад үзүүр дээр нь тоолуураа тавина. Цахилгааны шугамынх нь, цэвэр усных нь, хийнийх нь тоолуур. Хөдөлгөөд мөнгөө  авна. Маш хялбар зарчим нь энэ. Монголд бол хийн шугам нь байхгүй. Гэхдээ энэ  бол энэ биелэх мөрөөдөл. Тэр үед боломж нь олдоогүй бол өнөөдөр боломж нь олдож байна. Зөндөө  хугацаа зарцуулна л даа. Гэхдээ өнөөдөр хийж  эхэлж байх хэрэгтэй.Монголын нэг онцлог нь  газрын хөлдөлтийн гүн нь 1,7 метрээс доош байдаг юм.  Гэхдээ цэвэр усны, дулааны шугам нь хамтдаа хийвэл илүү боломжтой болох байх.

-Г.Галбадрах: Монголд одоо л хүмүүс орчин үеийн шаардлага хангасан амины орон сууцны тухай зөв ойлголттой болж байх шиг байна. Уг нь энэ бол хөрөнгө юм шүү дээ.

-Ж.Гантөмөр: Бид анх ажилчиддаа хоёр давхар 10 айлын  амины орон сууц барьж байлаа. Тэр үед  амины орон сууц барихын тулд ” 75 000 төгрөгийн зээл ав” гэхэд айгаад авах хүн олдохгүй байсан юм шүү дээ. Тэгэхээр нь өөрийнхөө нэр дээр  зээлийг нь  аваад амины  сууцыг барьж байсан юм.  Гэтэл тэр байранд орсон хүмүүс маань хожим нь байраа үнэлж зараад баяжиж, өөр ажилд шилжиж байсан юм даг. Харин  цаг хугацааны аясаар тэд одоо “Зэндмэнэ” компаниа сайнаар дурсдаг болсон.

-Г.Галбадрах:Би энэ жилийн сонгуулийн дунд сэтгэл хангалуун байгаа. Энэ удаад АН өөрт олдсон боломжоо бүрэн дайчилж чадах байхаа. Зарим нааштай алхмууд мэдрэгдэж байна.

-Ж.Гантөмөр:  АН 1996 оны сонгуулийн ялалтын дараа  амжилтандаа эрдэж олон алдаа гаргаж байсан. Яалт ч үгүй хэсэг бүлэг хүмүүсийн амбиц гарч байсан л даа. Тэр үеийг бодвол арай ухаалаг байх биз дээ? Би ч эндээс байнга л уншиж байдаг юм.  Мэдээж ардчилал жинхэнэ утгаараа Монголд минь хэрэгжээсэй гэж их ч хүсдэг.  Гол нь бүгдээрээ хуулиа дагаж мөрдөж, хариуцлагаа дор бүрнээ үүрч чаддаг болчихвол тийм ч хэцүү биш л дээ. Тэгэхээр нийгмийн тогтолцоо, хуулийн хэрэгжилт нь шударга байх ёстой гэсэн үг болох байх.

Гурав: Америк дахь барилгын бизнест хөл тавьсан түүх

…Тэр өдрийн өглөө эрт Ж.Гантөмөр над дээр ирж, түүний бизнесийг сонирхохоор хамтдаа явлаа. Түүний надад үзүүлсэн 4 барилгын нэг нь  дөнгөж худалдаж авсан, нэг нь одоо ид засвараа хийж байгаа, 2 нь засвараа дууссанаас нэг нь худалдагдсан барилга байсан юм.  Мэдээж миний мэргэжилтэй жаахан ойр болохоор дизайн болон зураг төслийн шийдэл нь нилээд өвөрмөц байгаа нь ажиглагдсан.  Зураг төслөө зохиож, инженерийн шийдлээ өөрөө хийдэг нь шууд мэдрэгдэж байв. Гэхдээ байршлаасаа хамаарч энэ 4 барилга хоорондоо огт адилгүй шийдэлтэй байсан нь надад таалагдсан. Ямартай энэ барилгуудаас монгол инженерийн мэдрэмж анзаарагдсан шүү.

-Г.Галбадрах: Сиэтлд ирээд мөн л барилгын бизнестээ оров уу?

-Ж.Гантөмөр: 8 жилийн өмнө энд ирээд будгийн remodeling компаниа байгууллаа. Эхний жилдээ ердөө л 4 байшин хийж байгаа юм. Өөрөө ажлаа олох аргаа олдоггүй.   Ажлаа нэг газарт гайгүй хийчихвэл найз нөхөд хамаатан садан гээд ам дамжаад хэрэглэгч нэмэгдээд явна. Гэхдээ их удаан. Азаар би нилээд аятайхан газар ажил хийгээд захиалагчид олонтой болж амжсан. Гол нь чанартай сайн хийж бусдад таалагдаж байвал хүмүүс сонирхдог юм билээ.

-Г.Галбадрах: Энэ бизнесийг хийхэд мэргэжлийн хувьд чамд олон давуу тал байгаа гэсэн үг юм даа.

-Ж.Гантөмөр:  Миний хувьд өмнөө тавьсан зорилго маань байшин бариад ашиг олохоос гадна, зараад ашиг олдог болох явдал байлаа. “Миний давуу тал юу билээ” гэдгээ эхлээд тооцсон. Би архитекторын мэргэжилтэй, дээр нь олон жил инженер хийсэн маань намайг инженерийн тооцонд сургасан.  Тэгэхээр би барилгын зургаа өөрөө зурж, тооцоогоо өөрөө хийж чадах боломжтой.  Дээр нь энэ бүх “хар ажил”-аа өөрөө хийгээд  сурчихсан. Гэтэл Америкт энэ бүхнийг заавал мэргэжлийн хүнээр хийлгэж, их мөнгө төлдөг. Бас үнээ яаж хямдруулах вэ? гэдгээ мэддэг болчихсон.  Харин судалгаа л их чухал байлаа.

-Г.Галбадрах:Тийм ээ, судалгаа хамгийн чухал гэдэгтэй би санал нийлж байна.  Сургаар буюу, амнаас ам дамжсан яриагаар баримжаалан үүсгэж байгаа бизнес амжилт олохдоо амаргүй.

-Ж.Гантөмөр: Энэ цаг хугацааны хувьд хүмүүс ямар барилга сонирхоод байна, байшинг яаж зассан хүмүүс хурдан зараад байна, ямар загварыг илүү сонирхоод байна гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Хэрэв би судалгаагаа муу хийх юм бол алдаа гаргана.  Ажиглаад байхад хүмүүс байшинг засахдаа өөрийнхөө байшинг засч байгаа юм шиг л засдаг. Зөвхөн өөрийнхөө хүслээр, өөрийн мөрөөдлөөр. Гэтэл тэр хүний сонирхол нь бусад хүнд таалагдахгүй бол яах вэ? Мэдээж тэр болгон таалагдахгүй шүү дээ. Тэгэхээр бид өөр зүйлийг, нийтлэг америк хүмүүсийн сонирхлыг судлах хэрэгтэй болно. Жишээлэхэд ямар өнгөнд дуртай, ямар шкафанд дуртай, ямар шаланд дуртай байна вэ гэхчилэн. Өнгө хүртэл нарийн судалгаатай. Хамгийн сонирхолтой нь энд будгийн өнгөний жагсаалт байдаг юм.  Түүнээс гадна байршил  их чухал.  Байршлаасаа хамаараад барилгын үнэ хэлбэлзэж байдаг. Сиэтлийн хувьд гэхэд нуур болон далайн эрэг дагуу харууцтай газрууд хамгийн үнэтэй байдаг. Ер нь ихэнх баячуудын байшин  нь  далайн эргээ дагаж байршсан байдаг. Тэгэхээр байршлыг ч бас тооцох хэрэгтэй болдог.

-Г.Галбадрах: Тэгэхээр үүнийг мэдэрч, судалж, туршлагажихад  хугацаа хэрэгтэй болдог байх.

-Ж.Гантөмөр: Би анх нэг  америк хүнтэй хамт ажиллаж байлаа. Их өндөр үнэтэй материалуудаар, мөнгөөр “зодож” хийдэг байсан.  Тэгээд их ч өндөр үнэтэй зардаг. Одоо бол бүр баяжаад том бизнес руу орсон л доо. Тэр хүн надад их боломж олгодог байлаа. “За чи өөрийнхөөрөө л хий” гэнэ. Би тэр боломжийг сайн ашиглаж их ч юм сурсан. Өөрийнхөөрөө чөлөөтэй ажиллана гэдэг намайг их ч юм мэдэж,  хөгжихөд тусалсан шүү. Тэр хүн маань надад “Энэ дүүргийн хүмүүс ийм дизайн, ийм стилийг сонирхож байна. Тэгэхээр бид  ийм дизайнаар хийвэл болмоор байна” гэж үндсэн санаагаа хэлж өгнө. Хот хот, дүүрэг дүүргээрээ өөр өөр сонголттой. Баячуудын хэсэг нь сонгодог дизайныг, ихэнхи нь энгийн дизайныг, зарим нь модерн  дизайныг сонгох жишээтэй. Түүнийг нь дагахгүй бол зарагдахгүй. Хэрвээ зарагдахгүй бол үүнд зарцуулж гаргасан мөнгө нь түгжигдээд,  дампуурахад хүрдэг.

-Г.Галбадрах: Тэгэхээр  хөл дээрээ тогтсон Америк компаниудад ажиллаад, тэднээс их зүйл сурах хэрэгтэй байна  гэсэн санаа юм даа.

-Ж.Гантөмөр: Би анх өөрийн “Zendmene” компаниа байгуулсан хэрнээ Америк компанидаа   ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл би энэ зах зээл дээр баттай хөл дээрээ зогсох ёстой.  Америк компанид ажиллаж байхад минь манай эзэн энэ компаныг байгуулахыг дэмжсэн юм. Нэг удаа гэр бүлээрээ уулзах санал тавиад  бид уулзаж ярилцлаа. “Бид хамтдаа бага хугацаанд ч сайн ажиллаа. Одоо чи төсөл гүйцэтгэгч компани байгуулбал зүгээр байх. Тэгээд хамтдаа ажиллая” гэж хэлсэн. Тэр их мундаг ажил хэрэгч хүн.  Эхлээд бид тэр компаны туслан гүйцэтгэгч маягаар байгуулаад, аажимдаа биеэ дааж эхэлсэн. “Zendmene” компаниа байгуулаад  8 жил гаран болж байна.  Одоо өөрийн үйлчлүүлэгчидтэй болж байна.  Ер нь хүний итгэлийг олно гэдэг л хамгийн чухал юм билээ.  Эзнийгээ “Чи одоо чаддаг болсон шүү” гэж хэлтэл нь ажилласан даа.

-Г.Галбадрах: Хүний итгэлийг бүрэн дааж ажиллана гэдэг сайхан зүйл юм. Тэр хэрээрээ даасан итгэл тань  танд боломжийг авчирч өгдөг.

-Ж.Гантөмөр: Монголчуудын зарим маань энэ тал дээр хайнга ханддаг. Хэн нэгэн дээр ажиллаж байгаад жаахан юм сурчихаараа л “би одоо чаддаг боллоо” гэж бодоод биеэ даагаад гараад явчихна. Юмыг өнгөцхөн сурах осолтой. “Тэнэг хүн тэнэгээ мэдэхгүй байх хамгийн осолтой” гэдэг үг бий. Нэг бодлын хүн алив юмыг “би мэднэ чадна” гээд оргилуун хүсч байгаа нь сайхан ч, “бүхнийг чадаж байна” гээд өөрийгөө тоогоод зогсчих юм бол дуусч байгаа нь тэр. Харин мэдэхгүй байгаа зүйлээ мэдээд, цаашаа сураад явбал мэдээж сайн. Танин мэдэхүй гэдэг чинь энгийн харахаасаа дотоод мөн чанар руу  явдаг зүйл. Гэтэл гаднаас нь харангуутаа “бөмбөг бөөрөнхий” , түүнийг өшиглөөд гүйгээд байвал “би бөмбөг тоглож байна” гэж боддог. Тэр хүн бөмбөг тоглож байгаа нь үнэн л дээ. Гэхдээ мэргэжлийн түвшинд тоглож сурна гэдэг огт өөр зүйл. Би зарим залууст ингэж л хэлдэг.  Ямар нэгэн юмыг хийж сурахад маш их цаг хугацаа, маш их хөдөлмөр, сэтгэл, зүтгэл хэрэгтэй. Тэгж байж амжилтад хүрдэг, амар хялбар юм гэж огт үгүй.

-Г.Галбадрах: Тийм ээ.  Би энэ тухай ч их боддог. Амьдралд оршиж байгаа энэ зарчмыг өнөөгийн Монголын залуустаа ойлгуулах юм сан гэж л хичээх юм. Энэ л бидний нэг үүрэг юм шүү дээ.

-Ж.Гантөмөр: Би залууст туслая гэж боддог юм. Олон жил барилга дээр ажилласан болохоор, бас дандаа залуучуудтай ажиллаж байсан болохоор, оюутнуудад  дадлага  хийлгэж зааж сургаж байсан болохоор  одоогийн залууст боломжоороо юм сургах сан гэж хүсдэг. Гэтэл жаахан юм сурчихаараа  ”одоо бүхнийг чаддаг болчихлоо” гэж боддог тал бий. Тэгээд л тэдэнд  ”болоогүй байнаа, юм болгоныг төгс сайн сурах хэрэгтэй” гэж зөвлөдөг. Гэтэл зарим нь “би зөндөө юм хийж чадаж байхад намайг чадахгүй гэлээ” гээд гомдоно.  Өөрөөрөө жишээд бодоход , би одоог хүртэл төгс сайн сурч амжаагүй л байна. Америкийн зах зээл дээр  хөлөө олчих санаатай хичээж яваа.

-Г.Галбадрах: Америкт шинээр байшин барих, хуучныг худалдаж аваад зарах хоёрын хооронд хэр ялгаа байна вэ?

-Ж.Гантөмөр: Бизнес бол дандаа ашгийн төлөө явдаг. Би шинийг барих гэж үзсэн л дээ. Гэтэл шинээр байшин барихын тулд шинэ шугам тавихаас эхлээд маш олон зөвшөөрөл авах  шаардлагатай. Зөвшөөрөл авахдаа сургуульд хандив өгдөг ёстой юм билээ.  Тэр болгонд цаг хугацаа, мөнгө төлдөг. Тэгээд тооцоод бодохоор ашиггүй шахам байсан. Энд хуучин байшин дүүрэн байна. Гэтэл шинийг барих гэж эрсдэлд орох хэрэггүй юм. Америкт болж байгаа хямрал энэ салбарт боломж олгосон.

-Г.Галбадрах: Хуучин барилга засаад зарахад хэрдээ ашиг олох боломжтой юу?

-Ж.Гантөмөр: Боломжийн ашиг олохын төлөө л явна шүү дээ.  Миний хувьд өөрийн боломжуудаа ашиглаад зардлаа аль болохоор багасгахыг хичээдэг.   Боломжоо ашиглаад бусдаар бага зүйл хийлгэх тусмаа надад олдох ашиг нь нэмэгддэг. Байшингаа засаад боломжийн үнээр зарж сурч байгаа. Харин хүмүүс зарж байгаа дүнг нь сонсоод “ямар их баяжиж байнаа” гэж боддог юм. Гэтэл тэд хэзээ ч үүний төлөө гаргаж байгаа зардлыг тооцож мэдэхгүй.  Америк орон хүмүүст боломжийг маш сайн олгодог хэрнээ, авах юмаа ч сайн авдаг.  Татвар, зөвшөөрлөөс эхлээд бүх зүйл тогтсон үнэлгээтэй. Тэр болгоныг шударгаар төлж байж үлдсэн нь миний ашиг болж надад ирнэ.  Тэр ашиг нь надад өөрийн бизнесээ өргөжүүлэхэд, гэр бүлийн амжиргаагаа залгуулахад  зарцуулагдана. Тэгэхээр хүн болгон энэ оронд өөрийн боломжоороо л ажиллаж амьдарч байгаа гэсэн үг.

-Г.Галбадрах: Америк Монголын аль алиных нь барилгын салбарт ажиллаж үзсэн хүний хувьд ялгааг нь яаж мэдэрч байна?

-Ж.Гантөмөр: Бид чинь ерөнхийдөө Оросын школоор явсан хүмүүс шүү дээ. Дэлхийн хэмжээнд  барилгын зураг, төсөв, технологийн хувьд  зарчмын ялгаа бага л даа. Хэмжээсийн хувьд метр, инч гэдгээрээ ялгаатай. Монголд миний ажиллаж байсан хуучин цагт хийц  даац нь их нүсэр, том техник их хэрэглэдэг  бол Америкт ерөнхийдөө хөнгөн, энгийн чанар зонхилдог. Одоо гэхдээ өөр болж байгаа байх аа. Мэргэжлийн хяналтын хувьд ч  Монголд энэ бүхэн байсан юм шүү дээ.  Барилгын явц бүрээ хянадаг, акт бичдэг, барилгаа комисс гаргаж хүлээж авдаг.  Харин ардчиллаас хойш нэг хэсэг замбараагаа алдаж, сүүлдээ  энэ бүхэн нь мөнгөний сонирхолд  хөтлөгддөг болсон байх. Мэргэжилтнүүд нь “яах гээд байгаа нь мэдэгдэхгүй” шаналгаа үүсгэдэг болсон нь эцэстээ авилгал руу л явж байгаа юм шүү дээ. Гэтэл энд бүх зүйлээ интернет дээр бичээд тавьчихсан байгаа, ном нь байгаа. Хэн ч бай ороод л үзэж судлаад мэдэх боломжтой.

-Г.Галбадрах:  Америк гүрний барилгын зах зээл дээр монгол хүн ямар нэгэн хэмжээгээр  орж чадаж байна гэж би ойлгож байна л даа. Одоогоор өөрийн тань байгуулан ажиллаж байгаа 2  компаныхаа тухай арай дэлгэрүүлэн тайлбарлаж өгөхгүй юу?

-Ж.Гантөмөр: Одоогоор ажиллаж байгаа  ”Zendmene Construktion LLC”  компани маань  2005 онд байгуулагдсан “GB paint remodeling”  будгийн компаны маань өргөжүүлсэн компани. Энэ компани маань гүйцэтгэгч  компани. Өөрөөр хэлбэл барилга засварын бүх ажлыг захиалгаар хийж гүйцэтгэдэг.  2011 онд шинээр байгуулсан “Zendmene Invest LLC” бол хөрөнгө оруулалтын компани. Энэ компани маань дуудлага худалдаанаас барилга худалдан авч, засч сайжруулаад буцааж худалдах үйл ажиллагаа эрхэлдэг.  Өөрөөр хэлбэл бид одоо Америкийн зах зээл дээр гүйцэтгэгч төдийгүй, хөрөнгө оруулалт аль алиныг нь  хослуулан хийж байгаа хэрэг юм.

-Г.Галбадрах: Тэгэхээр Монголд ч Америкт ч  ”Зэндмэнэ” нэртэй компаниуд ажиллаж байгаа хэрэг болох нээ. “Зэндмэнэ” гэдэг нэрнийхээ тухай хуучилбал?

-Ж.Гантөмөр:  ”Зэндмэнэ” гэдэг нь  хүний юу хүсч, санаж байгаа болгон нь биелдэг хэмээн бэлэгшээдэг эрдэнэ.  Тийм утгаар нь би бэлэгшээж өөрийн барилгын бизнесээ нэрлэдэг юм.  ”Зэндмэнэ” компаниараа би их бахархдаг. Энд ажиллаж байсан олон сайхан ажилчид маань тэсгим өвлийн хүйтэнд ч, зуны аагим халуунд ч  ажралгүй ажиллаж хат суусан хүмүүс.  ”Шар” Мажиг гэж бригадын дарга, мундаг удирдагч хүн байсан. Алдартай өрлөгчин хүн төдийгүй маш олон хүнийг дагалдуулан сургаж, Монголын барилгын салбарт их бүтээн босголт хийж тэр ч байтугай Армянд хүртэл очиж ажиллаж байв. Одоо ч гэр бүлээрээ, үр хүүхдүүдтэйгээ хамт барилгаа барьсаар яваа, хэдийгээр “гавьяат” цол аваагүй ч үнэхээр гавьяатай хүн дээ.  Тийм хүмүүс олон байсан. Нэг бодлын би одоо ч тэдэндээ “өртэй” юм шиг л санаж явна.

Манайд инженер байсан  Оюунбаатар маань хааяа Америкт ирэхдээ надтай хамт ажиллаж байгаад буцдаг юм. Тэгэхдээ тоглоом шоглоомоор “За би Америк дахь “Зэндмэнэ” компанидаа дадлагаа хийчихлээ” гэж хошигнодог юм. Хүү нь энд байдаг болохоор хүүгээ дагуулаад л ирнэ.  Тэгээд бодохоор “Зэндмэнэ” компани маань намайг олон сайхан хүмүүстэй учруулжээ.

Дөрөв: Барилгын хяналтын тухай хөөрөлдөөн

-Г.Галбадрах:  Энд барилга барихад, манай Монголын Мэргэжлийн хяналт  шиг  эрх үүрэгтэй инспекторууд  үе шат болгонд хяналт тавьж байгаа нь ажиглагддаг.

-Ж.Гантөмөр:  Энд  Инспектор  \мэргэжлийн хяналт\ хүн бүх зүйлийг гартаа авч хянаж байдаг. Маш их хариуцлагатай хэрнээ өндөр эрх мэдэлтэй.  Энд хэн ч юу ч хийхээр зөвшөөрөл авч болно.  Тэр хийх гэж байгаа ажил болгон нь өөрийн стандарт, хатуу шаардлагатай.  Хэрвээ ажлаа тэр шаардлагын дагуу хийж чадахгүй л бол “мэргэжлийн хүнээр хийлгэ” гэдэг шаардлага тавиад шууд зогсоочихно. Бүх зүйл кодтой. Кодоороо зөв хийгээд байвал хэн ч хийж болно. Код гэдэг нь манайхаар бол барилгын норм ба дүрэм л юм байгаа юм. Жишээ нь барилгын хана ямар байх, дам нуруу болон дээврийн хучилт, даац, хүлцэх алдаа гээд яг л адилхан заалтуудыг л кодолсон байдаг юм. Тэгээд түүнийгээ л шалгана.

-Г.Галбадрах: Инспекторууд той ойлголцохгүй байх үе байх уу?

-Ж.Гантөмөр: Тийм юм хааяа гарнаа. Тукила гээд нэг жижигхэн хотод нэг айхтар авгай их ч зовоосон доо. Сүүлийн үед шинээр гарсан  хоолойг хэрэглэсэн байсан чинь  зөвшөөрдөггүй.  ”Шинэ технологи надад хамаагүй ээ, яагаад гэвэл би энэ хотын инспекторын хувьд амьдрал дээр батлагдсан өөрийн мэддэг юмыг л хийлгэнэ.  Хожим нь та нар биш, би хариуцлага хүлээдэг юм”. гэх жишээтэй. Яг үнэндээ тэр шинэ  хоолой дээр нь жижигхэн хадаас байгаа юм л даа. Гэтэл түүнийг хараад “Үүн дээр чинь олон жилийн туршид тоос хуримтлагддаг юм, үүнээсээ болж гал гарах магадлал бий” гэж  тайлбарлаж байсан. Яаж болохгүй юм билээ.  Эрх мэдэл, хариуцлага гэдэг чинь энэ л байсан.

-Г.Галбадрах:Инспекторууд барилгын явцын үе болгон дээр ирж шалгах уу?

-Ж.Гантөмөр: Тэд угаасаа л тийм зарчимтай. Хэдийд ирж юуг нь  шалгах  графикаа тохирдог. Тэр хугацаандаа ирж шалгаад барилгын ажил цааш үргэлжлэх эсэхийг шийдээд явдаг.  Яг л метрээ бариад яс хэмжиж шалгана. Хэд хэдэн барилга барьсаны дараа гайгүй ээ, хэн хэнээ мэддэг болж байгаа юм. Гэхдээ хүмүүсээ байнга сольдог юм. Барилга эхлэхэд  нэг хүн байнга ирж байснаа, барилга дуусах үед хүнээ сольж байсан тохиолдол бий. Хот болгон л өөр өөрийн кодтой. Тийм болохоор тэр болгоныг мэдэж байх ёстой болно.

-Г.Галбадрах: Мэдээж барилгын ажлаа эхлэхээс өмнө зургаа гаргаж, инженерийн тооцоогоо гаргаад заавал батлуулах уу?

-Ж.Гантөмөр: Тэгнээ. Заавал зөвшөөрөл авна. Зөвшөөрлөө авахгүйгээр барилгын ажлаа эхэлсэн бол  торгодог. Тэгээд зургийн зөвшөөрлөө авахын тулд  нэмж мөнгө төлнө. Тэгээд ирэхээр хүн дэмий зардал гаргахгүйн тулд ном дүрмээрээ л явахыг боддог болно. Эцсийн дүндээ бүх зүйлээ л яг шалгуулдаг.

-Г.Галбадрах: Барилгаа зарж борлуулахдаа realter-аар заавал дамжуулах ёстой юу?

-Ж.Гантөмөр: Тэгэлгүй яахав, тэдэнтэй хамтран ажилладаг юм. Тэд барилгыг зарж борлуулсаны төлөө үнийн дүнгийн 3 хувийг авдаг.  Нөгөө талаар тэд барилгыг зарж борлуулахдаа мэргэшсэн хүмүүс. Сайн realter-ийн зарах барилгыг хүмүүс хүлээж байгаад худалдаж авдаг юм билээ.

Тав: Америкт ирсэн минь надад өөрийгөө хөгжүүлэх боломж олгосон

-Г.Галбадрах: Амөрикт хэзээ яаж ирсэн юм бэ?

-Ж.Гантөмөр: Би Америкт 2001 онд ирсэн. Монголдоо овоо хөрөнгөтэй мөнгөтэй гэж  боддог л байсан.  Үндсэн хөрөнгө болон үйл ажиллагаа явуулж байгаа компани гээд жаахан юм байсан л даа.  Ер нь сурья гэсэн бодолтой  ирсэн.  Алсдаа улстөр сонирхох бодолтой. Индианагийн ИС-д  2 курст сурч байгаа юм л даа. Эхлээд овоо явж байснаа сүүлдээ төлбрөө дийлэхээ больж эхэлж байгаа юм. Монголд компани минь болон хөрөнгийг минь хариуцаж үлдсэн хүмүүс маань аажимдаа мөнгөө явуулахаа больж, янз бүрийн шалтгаан зовлон тоочиж эхэлсэн.  Яг үнэндээ хүн өөрөө л байхгүй бол хичнээн ойр дотны хүмүүс байгаад ч эзэн хүн шиг сэтгэж ажилладаггүй юм билээ. Яваандаа хөрөнгө маань үрэн таран болж эхэлсэн. Ядахнаа би их ч үнэтэй сургууль сонгосон юм билээ.

-Г.Галбадрах: Тийм байдал амьдрал дээр нилээд ажиглагддаг юм шүү. Гэхдээ хүн  өөрөө энэ бүхнийг сөрж гарах хэрэгтэй болдог.

-Ж.Гантөмөр: Эхнэр маань төрж, хүүтэй болсон. Тэр хэрээр амжиргааны зардал өсөөд байдаг. Нэгэнт би өөрөө буруу сонголт хийсэн болохоор өөрөө үүрч гарах л хэрэгтэй болсон. Тэгээд л бодож байгаа юм. “Би энд юу хийж чадах вэ?” гэж. Буцаад явья гэж бодохоор тэнд байсан жаахан хөрөнгө маань тонож үрэгдээд хэцүү болсон байдаг.  Эхлээд будагчин хийлээ. Сургуулийнхаа засвар хийж байсан компанид будагчнаар орж ажиллав.  Нилээд том компани байсан л даа.  2-3 өрөө байшин будахад 300-400 долларын үнэлгээтэй. Анх багс яаж барихаа мэдэхгүй. Монголд байхдаа заслалаар онолын  хичээл заадаг байсан. Онол мэднэ, ажиллаж мэдэхгүй. Тэгээд оролдож үзсэн чинь болж байнаа. Тэгээд л ажиллаж эхэллээ. Аажимдаа эзэндээ тоогдож, авах ажил ч нэмэгдэж эхэлсэн. Овоо ч мөнгө олж байв. Гэтэл нэг л өдөр Сургуулийн удирдах зөвлөлийн  шийдвэр гараад л манай компани татан буугдаж, бүх ажил нь хаагдсан. Бараг 200 -аад ажилчидтай байсан юм шүү дээ.

-Г.Галбадрах:Тэгээд  дахиад л ажил хайх хэрэгтэй болж дээ.

-Ж.Гантөмөр: Компани дампуурсаны дараа  хуучин эзэн маань өөрөө ажил олж хийж байгаа юм. Тэгээд надад санал тавьж хамтран ажиллах болсон. Нэг удаа эзэн маань хуучин машинаа зарах боллоо.  Машин нь зарагддаггүй. Тэгээд би зөвлөлөө. “Машинаа замын хажууд тавиад утасны дугаараа томоор бичээд тавьчихвал зүгээр юм биш үү?” гэж. Тэгсэн машин нь хурдан зарагдаж орхилоо. Мань хүн ч баярлаад  ”цаашдаа хамтарч бизнес хийе” гэж санал тавьсан.  Гэхдээ би эхнэртэйгээ зөвлөлдөж яриад зөвшөөрөөгүй л дээ. Өмнө нь компани нь дампуурсан болохоор жаахан болгоомжилсон хэрэг. Тэгээд Нью-Йорк явах замдаа Виржинад байдаг нэгэн танил дээрээ зочилж очсон юм. Гэтэл танил маань  ”Энд барилгын ажил зөндөө олдоно, цалин нь ч гайгүй шүү” гэж ятгав.  Тэгэхээр нь хуучин эзэн рүүгээ утасдаад “Би энд нэг ажилд орох гэсэн юм. Надад нэг тодорхойлолт маягийн бичиг хийж өгөөч” гэж гуйхад  тэрээр зөвшөөрч бичиг хийж өгсөн. Тэр бичгийг ажилд орох газраа үзүүлсэн чинь намайг ажилд авахыг зөвшөөрлөө.

-Г.Галбадрах: Нэг ёсондоо  ”мэргэжлийн өндөр чадвартай” гэдгийг тодорхойлж дээ.

-Ж.Гантөмөр. Тийм юм л даа. Ажилд авах газар маань боломжийн өндөр цалин амалсан. Тэгээд л Виржина руу нүүж ирж байгаа юм. Эхлээд нэг солонгос эзэнтэй компанид ажилд орсон ч өөр компанид аппликейшин бөглөж өгсөн байсан.  Гэтэл өвөл  нь нөгөө компани маань ажилд авах санал ирүүлж,  тэр компанидаа ажилд орж 2 жил ажилласан.  Ер нь тэгээд боломжийн л байсан даа. Хоёр ажил хийнэ, хааяа эзэнтэйгээ хамтарч захиалгат ажлууд хийнэ. Тэр хэрээр авч байгаа цалин боломжийн. Сэтгэл амар, хангалуун байсан даа.

-Г.Галбадрах: Тэгээд Сиэтл руу хэдийд нүүж ирсэн юм бэ?

-Ж.Гантөмөр: Сиэтлд миний эхнэрийн дүүгийнх нь найз байсан юм. Энд эхнэрт маань боломжийн ажил олдсон.  Би жаахан дургүй байсан ч  нүүж ирсэн л дээ. Бид 2005 онд нүүж ирсэн юм байна. Одоо 8 жил болж байна.  Ирээд л их зоригтойгоор компани байгуулаад л ажиллаж эхэлсэн. Гэхдээ алдаагүй ээ. Нэг ёсондоо Америк орон надад  их боломжийг мэдрүүлсэн.

-Г.Галбадрах: Мэдээж бизнес тань өргөжиж байгаа болохоор цаашдаа хүрэх замаа  харж байгаа байх?

-Ж.Гантөмөр: Одоо бид урагшилж байна. Нэг үеийг бодоход Америкийн барилгын зах зээл рүү орохыг хичээж л байна. Миний хувьд барилгын мэргэжлээрээ Монголд ч Америкт ч ажиллаж байгаа. Бидний мэргэжлийн ур чадвар энд ч гологдохгүй. Тэгэхээр бид Америкт ч монгол хүний ур чадвар сэтгэлгээг сайнаар харуулах болноо. Одоо бидэнд ухрах араа гэж байхгүй. Бидний өвөг дээдэс ч ийм л байсан. Тэгэхээр бид урагшаа л явах учиртай.  Алдахгүйн тулд хэзээ ч дутуу бодож,  дутуу хийж л болохгүй.

-Г.Галбадрах:  Тэгэхээр өөрийн босгож байгаа амьдралдаа сэтгэл хангалуун  байнаа даа?

-Ж.Гантөмөр:  Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод Америктаа шилдэгт тооцогддог сургуультай хотод нүүж ирж суурьшлаа. Өөрийн дуртай барилгын ажлаа хийгээд, өглөө ажилдаа яарч, орой  ажлаасаа тараад хайртай сайхан хань, урдаас тосон гүйх 2 хөөрхөн хүү, бас эрх нохой руугаа яараад  ирж байх сайхан.  Хамгийн гол нь  амьдралд унаж босч явсан ч,  энэ амьдралаа хэнээс ч гүйлгүй өөрсдөө  босгож чадаж байгаадаа баярладаг.  Хүн өөрийн дуртай ажлаа хийж, өөрийн хүссэнээрээ амьдарч чадаж байхдаа л аз жаргалтай байдаг.

-Г.Галбадрах: Уулзаж ярилцахад сайхан байлаа.   Барилгын бизнес гэдэг , хийж бүтээж, босгосон бүхэн нь хүн болгоны нүдэн дээр ил харагдаж байдаг, гайхамшигт бүтээн байгуулалт. Энэ бүхэнд чиний сэтгэл зүтгэл, ур чадвар шингэсэн байгаа.  Илүү их гайхамшигийг бүтээх үйлсэд тань амжилт хүсье.

-Ж.Гантөмөр: Танд ч бас их баярлалаа.  Тэр холоос биднийг зорьж ирэн, уулзаж ярилцахад таатай байлаа. Бид монгол хүмүүс болохоор хаа ч явсан өөдрөг сайхан байхыг хичээдэг. Барилгын ажил маань намайг өдий болтол өөдрөг сайхнаар авч яваа болохоор  энэ оронд ч монгол барилгачны чадвар чансааг харуулахыг хүсч байна. Ер нь тэгээд амьдралаас харж байхад  их хөрөнгө, их мөнгөтэйдээ бус, өөрийн хийж бүтээж байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх нь аз жаргал юм шиг.

АНУ-д дэлхийн бүх л улсаас ирсэн хүмүүс өөр өөрийн хүрээллээ үүсгээд л  эрх тэгш амьдарч байна.  Эрт орой ирснээрээ л ялгарахаас бус бараг л гаднаас ирсэн хүмүүс.  Хэн илүү сэтгэж, зүтгэж байгаа нь илүү сайхан амьдрах боломжтой.  Гадныхан уугуул гарлаараа бие биенээ их дэмждэг. Энэтхэг хүн гэхэд Энэтхэг хоолны газраа орохыг илүүд үзэх жишээтэй. Бие биенийхээ бизнесийг л дэмжиж байгаа хэрэг шүү дээ. Одоо бол монголчууд бид ингэж сурч байгаа.  Миний найз Итгэл гээд залуу “Sora sushi” ресторантай. Гадна дотноос ирсэн найз нөхдөө аль болохоор тэнд аваачиж хоол идэнгээ ярьж суух дуртай. Ингэж байж л монголчууд бид хамтдаа хөгжинө шүү дээ.

…Америкийн нөгөө эрэг болох Сиэтл хотноо барилгын бизнес эрхэлж, алхам алхмаар урагшилж яваа Ж.Гантөмөртэй уулзаж ярилцсан минь энэ. Мэдээж Ж.Гантөмөрийг Монголд байхдаа барилгын салбарт ажиллаж байсных нь хувьд,  Америк оронтой харьцуулсан дүгнэлтийг нь сонсонгоо олон нийттэй хуваалцахыг хүссэн юм. Өдгөө Монголд  барилгын салбар эрчимтэй хөгжиж байна. Алдаа оноо аль аль нь байгаа боловч, бид дэлхийн түвшин рүү ч алхам алхмаар ойртон аажмаар зэрэгцэх  учиртай.  Америкийн барилгын зах зээлд алхам алхмаар урагшилж яваа түүнд амжилт хүсье.  Тэрээр бас өнгөрсөн жил Вашингтон  мужийн Монголчуудын Холбооны “Шилдэг бизнесмен”-ээр шалгарсан  аж.  Өөрийн бизнесийн зэрэгцээ Монголчуудын дунд зохион байгуулдаг олон арга хэмжээг ивээн тэтгэж байдаг юм билээ.  Сэтгэлийн тус, өглөг багаддаггүй гэдэг. Санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэж  ”Зэндмэнэ” эрдэнийн шившлэгээр өөдөлж явах болтугай.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail:   gala_mn@yahoo.com                                                                                               2011-12-07


URL:

Сэтгэгдэл бичих