Ц.Элбэгдорж ухаалаг гар утасны уралдаан зарлалаа
“Далан мянга миний амьдралд” хэмээх эссэ бичлэгийн уралдааныг Монголын оюутны холбооноос зарлажээ. “Уралдаанд оролцоод ухаалаг гар утсаа аваарай” хэмээх уриатай бөгөөд эхний 50 оюутан шагнал хүртэж, уралдааныг ивээн тэтгэгч “Skytel” компани нэрийн бүтээгдэхүүнээ өгөх бололтой юм. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болохдоо оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийнхөө хүрээнд ийнхүү Монгол Улсын оюутан бүрт сар бүр 70 мянган төгрөг олгохоор болсон. Улмаар энэхүү тэтгэлгийг олгож эхлээд өнөөдөртэй золгоод буй. Харин энэхүү уралдааныг Монголын оюутны холбоо зохион байгуулж, “Skytel” компани ивээн тэтгэж байна гэхээсээ илүүтэй, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зохион байгуулж байгаа нь юухнаас ч илт. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй энэ үед Ц.Элбэгдорж ийнхүү эвтэйхэн сурталчилгаагаа хийхээр зорьсон нь илт. Түүнээс биш Оюутны холбоо 50 оюутанд шагнал гардуулаад эссэ бичлэгийн уралдаан зарлана ч гэж юу байхав. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил хууль ёсоор эхлээгүй байгаа энэ цаг үед тэрбээр аль болох арга эвийг хайн сурталчилгаа хийсээр байгаагийн нэгэн хэлбэр энэ бөлгөө. Мэдээжийн хэрэг “Далан мянга таны амьдралд” хэмээх эссэ бичлэгийн уралдааны хүрээнд үүнийг санаачилсан Ерөнхийлөгчийнхөө нэрийг дурдахгүй бол яагаад ч болохгүй. Угаасаа агуулгаараа тохирохгүй. Үүнийг тэр олж харав. Сэргэлэн л байна. Ийн тойруулж аяглаж байхаар Монгол Улсын Ерөнхийлөгч эссэ бичлэгийн уралдаан зарлалаа гээд мэдээлчихгүй. Яадаг юм, улсын Ерөнхийлөгч хүн сонирхлын дагуу эссэ бичлэгийн уралдаан зарлаж болно шүү дээ.
URL:













