Өсвөр насныхны эмч, мэргэжилтэн үгүйлэгдэж байна
Дундговь аймагт өсвөр насны охид, хөвгүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаархи мэдлэг ойлголт дутмаг, тэдэнд зориулсан эмч мэргэжилтэнг үгүйлж байна. Ерөнхий боловсролын сургууль эрүүл мэндийн хичээлийн цагтай боловч мэргэжлийн эмч нар хичээл зааж чаддаггүй нь өсвөр насныхны эрүүл мэндийн боловсролд төдийлөн ач холбогдол багатай байгааг ч тэд хэлж байгаа юм.
Уг нь аймгийн эрүүл мэндийн газарт өсвөр насныханд зөвлөгөө өгөх кабинет байдаг. Тэнд итгэлтэй утас ажиллаж, охид хөвгүүд өөрт тулгамдсан асуудалдаа хариулт, зөвлөгөө авч чаддаг. Өсвөр үеийнхний эмчтэй, сувилагч ч бас ажилладаг байжээ.
Хоёр жилийн өмнөөс эмч, сувилагч нь өөр ажил эрхэлдэг болсноор тус кабинет бараг эзэнгүйдээд байгаа юм. Үүний учир нь дагнан ажиллах боловсон хүчин дутмаг байгаатай холбоотой ажээ. Одоогоор эмч Д. Нямтогтох тус кабинетыг хариуцан ажилладаг бөгөөд үзлэгт хамрагдахаар ирсэн охидыг үзэхээс өөрөөр өсвөр насныханд зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт үндсэндээ орхигдоод байгааг тэрээр хэлж байна.
“Давхар ажил хамтатган хариуцдаггүй, өсвөр насныханд зориулсан эмч дагнан ажиллах зайлшгүй шаардлага бий. Сүүлийн жилд өсвөр насны охидын төрөл нэмэгдсэн. Тиймээс тэдэнд нөхөн үржихүйн болон ер нь эрүүл мэндийн боловсрол олгоход тусгайлан анхаармаар байгаа юм” хэмээн Д. Нямтогтох эмч ярилаа.
Үүнийг эрүүл мэндийн газар анхааралдаа аваасай гэдгийг ч эцэг эх, өсвөр насныхан хүсч байгаа юм.
Дундговь аймаг Т.Отгонтуяа
URL:













