Мянган гоё зочинд муухайдсан нэг сая нийслэлчүүд
Ирэх долоо хоногт манай нийслэлд гадаадын 1000 зочин ирнэ. Амьдралдаа анх удаа гэдэг шиг түүхэндээ анх удаа гадаадын тийм олон хүнийг нэг дор хүлээн авах гэж байгаа болохоор хөл хөөрцөг болж байна гэж жигтэйхэн. Тэр мянган хүн Ардчилсан гэх тодотголтой орнуудын хамгийн нэр нөлөө бүхий эрхмүүд, сайд дарга нар ирэх гэж байгаа болохоор “шинэ халаадаа өмсөж, ширээний бүтээлгээ сольж” угтахгүй бол болохгүй л дээ. Монголын нэр нүүр гэж нэг юм бий. Гэхдээ хотын дарга маань арай л хэтрүүлээд байх шиг байна. Өнгөрөгч долоо хоногт НИТХ-ын хуралдаанаар ямар ямар гээчийн шийдвэр гаргачихав аа. Машины дугаарын хязгаарлалт, их цэвэрлэгээ, нийтийн тээврийн үйлчилгээнээс эхлээд нэлээд асуудлыг зохицуулчихлаа. Харин нэг зүйлийг ойлгосонгүй. Энэ сарын 26-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгочихдог юм байна. Хотынхны хувьд шүү. За ингээд бодлоо. Яагаад бид амарч байгаа юм бол гэж.
Амраах нэрээр хотынхныг гэрийн хорионд оруулахаас өөр аргагүй юм билээ. Манай нийслэлийнхэн чинь царай муутай, үнэр танар гэж жигтэйхэн. Гадаадын томчуудад харуулах нь бүү хэл, дотоодын дарга сайд нар ч тэгтлээ хараад баймаар царайлаг биш болохоор нуух гэлгүй яахав. Нийслэлчүүдийг нэг өдөр ажилдаа яваад хэрэггүй. Гэртээ бүг гэсэн үг. Гудамж талбайд нэг их сэлгүүцээд байлгүй гэртээ аятайхан байж байгаарай гэсэн үг. Гэр хорооллынхон бол бүр хашаанаасаа бүү хэл гэрээсээ цухуйж болохгүй. Эсвэл хөдөө орон нутаг руу ах дүү, танил талынхан руугаа хэд хоног явах хэрэгтэй. Яагаад гэвэл утаатай, хогтой, шороотой хотын иргэдийн царай нь хар, үс нь сэгсгэр, нүд нь бүрзгэр, хувцас нь хиртэй. Азийн бусад орныхны дэргэд ёстой “шал ондоо” болохоор иргэдээ нуух гэдэг нь зөв шүү дээ. За тэгээд гэр хорооллынхныг бол бүр сайн нуумаар байгаа юм.
Дээгүүр нь бүтээсэн ч болно. Одоо ямар гал түлээд, нүүрс үнэртүүлээд баригдчихна гэх биш. Дөрөв хоногтоо дээгүүр нь бүтээчихвэл нэг их асуудал гарахгүй биз. Гадаадынхан хэрвээ гэр хорооллыг маань анзаарчихаад “Энэ юу вэ” гээд асуувал “Аан, энэ манай хотын эртний туурь, балгас байгаа юм. Бид хуучны зан заншил, соёл иргэншлээ гайхалтай сайхан хадгалж чадаж байгаа биз дээ. Тэртээ хэдэн арван жилийн өмнө манай нүүдэлчин монголчууд ийм оромжид амьдарч, гаднаа бие засч, түмпэн шанаганд биеэ угааж, их багагүй бүгдээрээ ийм дугуй гэрт шахцалдан амьдардаг байсан юм шүү дээ” гэж тайлбарлах хэрэгтэй. Тайлбарлагч, хөтөч нь бас нэлээд хэлэмгий доломгой байх хэрэгтэй. Гадаадын хэрэгт дуртай хүмүүс юу ч гэж асууж болно. Түгдрэлгүй, ээрч мууралгүй, улайж сандралгүй хариулах хэрэгтэй. Гадаадын 1000 зочин төлөөлөгч ирнэ гэсэн биш хот маань харин нэлээд өнгө орох янзтай. Эвдэрхий зам, замын хашлага, хайс, тэмдэг тэмдэглэгээнээс эхлээд гудамж талбайдаа ширхэг “акурка” ч үгүй болж байх шиг байна. Болж л байна.
Энэ 1000 хүнээс болж харин “Цахилгаан тээвэр” компани хожих нь уу, хохирох нь уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Автобусны компаниуд нь хувьд шилжчихсэн болохоор хэдэн өдөр үнэ төлбөргүй явж чадахгүй л гээ биз дээ. Аж ахуйн тооцоотой, олон нийтийн өмчит улсын үйлдвэрийн газар гэсэн “шошго”-той болохоор нь “Цахилгаан тээвэр”-ийг дээрэлхэж хэд хоног зорчигчдод үнэгүй үйлчил гэсэн юм болов уу. Энэ дөрөв хоногт автомашинуудыг дугаараар нь хязгаарлах болохоор хүмүүст “долигонож” ийм арга хэмжээ авч байгаа юм билээ, хөөрхий. Дараа нь “Цахилгаан тээвэр”-т алдагдлыг нь бодож нөхөн олговор олгох байх л даа. Энэ бас нугалаа гаргаж байгаа хэрэг гэж муу санаалаад болохгүй нь. Мөн үү.
Бас шаардлагагүй бол эвдэрхий ямбий, өнгө үзэмж муутай, утаа тортог хаядаг “эксээл”, “элээнтра”, “аксээнт”-уудаа нэг их унах гэсний хэрэггүй гэж байна. Дарга сайд нар бол өөр. Тэд ихэвчлэн барууны, үнэтэй, үзэмжтэй, том жийпнүүд унадаг болохоор гудамжаар сэлгүүцэж болно. Яахав, манай орон ийм баян гэж гайхуулахад нэмэртэй.
За тэгээд 1000-хан зочинд ингэж сандарч байгаа юм чинь олимп энэ тэрийг бол зохионо гэж саналтгүй. Ойрын хэдэн арван жилдээ олимпийн наадам зохионо гэж онгирохгүй байгаа. Тэгвэл ч Улаанбаатарынхан хуйгаараа хөөгдөж таарна. Бүгд царай муутай, ядуу гэсэн номинациар. Харин далимд нь орон нутаг руу шилжин явагсдын тоо нэмэгдэж магадгүй л юм. Шазруун зарим нь алийн болгон алгын чинээ газарт нэр нүүрээ барж, гологдож шилэгдэж суудаг юм гээд яваад өгч мэднэ. Эсвэл бүр нэг нь эргэж ирэхгүй байж мэднэ. Тэгвэл ч хот төлөвлөлтөд сайнаар нөлөөлнө. Манай дарга нар ухаантай болохоороо энэ зэргийн юмыг сийрэгхэн бодчихоод ойрын 10 жилд олимп зохион байгуулна гэж гүрийнэ дээ, харж л байгаарай.
За даа, хотын удирдлагууд маань нэгэнт ажлын өдрийг амралтын өдөр болгоод орон гэртээ амар гэсэн юм болохоор хэлснээр нь болдог байх даа. Тэр 1000 зочин дунд дэлхийд нэртэй сүртэй улсууд зөндөө байгаа юм гэнэ лээ. Гоё 1000 зочинд муухайдсан нэг сая нийслэлчүүд минь ганцхан удаа дөрөв хоног “барагтайхан” л байж үзэх үү дээ.
URL:




