Хятад бэлгэвчүүдийг хураалаа
Африкийн Гана Улсын Хүнс, эмийн бүтээгдэхүүний хяналтын газраас хийсэн лабораторийн шинжилгээгээр Хятадаас ирсэн бэлгэвчүүд цоороход хялбар материалаар хийгдсэнээс гадна олон тооны жижиг нүхнүүдтэй байгаа нь илэрчээ. Тиймээс тус улсад тараагдаж буй Хятадад үйлдвэрлэсэн 110 сая гаруй бэлгэвчийг хураан авчээ. Энэ тухай Ганын Хүнс, эмийн бүтээгдэхүүний хяналтын газрын төлөөлөгч “Би-Би-Си” агентлагт “Бид Хятадад үйлдвэрлэсэн чанарын шаардлага хангаагүй бэлгэвчүүдийг хураан авсан” гэж хэлжээ. Ганын Эрүүл мэндийн газар ХДХВ/ДОХ- оос урьдчилан сэргийлэх кампанит ажлын хүрээнд дээрх бэлгэвчүүдийг Хятадаас оруулж ирэн байгууллагуудад үнэгүй тараасан байна. Эрүүл мэндийн газрын үзэж буйгаар тус улс Хятадаас 200 сая орчим хуурамч бэлгэвч импортолжээ. Ганын нийслэл Аккра хот дахь “Би-Би-Си”-гийн сурвалжлагч Самми Даркогийн хэлснээр, хуурамч бэлгэвчүүд бүгд нэг шошготой бөгөөд “Вe Safe” гэсэн улаан өнгийн бичиг, ДОХ- ын туузтай, мөнгөлөг цагаан ууттай юм байна. Хүнс, эмийн бүтээгдэхүүний хяналтын газрын Эмийн бүтээгдэхүүний хяналтын хэлтсийн дарга Томас Амезро “Хуурамч бэлгэвчүүдийг Хятадаас Кениэр дамжуулан оруулж ирсэн. Бэлгэвчийг хүн хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд л ашигладаг. Харин энэ шаардлагыг эдгээр бэлгэвч хангахгүй байна. Бэлгэвчүүдэд хүний нүдэнд харагдахгүй зөвхөн микроскопын тусламжтайгаар л харагдах жижиг нүхнүүд байсан. Материалын хувьд ч муу. Дээр нь тослогоо хангалтгүй байсан” гэж хэлжээ. Тус улсад бэлгийн замын халдварт өвчин ялангуяа ХДХВ/ДОХ-ын гаралт тун өндөр хувьтай байдаг аж. Тиймдээ ч Эрүүл мэндийн газар ард иргэдээ хамгаалахын тулд бэлгэвчинд олон сая ам.доллар зарцуулсаар иржээ. НҮБ-ын тооцоогоор 25 сая хүн амтай Гана Улсад 230 мянган хүн ХДХВ/ДОХ-ын халдвар тээж байна.
URL:













