М.Мекаси: Хууль тогтоох байгууллагуудын үйл ажиллагааг нэвтрүүлдэг телевиз хэрэгтэй

big_d1450a2ed14552ed8e989d8f6d6cd95f_xlАрдчиллын төлөөх Парламентчдын чуулга уулзалтын үдээс хойшхи хуралдаан “Ёс зүй болон Хяналт” сэдвээр үргэлжилж, Италийн парламентын гишүүн Маттео Мекаси даргалан явуулж байна.

Хуралдааны эхэнд Мексикийн Конгрессын гишүүн хатагтай Адриана Гонзалес илтгэл тавьсан бөгөөд “Хууль тогтоох засаглал гэдэг нь хамгийн орчин үеийн институци юм. Хууль тогтоох байгууллага нь хууль, тогтоолыг батлах, засаглалд хяналт тавих баталгаа болж байдаг. Хууль тогтоогчдод хариуцлагын үнэ цэнэ гэж байх ёстой. Ард түмэн болон түүний институцууд авилгалын эсрэг бүрэн тэмцэх ёстой. Албан тушаалтны авлигаас бүрэн ангижрахын тулд хуульчилж өгөх хэрэгтэй. Мөн хувийн байгууллагаас татвар авч сонгуульд оролцохыг хориглосон байдаг. Хууль тогтоох байгууллагуудын үйл ажиллагааг нэвтрүүлж байдаг телевизтэй байх ёстой” гэлээ.
Түүний дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-АОХН-ийн бүлгийн дарга М.Батчимэг “Ёс зүй болон хяналт” сэдвээр илтгэл тавьж, парламентын гишүүний ёс зүй нь ардчиллыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй хэмээн онцоллоо. Тэрбээр “Ёс зүй гэдэг нь өргөн цар хүрээтэй асуудал. Өөрөөр хэлбэл, ёс зүй сахина гэдэг хуулийг дээдлэх асуудал юм” гэж онцолсноор илтгэлээ эхлүүлсэн юм. Улмаар олон улсын парламентын гишүүд авлигын эсрэг ажиллаж, жилээс жилд илүү ёс зүйтэй болж байгаа нь таатай хэрэг гээд “Польш улс парламентдаа ёс зүйн хороотой болсон гэж сонссон. Мөн өнгөрсөн жил Киргизд парламентын гишүүний ёс зүйтэй холбоотой хууль, журам баталсан гэж дуулсан. Энэ талаарх туршлагаа бидэнтэй хуваалцана гэдэгт найдаж байна. Ер нь олон улсын парламентын байгууллагууд гишүүний ёс зүйтэй холбоотой хууль баталж ёс зүйн хэм хэмжээг тогтоож, авлигатай тэмцэх академи байгуулж ажиллаж байгаа нь сайшаалтай” гэсэн юм. Манай улсын парламентын хувьд Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд Ёс зүйн дэд хороо байгуулж, найман гишүүнтэйгээр ажиллахдаа парламентын гишүүний ёс зүйн асуудлаар ажиллах үүрэг хүлээсэн. Энэ дэд хороо байгуулагдсанаас хойш гурван удаа хуралдсан бөгөөд саяхан УИХ-ын дэд дарга С.Баярцогт гадаад дахь дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй асуудлыг хэлэлцсэн гэдгийг мөн М.Батчимэг гишүүн дурдав. Мөн УИХ-ын дэд даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргаад байгаа талаар ярьж, парламентын гишүүний ёс зүй ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо.
Төгсгөлд нь энэ хуралдаанаар парламент хоорондын хамтын ажиллагаа сайжирхаас гадна ёс зүйн талаар харилцан туршлага солилцох, тодорхой өөрчлөлтийг бий болгоход чухал ач холбогдолтойг онцолсон юм. Мөн энэ сэдвээр УИХ-ын гишүүн Г.Уянга илтгэл тавьж байна.
Ардчиллын төлөөх парламентын чуулганы дараагийн нэгдсэн хуралдааны сэдэв нь “Чадавхийг дээшлүүлэх, цаашдын хамтын ажиллагаа” байх юм. Энэ сэдвийг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд даргалж, Олон улсын авлигын эсрэг академийн дарга Мартин Кроитнер, УИХ-ын гишүүн, Социнтерны дэд дарга Сү.Батболд, Киргизийн парламетын гишүүн Майрамкул Тиленчив нар илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Н.Гантуяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих