Барьцаалагдсан Р.Гончигдорж

“Алтан гадас”-ын суудал гацаанд орлоо. Цөөнхийн бүлгээс Д.Сумъяабазараар барьцаалж, асуудлыг тав хоногоор хойш татав. Хэрэв намууд зөвшилцөж чадвал хоног хугацаа алдах шаардлагагүй гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдын үгэнд дурьдагдсан юм.
Гэхдээ асуудлын гол нь МАН-д биш АН-д байна. УИХ-ын дэд даргын суудлаас үүдэлтэй нам доторх нанчилдааныг намжааж, фракциудтайгаа зөвшилцсөн гэгдэж байсан Н.Алтанхуяг ажлаа сайн хийж чадаагүй нь чуулганы хуралдааны үеэр тодорхой боллоо.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Та энэ албан тушаалаас нэрээ татчихаач. Албан тушаал болгоныг яагаад заавал “Алтан гадас” авч байх ёстой юм. Энэ фракцийнхан эрх мэдэл, суудлын төлөө явдаг. Тиймээс нэрээ татаж, намынхаа залуучуудад боломж олгооч” хэмээн Р.Гончигдоржийг улайтал хэлж орхив.
Д.Ганбатын хувьд Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон. Х.Баттулгын МоАХ фракцид харьяалагддаг хэмээн улс төрийн хүрээнийхэн тодотгодог. Иймээс дээрх үг Д.Ганбатынх гэхээсээ илүүтэй МоАХ тэр дундаа Х.Баттулгын Н.Алтанхуягт хаягласан ил захидал хэмээн хардах үндэслэл байгаа юм.
Учир нь АН-ын бүлгийн хуралдаанаар фракциуд дэд даргын суудалд хүнээ тавихын тулд улайрч, ширүүхэн маргалдсан удаатай. Тэр дундаа Х.Баттулга “Яахаараа энэ албан тушаал “Алтан гадас”-ынх байх ёстой юм хэмээн зандарсан бол хоосон үлдсэн Р.Амаржаргалд өгчихөөч гэж хөндлөнгийн гишүүд нь шаардсан аж.
Иймээс Н.Алтанхуяг бүлгийн хуралдааныг аргагүйн эрхэнд завсарлуулж, фракциудтай хэл амаа ололцсон гэдэг. Улмаар зөвшилцсний эцэст дэд даргад Г.Батхүүг нэр дэвшүүлэхээр тогтсон ч сөрөг хүчнийхнээс олигтой үг сонсохгүй гэдгээ мэдсэн мань хүн нэрээ татсан юм.
Иймээс “Алтан гадас” фракцийн дараагийн хүн болох Р.Гончигдоржийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа мэдээлсэн билээ. Гэвч АН доторх асуудал намжаагүй байж. Иймээс өөр хоорондоо хэрэлдэж, олны өмнө булайгаа чирэх дөхлөө.
Ямартаа л М.Батчимэг гишүүн фракциудын хоорондох зөрчлөө УИХ-ын чуулганы танхимд оруулж ирж талалцаж байгаад шүүмлэлтэй хандаж, намын нөхдөө зарчимтай байхыг шаардсан юм. Харин өнөөдүүл нь намаа муулж явдаг нөхөр зарчимтай байхыг шаардах нь зүйд нийцэх үү гэх байдлаар үг сөрж харагдсан.
Төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж байсан Р.Гончигдорж гишүүн ч энэ удаагийн боломжийг атгаад алдах сонирхолгүй байгаагаа шулуухан хэлсэн. Түүний хувьд нийгмийн шахалт намынхных нь хүсэлт гэж нөхөддөө учирлалаа. Гэсэн ч Д.Ганбат гишүүн “УИХ-ын гишүүд бие биедээ долигоносон үгийг хэлж байна.
Би бол тэгж чадахгүй. Р.Гончигдорж гишүүн та хэтэрхий ноён нуруутай харагдах гээд асуудлыг бөөрөнхийлдөг шүү. Дэд дарга болсныхоо дараа үүнийгээ засаарай” гэв. Харин гишүүн Ц.Нямдорж, Н.Энхболд нар нэр дэвшигч Р.Гончигдоржийг “таньсангүй”. Тухайлбал, Ц.Нямдорж “Р.Гончигдорж гишүүнийг нэг л таньж өгөхгүй байна.
Д.Чимэд-Осор гуайн бүтээсэн дүрүүдтэй адилхан хүн юм. Одоогийн залуучуудын жолоо цулбуураа алдахад “Боль. Тат. Хуулиа барь” хэлж байх хэрэгтэй. Яагаад СЕХ-ны санал орж ирээд байхад УИХ-ын дарга та “Би хүлээн зөвшөөрөхгүй” гээд сууж байгаа юм.
Энэ УИХ-ын дарга яагаад УИХ-ыг нэг эвэнд оруулж чадахгүй байгаа юм. Би нэр дэвшигчээс нэг л зүйлийг асууя. Та АН-ын “Улаан хамгаалагч” хэвээрээ яваад байх юм уу” хэмээсэн бол Н.Энхболд “Бид олон зүйл дээр санал бодлоо хуваалцдаг.
Гэтэл одоо Р.Гончигдорж гишүүний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь гайхшрал төрүүлэх юм. Миний мэддэг Р.Гончигдорж мөн үү гэж бодогдоод байх юм. Монгол Улсад их муухай жишиг тогтоогоод байгаа юм шигээ” хэмээн ихэд гайхсан байдалтай ёжлов.
Р.Гончигдорж гишүүн “Д.Чимэд-Осор гуайн дүр бол нэг зүйлийг л хоёр талаас нь харуулсан дүр. Болж байгаа бүтэж байгаа юмыг үгүйсгэхээр би хамгаалдаг. Миний агуулга ийм л байна. Би аливаа юмыг тогтоогч биш. Танайх ч бай, манайх ч бай ялгүй байхад яллагчийн байрнаас хандсан байхад би өмгөөлнө. Би яллагч биш” хэмээн хариулсан юм.
АН-ынхны хувьд тахимаа өгөх сонирхолгүй байгаа билээ. Иймээс Сонгино-хайрхан дүүргийн иргэдийн олонхийн саналыг авсан Д.Сумъяабазарыг хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргажээ.
Энэ тухай АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Дахин сонгууль одоо хэрэгжиж байгаа хуулийг зөрчсөн. Тийм учраас Сонгуулийн тойргийн хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан байгаа тул зөв, бурууг нь нотолсны дараа энэ асуудлыг ярья” гэв.
УИХ-ын даргын зүгээс “Долоо хоногийн дараа УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг хэлэлцэх боломжтой. Түүнээс биш энэ долоон хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй” гэж учирлалаа.
Гэсэн ч санал хураалт явуулбал Р.Гончигдорж сонгогдож чадахгүй байх магадлал өндөр байна хэмээн МАН-ын бүлгийн дарга тодотгож, завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм. Ийнхүү Р.Гончигдорж өөрийнхөндөө болон гадныханд барьцаалагдлаа.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: Нийгмийн толь

URL:

Сэтгэгдэл бичих