Оросын 23 иргэн дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ

МОСКВА. /ИТАР-ТАСС/. “Foreign Policy” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий 500 хүний нэрсийн жагсаалтад 23 орос хүн багтжээ. Тэд нь Оросын нэртэй улстөрчид болон томоохон бизнесмэнүүд, цэргийн нэг зүтгэлтэн, бас эрүүгийн ертөнцөд нэрд гарсан нэгэн аж.

Дэлхийд нөлөөтөй хүний тоонд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Сангийн сайд Антон Силуанов, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Оросын Банкны тэргүүн Сергей Игнатьев, Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, Холбооны аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников, Гадаад тагнуулын албаны захирал Михаил Фрадков болон Москва хотын дарга Сергей Собянин нар оржээ. Түүнчлэн ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовийн нэрийг дурдсан аж.

Харин Оросын бизнесмэнүүдээс “Foreign Policy”-гийн жагсаалтад “ЛУКОЙЛ”-ийн тэргүүн Вагит Алекперов, “Ренова”-г эзэмшигч Виктор Вексельберг, Новолипецийн төмөрлөгийн үйлдвэрийн захирлуудын зөвлөлийн дарга Владимир Лисин, “Еврохима” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Андрей Мельниченко, “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер, “Mail.ru Group”-ийг хамтран эзэмшигч Юрий Мильнер, “Новатэка” компанийн захиргааны дарга Леонид Михельсон, “Интеррос” холдингийн тэргүүн Владимир Потанин, “Роснефть”-ийн ерөнхийлөгч Игорь Сечин, хөрөнгө оруулагч Алишер Усманов болон “Альфа-Групп”-ийг хамтран эзэмшигч Михаил Фридман нар багтсан байна.

Эцэст нь Сергей Шнайдер гэх өөр нэрээрээ алдартай Семен Могилевичийг сэтгүүл нөлөө бүхий хүнээр хүлээн зөвшөөрөв. “Foreign Policy” сэтгүүл түүний эрхэлдэг ажлыг “мафийн босс” гэж тодорхойлжээ. АНУ-ын ХТМТ түүнийг эдийн засгийн цуврал гэмт хэрэгт холбоотойгоор хамгийн их эрэн сурвалжлагдаж буй 10 гэмт хэрэгтний жагсаалтад оруулсан байдаг.

Цагаан толгойн үсгийн дарааллаар гаргасан жагсаалтад америкчууд давамгайлж байна. Америкийн нийт 142 иргэн жагсаалтад оржээ. Жагсаалтад ердөө 50 эмэгтэй багтсан байна.

/Монцамэ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих