Их, дээд сургуульд элсэхдээ монгол хэлний шалгалтыг заавал өгнө
Монгол хэлний нэгдсэн нэг дүрэмтэй болох, их, дээд сургуульд элсэн суралцах сурагчдаас Монгол хэлний шалгалт авдаг болох зэрэг нэлээд хэдэн ажлыг БШУЯ-наас зохион байгуулан ажиллаж байгаа.
Энэ талаар БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас тодрууллаа.
-Монгол хэл, бичгийн асуудлыг цэгцлэх үүднээс олон ажил зохион байгуулж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Монгол хэлний асуудлыг цэгцлэх үүднээс Засгийн газрын 2013 оны 37 дугаар тоот тогтоол гарсан. Уг тогтоолын гол зорилго бол монгол хэлний чадвар, хэлний нэгдсэн дүрэм, нэгдсэн толь бичиг гаргах, бүхий л шатны боловсролын Монгол бичиг, эх хэлний боловсролын асуудлыг чанаржуулах сайжруулах зорилготой юм.
Ер нь тухайн хүний суралцах, цаашлаад бусадтай харилцах харилцаа, ажлын бүтээмж зэрэг бүх зүйл өөрөө эх хэлний чадвар дээр суурилж байдаг. Тиймээс ч хүүхэд залуучуудын суурь чадвар нь эх хэл, бичгийн чадвар байдаг. Учир нь хэл бичгийн чадвар муу байвал судалж, ойлгож мэдэхгүй дүгнэлт хийж чадахгүй.
Тиймээс тухайн хүүхдийн цаашдын хөгжил төлөвшил, боловсролд эх хэл бичгийн боловсрол зайлшгүй чухал үүрэгтэй байдаг. Тэр утгаараа бага боловсролд олгож буй монгол хэл, бичгийн хичээлийг хүүхдүүдэд илүү сонирхолтой, чадварт нь суурилсан байдлаар хөтөлбөр боловсруулсан. Түүнчлэн сургуулиудад БШУЯ-наас эх хэл, бичгийн чиглэлд илүү анхаарлаа хандуулан ажиллах үүрэг өгөөд байгаа.
-Их, дээд сургуульд элсэн орох хүүхдүүдээс заавал Монгол хэлний шалгалт авдаг болох гэж байгаа гэсэн. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Нийт ерөнхий боловсролын сургууль төгсөгчид их, дээд сургуульд элсэгчдийн хувьд эх хэлний шалгалт өгч байж суралцах эрхээ авахаар болсон. Уг шалгалтыг 2013-2014 онд буюу ирэх хичээлийн жилээс авна.
-Уг шалгалтыг жилд хэдэн удаа авахаар төлөвлөж байгаа вэ?
-Шалгалтыг уян хатан байдлаар авдаг байхаар төлөвлөөд байгаа. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуульд суралцах эрх авах эх хэлний шалгалтыг төгсөгчид хүссэн үедээ өгөхөөр нээлттэйгээр зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Шалгалтыг манай Боловсролын үнэлгээний төв зохион байгуулна.
-Эх хэлний боловсролын асуудлыг чанаржуулах, сайжруулах ажлын хүрээнд өөр ямар ажил хийгдэх вэ?
-Уг ажлын хүрээнд өнөөдрийг хүртэл явагдаж ирсэн Монгол хэлний зөрүүтэй өөр, өөр байр суурьтай дүрмийн тайлбар, толь бичгийн тайлбарууд гэх зэргийг жигдэлж Монгол Улс монгол хэлнийхээ, хэл бичгийг нэг дүрэмтэй, нэг толь бичигтэй болохоор төлөвлөн ажиллаж байгаа.
Энэ талаар БШУЯ-ны сайдын тушаал гарсан байгаа. Уг тушаалын дагуу Монгол хэл, бичгийн дүрмийг нэг болгох, нэгдсэн нэг толь бичигтэй болгох хоёр ажлын хэсэг ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол үндэсний Монгол хэл, бичгийн эрдэмтдээс бүрдсэн хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа.
Тиймээс ирэх хичээлийн жил гэхэд ямар ч байсан өнөөдрийг хүртэл цэгцгүй явж ирсэн судлаачдын зүрүүтэй ойлголтуудыг нэгтгэж, Ц.Дамдинсүрэн гуайн толь бичиг дээр суурилуулан хэн нэгэн зохиогчгүй нэгдсэн том толь бичгийг бий болгох болно. Тиймээс цаашдаа Монгол хэл, бичгийн хүрээнд МУИ С-ийн, БИС-ийн гэх зэргээр өөр өөр дүрэм үйлчлэхгүй. Зөвхөн нэгдсэн нэг дүрэм үйлчилнэ.
-Хэл, бичгийн эрдэмтэд нэлээд зөрүүтэй байр суурьтай байдаг. Тэдгээр эрдэмтэд бүгд нэгдэж баг бүрдүүлэн ажиллаж байгаа юм уу?
-Байр суурийн зөрүүтэй байдаг эрдэмтэд зөвлөлдөн, хэлэлцэж нэг баг болон ажиллаж байгаа. Ер нь сүүлийн үед эрдэмтдийн санал зөрдөг байдлаас болж Монгол хэл, бичгийн тал дээр нэлээд асуудал үүсдэг болсон. Тиймээс ч Монгол Улсын гол үнэт зүйл болох эх хэлнийхээ дүрмийг цэгцэлж байгаа юм. Энэ асуудал олон жил яригдаж байсан ч өнөөдрийг хүртэл цэгцрээгүй байсан. Бид уг асуудлыг одоо нэг тийш нь шийдэж, нэг зарчим, нэг ойлголт, нэг шийдэлд хүрнэ.
Ж.Отгонмягмар

URL:













