Олон улсын эмч нар Монголд анх удаа улаан хоолойн хавдрын мэс засал хийнэ
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын /ХАХНХ/-ын дэд сайд Э.Тамирын санаачлагаар НҮБ-д зөвлөхийн зэрэгтэй АНУ-ын “Вертчуе Фаундэйшн” байгууллагын олон улсын эмч нарын баг Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, ЭНЭШТ-д 14 хоног ажиллахаар ирлээ.
Нүдний бүх төрлийн эмгэг, нярайн эрчимт эмчилгээ, хавдрын мэс заслын чиглэлээр ажиллахаар 16 нарийн мэргэжлийн эмч нар тав дахь жилдээ ирж байгаа юм. Энэ жилээс эхлэн Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгийн иргэдийг хамрах төлөвлөгөөтэй байгаа аж. Эмч нарын баг баруун аймгийн нүдний эмгэгтэй хүмүүсийг эмчлэх, Ховд аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч нарыг чадавхижуулах төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
АНУ-аас нүдний дурангийн гурван аппарат оруулж, Ховд аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд олгож байгаа нь баруун аймгийн иргэд Ховд аймагт очиж нүдний орчин үеийн мэс засал хийлгэх бүрэн боломжтой болжээ. Эмч нарын баг Нэгдүгээр эмнэлгийн нүдний тасагт хараа сэргээх, хялар, нүдний даралт, болорын мэс засал, ЭНЭШТ-д нярайн эрчимт эмчилгээ, зүрхний мэс засал, Хавдар судлалын үндэсний төвд толгой, хүзүү, нугасны мэс засал хийх юм. “Вертчуе Фаундэйшн” байгууллагын дэд ерөнхийлөгч, нярайн эрчимт эмчилгээний эмч, доктор Жонн Ларовере “Монголд өмнө нь хэзээ ч хийж байгаагүй мэс заслыг хийнэ. Улаан хоолойны хорт хавдартай хүмүүс мэс заслын дараа ярих чадваргүй болсон байдаг. Маргааш мэс засалд орох нэг өвчтөн бий.
Тэр хүн сүүлийн11 жил ярьж чадаагүй, түүнд хагалгаа хийж, жижиг аппарат суулгана, улмаар мэс заслын дараа ярьж чаддаг болно” гэв. Эмч нарын баг энэ сарын 23-наас эхлэн ирэх сарын 1-нийг хүртэл Ховд аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд малчин иргэдэд зориулан нүдний оношлогоо, бүх төрлийн хагалгаа хийхийн зэрэгцээ орон нутгийн эмч нарын ур чадварыг дээшлүүлэх, цаашид бие даан эмчилгээ, оношлогоо, мэс засал хийх чадварыг эзэмшүүлэх сургалт семинар зохион байгуулах юм. Олон улсын эмч нарын баг 2012 онд Ховд аймагт 14 хоног ажиллахдаа Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн 800 гаруй иргэдэд нүдний онош тогтоох үзлэг хийж, 175 иргэнд мэс ажилбарын үйлчилгээг үнэ төлбөргүй хийжээ.
Ж.Болор
URL:













