С.Молор-Эрдэнэ: Бурхан байх хэрэгтэй
-Бурхан гэж бий юу. Хүмүүс бурхан гэж яг юуг хэлээд байна вэ?
-Бурхан гэж байгаа. Бурхан хүний болоод энэ ертөнцийн амьдралд маш чухал. Бидний цаашид ч ярих ёстой гол сэдэв бол бурхан. Монголын бурхан гэж байхгүй шүү дээ. Тиймээс Монголчууд бурхантай болох ёстой. Одоохондоо Монголын бурхны байранд Чингис л байна.
-Будда монголын бурхан биш үү?
-Биш. Будда бол Энэтхэг, Түвд гэх мэт манайхаас урдуур оршдог азийн орнуудын л шүтээн. Тэдний соёл амьдрал, байгаль орчинтой нь будда их гоё зохицдог. Харин хатуу ширүүн уур амьсгалтай, ааг омогтой монголын ард түмэн арай өөр бурхантай байх ёстой.
-Яагаад?
-Яагаад гэхээр халуун оронд мах идэхгүй ус уугаад, талхаа идээд байж болно. Гэтэл монголд тэгж амьдарч болохгүй. Христийн шашин болохоор Европын орнуудын бурхан. Гэтэл бидэнд монгол хэлээр ярьдаг.
Монгол ном судартай, монгол хэл дээр засал номоо хийдэг монголын бурхан гэж байхгүй байна. Тэгэхээр бид өөрийн гэсэн бурхантай болох нь л чухал болоод байна. Би энэ талаар дорвитойхон бүтээл хийе гэж бодож явдаг.
-Бид эцэг дээдэсдээ сүсэглээд, засал номоо хийлгээд л өнөөг хүрч байгаа шүү дээ?
-Гандан дээр очиход надад харамсалтай санагддаг. Яагаад гэхээр түвдээр номоо уншаад байдаг. Монгол хэлээр унших нэг ч ном байхгүй. Уг нь засал номоо монгол хэл дээр унших юм бол бидний тархинд зөвөөр нөлөөлөх ёстой. Үг гэдэг бодолтой хамаатай. Бид үгээр боддог. Гэтэл түвд үгээр ном уншуулаад байхаар хэзээ ч бодол, сэтгэлийн хөдлөл явагдахгүй.
-Хүмүүс ойлгоод л маань, мэгзэм уншаад байдаг юм шиг санагддаг?
-“Ум ма ни бад ми хум” гэдэг чинь түвд үг учраас сэтгэлд тэр бүр хүрдэггүй. Уг нь “ум ма ни бад ми хум “ гэдэг нь муу муухайгаас салаад сайн сайхан болох боломжтой гэсэн утгатай үг. Мөн чанар нь хэн ч цэвэршиж, ариусч сайн сайхан болох үүд хаалга нээлттэй шүү гэдгийг л хэлээд байгаа юм.
Яг ингээд монголоор хэлж тайлбарлаад байвал бидний оюун ухаан, сэтгэлд суугаад амьдралд зөвөөр нөлөөлнө. Тэгээд хаа нэг газар явж байгаад ажил бүтэхээ болиход нөгөө сэтгэлийнхээ тэнхээг чангаруулах үгээ санана шүү дээ. Тиймээс бурхан ярьж эхэлнэ гэвэл хамгийн түрүүнд өөрийн гэсэн бурхантай болох ёстой.
-Гэхдээ таны аав ээж тодорхой хэмжээгээр шүтэж ирсэн. Тэгэхээр өнөөгийн шүтээн бидний оюун ухаанд байгаа юм шиг надад санагддаг?
-Үгүй. Түвд хэлтэй учраас оюун ухаанд түвдийн ном, судар нөлөөлөөгүй. Харин зураг нь бидэнд танил болсон. Тийм учраас нэг талаараа түвд шашныг монгол хэл дээр буулгаагүй нь бидэнд ашигтай. Яагаад гэхээр тийм муухай мухар сүсэгт монголын ард түмэн орчихоогүй байна.
Хэл өөр болохоор. Одоо христийн шашин хүмүүст их ойр болсон. Учир нь ертөнцийн эзэн, шинэ гэрээгээ монгол хэлээр буулгачихсан болохоор хүмүүс ойлгоод байна. Тиймээс хэл гэдэг маш чухал.
-Таны бодлоор монголын ард түмэн өөрийн гэсэн бурхантай болох ёстой юм байна. Тиймээс яаж болох уу?
-Яагаад бурхан байх ёстой юм, яагаад байлгах гээд байгаа юм гэхээр бидний бүх болж бүтэхгүй зүйл бурхангүйтэй л холбоотой. Хилийн зааг дээр байгаа сумын ажилгүй иргэний архидалт, нийслэлд байгаа саарал ордон хоёрын хооронд л нийгэм бужигнаж байна шүү дээ. Гэтэл бүгд бурхангүй.
Ордонд ч бурхан байхгүй, захын сумд ч бурхан байхгүй. Чиний яриад байгаа чинь бурхан биш нэг л сүм шүү дээ. Гэхдээ амьдралд орж ирээгүй. Яахав эмээ өвөөгөө ярьж болно. Гэхдээ тэдний үе өнгөрчихсөн. Одоо интернетэд сууж байгаа хүүхдүүдэд буддын шашин ярих юм бол ойлгох ч үгүй, хүлээж авах ч үгүй.
Яагаад бидэнд бурхан хэрэгтэй вэ гэхээр бидний түүх, үндэс угсааг тээж явах дээдийн дээд зүйл хэрэгтэй болоод байна. Нөгөө талаасаа хамгийн үлгэр жишээ. Бид бурхнаас сурах ёстой. Яагаад гэхээр бурхны амьдрал, сахилга бат, ёс суртахуун, зан чанар, мэдлэг боловсрол, хайр энэрэл нь дээдийн дээд болохоор.
-Одоогийн шүтээд байгаа будда ч бай христ ч бай бүгд хүний бүтээл гэдэгтэй санал нийлэх үү?
-Үгүй. Тиймээс бид өөрийн монгол бурхантай болох хэрэгтэй. Христ тэгж хэлсэн гэж номлодог. Манайхан ч гэсэн Чингис тэгж хэлсэн гэж бичээд л байдаг. Гэхдээ хэзээ ч Чингисийн хажууд суугаад хэлсэн үгийг нь тэмдэглээд авчихсан хүн байхгүй л биз дээ. Монгол хүн төрлөө.
Тэгээд хүүхэд байхад нь аав, ээж нь бурхныхаа сургаалыг хэлэх ёстой. “Манай монголын бурхан бол маш их тэвчээртэй. Тиймээс чи бурхан шиг тэвчээртэй болох хэрэгтэй.” Гэх мэтээр багаасаа монгол бурхантай нь ойртуулж, үлгэр дууриалыг нь заах ёстой.
Мөн сургаал ном, айлдварыг нь тогтмол биед нь өгч явуулж хаа явсан газраа түүнийгээ харж алдаагаа засч, залруулахад нь зориулах үүрэгтэй байх нь чухал.
-Шашны гарын авлагыг хүн бүхэн л уншиж байгаа харагддаг шүү дээ. Тэгэхээр ойлгохгүй гэж болохгүй байх аа?
-Супер маркетаас христ, буддагийн хэрэгтэй хэрэггүй жижиг танилцуулга аваад уншчихаж байна. Мөн нэг хэсэг нь өөр шашин гэх нэр зүүсэн шашны хэв хэмжээнд хүрээгүй юм шүтэдэг. Нэг ийм бужигнасан хөл толгойгоо олохгүй хоёр сая гаруйхан хүн байна шүү дээ. Тиймээс одоо цэг тавьж өөрийн гэсэн шүтлэгтэй болох хэрэгтэй.
-Өв соёл талаас нь үзвэл ?
-Бидний хувьд өв соёл гэж нарийн ширийн юм байхгүй. Бидний өвөг дээдэс малчин, малаа дагаж нүүж суудаг хүмүүс. Тиймээс бидний хөгжим гэж яригдаад байгаа морин хуур ч гэсэн тээж явахад хөнгөхөн шүү дээ. Хэрэв төгөлдөг хуур байсан бол авч явахад хэцүү биз дээ. Дуу ч гэсэн хөнгөн шингэн байгаль орчинтойгоо тохирсон.
Нэг их айхтар соёл ярьж болохгүй. Хот газрын гайхуулах соёл бидэнд байхгүй. Түрэгээс хойш хот суурин устаад соёл гээд байх юмгүй болсон. Чингис хаан дандаа дайн хийж олон зуун жил тэнэж яваад л ирсэн шүү дээ. Бидний түүх соёл гэхээсээ илүүтэйгээр дайнтай их холбоотой.
-Монголоороо бид их бахархдаг. Таны хувьд?
-Бидний хаяг бол монгол. Гэхдээ маш бүдэг. Гарцаагүй хэл л монгол. Дээл хувцас, хөгжим зэмсэг гээд ихэнх нь холилдчихсон гэж би ойлгодог. Яг одоо бид үндэстэн болж чадаагүй. Удам угсаагаа ярих юм бол монгол гэж ярих нь зөв. Гэхдээ Монгол гэдэг нэр их сүүлд гарч ирсэн.
Хүннү, Сүннү гэж явж байгаад монголын түүх сүүлд эхэлсэн. Яахав Чингисийг л дагаж монгол гарч ирсэн. Тэгэхээр чи бид хоёр Чингисээс үлдсэн үлдэгдэл шүү дээ. Монгол үндэстэн гэх баталгаа бидэнд алга. Иргэний үнэмлэх дээр ч монгол үндэстэн гэж бичээгүй шүү дээ.
-Гэмт хэргийн шинжтэй шашны урсгал байдаг гэдэгтэй санал нийлэх үү?
-Зүгээр нэг жишээ татахад Мүүний шашин байна. Энэ бол хүний тархи толгойг угааж, охидыг бузарласан гэмт хэргийн шашин. Мөн чанартаа бол дээр хэлсэнчлэн шашин биш байхгүй юу.
Энэ шашны асуудлыг төр шийдэж чадахгүй байгаа. Мөн гэр бүлийг их устгаж байна. Яадаг вэ гэхээр эхнэр нь хувцас тараана гэхээр нь очоод нэг хачин шашинд орчихдог тэгээд л хамаг аз жаргалаа хөмөрч хаяж байна. Бидэнд ямар ч оюуны дархлаа байхгүй болчихсон.
Хэнд ч хамаагүй очоод л тархиа нээгээд хэрэгтэй хэрэггүй юмаар толгойгоо дүүргэчихдэг. Тиймээс шашныг төрийн хэмжээнд ярих асуудал болчихоод байна.
-Бөөгийн шашны талаар Та ямар бодолтой явдаг вэ?
-Бөө бол бидний удам, түүх, соёлын гол анхдагч шашин. Буддын шашин гарч ирээд бөөгийн шашинг устгасан түүх бий. Одоогийн бөө хэрэглэх хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Уг нь орчин үеийн сэдэв ярих хэрэгтэй.
Гэтэл манай бөө нар ардчиллын үед л эмээ, өвөөгөөсөө үлдсэн нууж, хадгалж байсан хувцсыг өмсөөд л гараад ирсэн. Уг нь бөө нар хөгжсөөр байгаад нийлээд сүм байгуулж, олноороо уншлага хийдэг болох ёстой. Гэтэл тийм зөв замнал, орчин үеийн хөгжлөөрөө явж чадахгүй байна.
-Нэг хэсэг хүмүүс бурхан байхгүй гэж үздэг. Үүнд ямар хариулт өгмөөр байна?
-Бурхан байхгүй гэдгийг хэн мэдэж байгаа юм. Хүн төрөлхтөн бурхан байгаа гээд шүтэж байна. Эцсийн эцэст бидний хамтын амьдрал л сайн сайхан байх нь чухал болохоос биш бурхан байх, байхгүй нь сонин биш. Би иргэнийхээ хувьд бурхнаа хайгаад монгол бурхантай болох гээд явж байна.
Гол нь бид өөрийн гэсэн бурхангүй учраас л хамаагүй ярьж байна. Бурхан гэдэг зүйлтэй маш хүмүүжилтэй, боловсролтой харьцах хэрэгтэй. Хэрвээ хэн нэгэн надад бурхан гэж байдаггүй гэж хэлэх юм бол тэр хүнтэй би дараа уулзахгүй. Яагаад гэхээр тэр хүнд айх, эмээх, ёс суртахуун байхгүй байна.
-Бурхан үхсэн гэж нэг удаа би сонсч байсан юм байна. Тэгэхээр бурхан үхдэг болов уу?
-Тийм түүхэн яриа байдаг. Ницше хэмээх суутан тэгж хэлсэн юм. Яагаад бурхан үхсэн гэж хэлсэн гэхээр 20 дугаар зууны эхэнд капитализм хөгжөөд техник технологи гарч ирээд хүний амьдрал маш хэцүү байдалд орж байсан. Дайн болж л нэг нэгнээ алах харгислал явагдаж байсан.
Тэр үед Ницше “Хүн төрөлхтөн ийм муухай харгис болчих гэж. Бурхан байхгүй болчихож дээ хөөрхий” гэж бурхныг үгүйлж хэлсэн байдаг. Үүнтэй адил бид нар ч бурхныг өөрснөө үхүүлчихсэн байна. Ёс суртахуунгүй зэрлэг, хүн чанараа алдаж байгаа нь бурхнаа үхүүлсний жишээ.
Тиймээс л би бурхантай болох нь чухал гэж хэлээд байгаа юм. Монгол орон бурхангүй бол хэзээ ч хөгжихгүй. Бид мөнгөтэй болоод юм уу баян болоод амьдрал хэзээ ч тайвшрахгүй. Харин ч нүгэл нэмэгдэнэ. Тиймээс монголын нэгэн дээд бурхантай болох юм бол амар амгалан болно.
-Уул ус, газар дэлхийг бурхантай холбож ойлгож болох уу?
-Бүгдийг болно. Ерөнхийдөө бурхан уул ус газар дэлхий, зүрх сэтгэлийг жолоодно. Хүн бүхэн дотроо бурхан яваа л гэж бодох хэрэгтэй. Тэр бурхнаа гаргаж ирэхгүй дараад байна. Тиймээс гадагшаа уул уурхай газраа ухаж төнхөж, мод бутаа гэмтээж, ан амьтныг устгаж байна.
Тэгэхээр энэ бүхнийг зогсоох бурханаа л ил гаргах хэрэгтэй. Үнэндээ өөрийн гэсэн бурхнаа буй болгож чадаагүй болохоор л бурхны тухай замбараагүй ойлголт яваад байна.
-Энэ бүхнийг Таны үзэл бодол гэж ойлгож болох уу?
-Болохгүй. Үзэл бодол гэдэг чинь шал өөр. Чи бид хоёр монгол хүн учраас нэг л үзэл бодолтой байгаа. Яагаад гэвэл бид хоёрын түүх, гарал, хэл, соёл, нутаг нэг. Гэхдээ боловсролын төвшин өөр байж болно.
Монголчууд бид хоорондоо ертөнцийг үзэх үзэл өөр гэж яриад байдаг. Энэ бол буруу зүйл. Харин орос, монгол хоёр хүн байх юм бол өөр өөр үзэл бодолтой байж болно.
-Таныг олон ном уншсан гэж сонссон. Ер нь ном уншихын гол утга учир нь юу вэ?
-Би яах гэж ном уншиж байгаа юм. Бас яагаад ном бүтээгээд байна гэхээр монгол бурхнаа л хайгаад байна. Эцсийн эцэст нэг л бурхантай болох гээд яваад байна. Тэгвэл би тайвширна. Би ч биш зон олон тайвширна. Бид ярьж хэлэлцэж байж бурхнаа тодорхойлох ёстой.
Насанд хүрсэн хүмүүс үүнийг хүлээж авахад маш хэцүү. Харин хүүхдүүдээ багаас нь сургачихвал хэдэн жилийн дараа өөрийн гэсэн шүтээнтэй болоод өсчихнө. Улс орон маань үлгэр жишээ байх тийм шүтээнтэй болох хэрэгтэй.
В.Нэргүй
Эх сурвалж:

URL:












