Үймээн самуунд турхирсан 24 блогчийг баривчиллаа
Туркийн хууль сахиулах байгууллага “Олон нийтийн сүлжээгээр төр засгийн эсрэг суртал ухуулга хийж, олон нийтийг үймээн самуунд өдөөн турхирсан” хэмээн 24 блогчийг Измир хотноо өчигдөр баривчлан саатуулжээ. Баривчлагдсан блогчид бүгд 25-аас доош настай залуучууд аж.Хувийн компьютериийг нь шалгах үед тэдний хууль бус үйлдлүүд баримтаар нотлогдсон гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна. Тэднээс гадна 14 блогчийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган өмнө нь Twitter цахим сүлжээг “Тайван байдлыг алдагдуулагч, худал хуурмаг мэдээллийг тараадаг” гэж хэлж байсан юм.
Өнгөрсөн мягмар гарагт Анкара хотноо болсон жагсаал эмх замбараагүй байдал болж хувиран 787 хүн хохирсонтой уг баривчилгаа давхацсан байна. Долоо хоногийн өмнө Станбулд болсон жагсаалын үеэр 76 хүн баривчлагдаад байсан билээ. Гэхдээ тэд одоо бүгд суллагдсан гэсэн мэдээллийг Туркийн Цагдаагийн газраас өгч байгаа юм.
Сүүлийн долоо хоногт Турк даяар төр засгийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал болж байгаа бөгөөд гурван мянга гаруй хүн ямар нэг байдлаар хохирчээ. Мөн хоёр хүн амь үрэгдсэний нэг нь галт зэвсгийн нөлөөтэй нас барсан аж.
Х.Сайхан
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:





