Туулын тухай яриа
Улсын их худалчдын ээлжит хуралдааны тэмдэглэл-
Хаврын адаг сарын шинийн 18-ны могой өдөр Улсын их худалчдын Байгаль орчны тухай бурах хорооныхон ээлжит хурлаа хийв. Тэд энэ удаад хэзээ ч дуусашгүй, дундаршгүй арвин их асуудалтай сэдэв болох Туул буюу туйлдсан голын хувь заяаны асуудлаар баахан дэмий чалчихаар тогтжээ. Ойрмогхоноос тэдний худал хуралдах сэдвүүд хэтэрхий олдсон учир ирц нь бүрдэж өгөхгүй тун чиг зовоож байгаа ажээ.
Тиймээс Байгаль орчны талаар бурах хорооныхны заримд нь гадаадад очиж панаал үсэргэх эрх өгнө энэ тэр гэж байж арай гэж цуглуулан далан худалчдын хурлаа эхлүүлэв. Хуралдааны эхэнд Байгаль хамгаалахаар бурж, жуулчдаас мөнгө саах асуудал эрхэлсэн сайд болон Улаанбаатар хэмээх дэлхийд байхгүй утаат хотын орлогч дарга хоёр хөөрхий Туулын нүд хальтирмаар дүр төрхийн талаар ээлжит тайлангаа тавив. Туйлдаж амьсгаа нь тасарсан Туул ахайтны өнөөгийн байдлыг оношилж өнгөт рентген зураг авах усны шүүрлийн судасуудыг нь будагч бодисоор тогтоох, гаднаас халдаж буй хүчин зүйлүүдийг нь уснаас нь авсан шинжилгээгээр тогтоохоор гадагш нь явуулж хариуг нь авах гэж хамаг хөлсөө урсгаснаа эхэнд нь тодотгов.
Тэгээд тайландаа өгүүлрүүн “Ерөөсөө энэ үзэсгэлэнт сайхан Туул голыг маань усгүйдүүлж байгаа мондинууд бол энэ ус хэрэглээд байгаа нийслэлийн ард түмэн юм байна. Энэ л хамгийн гол буруутай шалтгаан болохыг дөнгөж сая л мэдлээ. Бид ч яахав гаднаас өндөр өртөгтэй импортын ус ууж бараг түүгээрээ усанд орж байгаа улс. Энэ ард түмэн нь л Туулын усыг хамжаараггүй их хэрэглэж дуусгаснаас гол маань ширгэжээ. Жилд 53 сая шоо метр усыг ховх сордог гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо Туулыг урсдаг болтол нь тэдний орон сууцных нь усны цоргыг хааж гэр хороолол гэдэг сонин газарт амьдарч байгаагийнх нь худгийг цоожилъё” гэв.
Үүнийг сонссон хотын орлогч дарга “Ура” хашгиран босч дөрвөн мөчөө өргөн алга, хөлийн ул хоёроо зэрэг ташив. Үүний дараа Улсын их мэдэгчдийн Байгаль орчны тухай бурах хорооныхон дэмий балай юм асууж тэднээс хошин шогийн үзэгдэлт хариуг авах хамгийн чухал ажилдаа оров.
Улсын их мэдэгч-1: -Ингэж болж байна уу, хамсаатнуудаа. Тэр ард түмэн гэдгүүд чинь тэгээд хатаж үхвэл яана. Тэдэнгүй бол амьдрал басл утгагүй болох байхдаа?
Хариулт: -Өө тэнэг юм уудаа. Юу гэж тэднийг бүр үхтэл нь хатаах вэ. Бид 300 сая төгрөгөөр . жаахан бохирдуу устай цөөрөм байгуулах гэж байгаа. Тэндээсээ арай үхүүлчихгүйхэн шиг ундаалаад байна шүү дээ. Тэгээд бас Туулдаа крант тавина. Тэгээд өөрсдөө гадаадаас ирэхээрээ онгойлгож урсгачихаад гадаад явахаараа хаачихна.
Улсын их мэдэгч-2: -Үгүй ер нь энэ Туулын тухай өчнөөнл жил ярьлаа. Эцсийн эцэстэнэ гол хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу гэж бодогдоод байгаа шүү. Тэртээ тэргүй энэ сайхан оронд маань гүний ус зөндөө байгаа юм бишүү. Голынхоо сайрт сайхан байшингууд барьчихвал хотын төвд газаргүйн зовлонгоос ангижрах бус уу?
Хариулт: -Дуу гэж. Яасан байгаль орчиндоо хайргүй юм. Тэгээд ч энэ голыг чинь дуртай, дургүй урсгаж байхгүй бол гадны хандивлагчид мөнгө өгөхөө байдаг юм байгаа биз дээ. Тэгвэл бидний болон бидний ах дүүгийн талхны мөнгөнөөс хасагдана.
Улсын их мэдэгч-3: -Хүүе ээ. Бидний нөгөө идэж, уусан юмныхаа үлдэгдлийг урсгадаг хоолойноос гарсан бохирыг Туулд шууд урсгачихаар чинь энэ гол ийм болохгүй яадаг юм бэ. Тэр нөгөө цэвэрлэх байгууламж ч билүү тэр чинь хамгийн чухал юм байна гэдгийг би АНУ-д хулгайн томилолтоор явж. байгаад мэдсэн шүү. Тэрийгээ янзалчихаж болохгүй юм уу?
Хариулт: -Манай хотод чинь Налайх, Харгиа, Сонгино, Төв цэвэрлэх байгууламж гэсэн дөрвөн ус цэвэрлэдэг байшин бий. Тэдгээр нь дандаа тал дутуу цэвэрлэж байгааг зарим ард түмэн мэдчихээд бичиг цаас болоод л байдаг юм. Бас нэг гаднын тусламж авах арга чинь энэ шүү дээ. Тэгэхээр 100 хувь цэвэрлэдэг болгох нь бидэнд хохиролтой.
Улсын их мэдэгч-4: -Их худалчдаа бид Туул сэдвээр олон жил буу халлаа. Тэр эргээс нь хамаг хайрга, чулууг нь зөөдгөөс ус нь багасч байгааг би бас мэдсэн шүү. Муу ч үгүй арван жилд “Түмэн бодис” гэдэг номноос ганц нэг хуудсыг нь уншиж байсны хувьд мэдээд байна. Тэднийг болиулчихаж болохгүй юу?
Хариулт: -Хайрга, чулуу зөөж байгаа болдоггүй 48 компанийн 14-ийнх нь лицензийг цуцласан. Үлдсэнийг нь болиулах гэхээр энэ голын эрэг дээр босох харшууд маань түүхий эдгүй болох гээд байна шүү дээ.
Улсын их мэдэгч-5: -Нөхөд өө. Энэ Туул голд загас ер нь байна уу. Саяхан манай ач Туулд очиж загас үзнэ гээд суулгадаггүй шүү. Би Туулын загаснууд бөөнөөрөө амиа хорлосон учир байхгүй гэсэн чинь тас зөрөөд. Тэгээд АНУ явж Номхон далайн эргээс загас үзүүлнэ гэж байж нэг юм саллаа?
Хариулт: -Ачийгаа яг зөв аргалсан байна. Одоо загас байлаа ч муу усанд амьдардаг террорист загаснууд л бий. Ачийн тань эрүүл мэндэд аюултай.
Энэ мэтээр бурсаар Улсын их мэдэгчдийн хуралдаан нэг мэдсэн гурван цаг үргэлжилчихжээ. Тэгээд ам нь цангаж, гэдэс нь өлссөн гишүүд бор ходоодоо болгосныхоо дараа хаа нэгтээ очиж их мэдэгчээ хийхээр тал тал тийш одов оо.
Ө.Батхүү
зууны мэдээ
URL:













