Гамбуушийн талаархи Гей мисс Энхриймаагийн бодол
Зургадугаар ангийн сурагч байхдаа анх би Гамбууш гэдэг хүний ярилцлагыг шар хэвлэлийн хуудаснаас уншиж билээ. “27 залууд зэрэг хүчиндүүлж байлаа” гэсэн гарчигтай. “Манин”, “хос эрхтэн”, “эрчүүдийг сексээр галзууруулна” гэхчилэн шинэ соргог хэрнээ огт мэдэхгүй мэдээлэл, үг хэллэгийг ихэд сониучирхан уншсан санагддаг.
Даанч ээжийн минь найз тэр ярилцлагыг уншиж суугааг олж харчихаад их л хатуу зэмлэсэн юм даг. “Өдий багаасаа ийм гаж сонин юмны элий балай ярилцлагыг уншаад яавч хэрэгтэй зүйл болохгүй” гэсэн нь одоо ч ой тойнд тод байна.
Гэхдээ би өнөөдрийг хүртэл Гамбуушийг муу хүмүүсийн тоонд багтааж боддоггүй юм. Нийгмийн элдэв бусын гадуурхалтыг тэр хэцүү цаг үед бараг л ганцаараа сөрөн туулаад энд хүрчихсэн гэдгээс эхлээд тэр их зоригтой хүн байх. Түүнийг нь хувьдаа үнэлдэг.
Харин өнөөдөрт хүрсэн замналаар нь бол бахархдаггүй. Хүн өөрөө л зөв явбал аяндаа зөв орчин, уур амьсгал, хүрээлэл үүсдэг юм шиг. Гэтэл Гамбуушийн олон янзын секс сенсаци, эрээ цээргүй задгай яриа, түүнийг нь эсэргүүцсэн нийтийн зэвүүрхэл ба тэр зэвүүрхэл нь үргэлж гэм зэмгүй бусад ЛГБТ хүмүүсийг дайрч байдгаар би бахархаж чадахгүй.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн нийт ЛГБТ хүмүүсийн буй байдлыг Гамбууш гэдэг хүнээр төлөөлүүлэн ойлгодог нийтлэг байдал манай нийгэмд бий нь үнэн. “Замбараагүй”, “гетеросекс залуусыг уруу татдаг”, “ижил хүйстнүүд бүгд биеэ үнэлэгч”, “сексийн гаж донтон” гээд л сөрөг, буруу бүх яриа хаанаас үүдэлтэй вэ?
Саяханаас “Хүмүүс” сонины 2011 оны дөрөвдүгээр сарын дугаарт нийтлэгдсэн Гамбуушийн ярилцагын талаар блогын маань уншигчид надад хэлэх боллоо. Намайг магтаж яриагүй нь тодорхой. “Дархандаа нэр сүр муутай манин залуу” гэхчилэн миний талаар онцгүй мэдээг хамгийн анх “Монголын нэг өдөр” сонинд худалдсан хүн нь Гамбууш байсныг мэднэ.
Гамбуушийн амьдралынх нь хэлбэр энэ, ядаж очинцор байж гэмээнэ хоолтойгоо хонодог бор өдрүүдийг нь ойлгодог. Түүнийг буруутгалаа гээд яах ч юм, түүнийг үзэн ядлаа гээд өөрийгөө л зовооно.
Өөрөө би сэтгүүлч хүн учраас бүгдийг эерэгээр хүлээж аваад байна л даа. Сонинд мань мэтийгээ муулж ярилаа гэхэд Гамбууш зуу зуун мянгаар нь мөнгө халааслана гэдэг үлгэр. Монголд мөнгө төлж /тэр тусмаа бэлгийн цөөнхид/ ярилцлага авчих хэмжээний санхүүгийн эрх чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл ховор. Чөлөөт хэвлэлүүд бол Гамбуушийн ярилцлагыг бичлэгийн шагнал гэж дээд тал нь 10 мянган төгрөгөөр үнэлэх буюу тэр мөнгө нь сэтгүүлчийнх байдаг.
Ингээд бодоход Гамбуушийн ярилцлага өөрт нь ямар ч үр дүнгүй, үнэ цэнэ бол түй ч үгүй л байгаа юм.
Гэвч бод доо. ЛГБТ хүмүүсийн төлөө ажлын нэр төр, амь, амьдрал бүхнээрээ дэнчин тавиад зүтгэж яваа нөгөө хэсэг бүлгийнхний ажил үйлст Гамбуушийн ярилцлага хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа бол. Нэг хэсэг нь монголын мянга мянган ижил хүйстнүүдийн төлөө ажил, амьдралаа золиослочихсон хэрнээ зүтгээд л явахад нөгөө нь аяга цай уух зуураа дэмий бурж хийсэн бүгдийг нь үгүйсгэж суудаг ийм зарчмаар яваад байвал Монгол Улсад ЛГБТ олон нийт сэтгэл тэнэгэр амьдрах орчин хэзээ бүрдэх вэ?
“Даяар монгол”-ынхонд бидний зодуулсныг тус хөдөлгөөнийхөн хүлээн зөвшөөрч удирдах зөвлөлийнх нь Энхтүвшин хэмээх залуу албан ёсоор уучлалт хүсч буйгаа илэрхийлсэн. Нэгдсэн Үндэстний Байгууллага хүртэл энэхүү хэргийг баримтжуулж, биднийг хамгаалалтдаа авсан байна. Монголын ЛГБТ төвийнхөн ЛГБТ хүний эрхийн чиглэлээр цаашид үр дүнтэй ажиллаж чадахаа олон улсад харуулж бидэнд тусалсан. Тэд бидэнд тусалсныхаа хариуд өчнөөн хохирол амссан ч хүний эрхийн төлөө ажиллах гол зорилгодоо үнэнчээр зүтгэж яваа. Ерөөсөө энэ бүгд албан ёсных байсан, бүх процесс олон улсын хүний эрхийг хамгаалагч байгууллагуудын нүдэнд ил явагдсан. Гамбууш мэтийн “сенсаци”-аар голоо зогоогчид ойлгохгүй хэмжээний том ажлын ард бид гарч чадсаан.
ИЛҮҮ ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ Ч ТУС БҮРТЭЭ ЗҮТГЭСЭЭР, АМЬДАРСААР ЯВНА.
Миний эмээгээс яльгүй л залуу хүн шиг байна лээ дээ, Гамбууш. Бодож ярьдаггүй, ярьж боддог түүний амыг нэгэнт өнгөрсөн хойно нь одоо буруутгалаа гээд яалтай. Уг нь тэр ЛГБТ хүмүүсийн л нэг баймаар. Өөрөө гэтэл үгүй юм шиг аашлах. Зовлонд хэтэрхий их нухлагдаж, чичлүүрт хэтэрхий их хатгуулсаар буй байдлаа жигшдэг болчихсон юм болов уу даа хөөрхий.
Юутай ч Гамбуушийг бурхан ивээг, хаяагаа үе үе хадардаг зан нь ч засархаас өнгөрсөн байлгүй дээ. Хор нь бага байгаасай гэж л хүсье.
URL:
















