Альпийн ямааг Өвөрхангайд нутагшуулав

УИХ-ын дарга З.Энхболдыг Өвөрхангай аймагт томилолтоор ажиллах үеэр Франц улсын Альфийн нуруунаас авчирсан сүүний чиглэлийн 202 ямааг хүлээлгэж өгөх арга хэмжээ өчигдөр боллоо.
Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа сүүний чиглэлийн ямаа, үнээг нутагшуулах, үр хөврөлийн аргаар мах, сүүний үнээ, ямааг үржүүлэх ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлэхэд анхаарч ирснээр хөтөлбөр нь биеллээ олж, Өвөрхангайчууд хүлээн авав.
“Альпин” үүлдрийн эдгээр ямаа нь үнээнээс 1.5 дахин илүү сүү өгдөг бөгөөд 5-6 дахин бага тэжээл хэрэглэдгээрээ давуу талтай аж.
Мөн үр хөврөлийн аргаар жилд хоёр удаа ишиглэж, 6-7 ишиг гаргах боломжтой юм байна. Эдгээр ямаа нь том биетэй, босоо чихтэй, олон янзын толбо бүхий зүстэй, тэсвэр хатуужил сайтай, амьдын жин нь 60-65 кг, жилдээ 3,5 хувийн тослогтой 1000 л сүү өгдөг ажээ. Үүнээс харахад эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм.

URL:













