“Нарантуул” захын удирдлагуудад хариуцлага тооцно

f035cf7d4ca034babig“Нарантуул” олон улсын худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороо болон түрээслэгчдээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст удаа дараа ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу дахин гэнэтийн шалгалт хийжээ.

Тодруулбал, гомдлын дагуу энэ оны гуравдугаар сарын 20-нд ХЭҮК-оос тус худалдааны төвийг шалгахад лангуу түрээслэгчидтэйгээ түрээсийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулаагүй, улмаар гэрээгээр тохиролцоогүй төлбөр, хураамж авч байсан нь тогтоогдсон тул хуулийн дагуу тус худалдааны төвд шаардлага хүргүүлсэн байна.

Ингэхдээ иргэний хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн төлбөр шаардах, түрээслэгчид түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд цаашид түрээсийн гэрээг хуульд заасан шаардлагад нийцүүлэн байгуулах, тухайн гэрээгээр сар бүр авах төлбөр, хураамжийн асуудлыг зохицуулахыг шаарджээ.

Тус газрын зүгээс шаардлагыг хүлээн авч зургадугаар сарын 1-ний өдрөөс түрээслэгчидтэй бичгээр гэрээ байгуулахаа мэдэгдсэн боловч энэ сарын 20-ний өдөр ХЭҮК-оос хийсэн гэнэтийн шалгалтад бүдэрсэн байна. Тиймээс долдугаар сард багтаан энэхүү зөрчлөө арилгаж, түрээслэгчидтэй түрээсийн гэрээг бичгээр байгуулах хугацаат үүргийг ХЭҮК-оос өгсөн байна.

Хэрэв шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд ХЭҮК-ын тухай хуульд заасны дагуу дараагийн арга хэмжээг авах гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих