Буддист заналхийлэл

Их Британийн “Time” сэтгүүлд “The Face of Buddhist Terror” нэртэй нэгэн нийтлэл гарсан байна.
Мьянмарт бий болоод буй шашин хоорондын мөргөлдөөн болон энэрэнгүйн ёсыг сурталчилдаг буддист лам нар хэрхэн хүч хэрэглэж эхэлсэн тухай өгүүлэх уг нийтлэлийг орчуулан хүргэе.
Эгээ л хөшөө мэт тогтуун бөгөөд амарлингуй царайтай хэрнээ “Бирмийн бин Ладен” хэмээн нэрлэгддэг болсон Буддист лам сургаалиа айлдаж эхэллээ. Түүний өмнө хэдэн зуун мөргөлчин алга хавсран наманчилж суув. Бирмийн хоёр дахь том хот болох Мандалийн бүгчим хийдэд маань уншин суугаа хүрэн улаан нөмрөгтэй мөнөөх эрийг мөргөлчид магтан дуулж байсан юм. Гаднаас нь харахад энэ бүхэн тайван үйл явц мэт. Гэвч Виратугийн хэлж байгаа үг үзэн ядалтаар дүүрсэн байлаа. “Одоо тайван байх цаг биш. Харин босч тэмцэн цусаа хөөргөх цаг болсон ” хэмээн тэрбээр буддистууд зонхилсон газар нутагт нь цөөнх болон амьдарч буй мусульманчуудыг жигшиж байгаа тухайгаа 90 минутын турш ярив.
Үнэхээр Бирмд буддистуудын цус буцалж, харин мусульманчуудынх хөрж байна
Сүүлийн хэдэн жил Виратугаас заавар авсан буддистууд үндэсний цөөнх рүү халдах нь ихэсчээ. Амиа алдсан мусульманчуудын тоо нэлээд хэд байгаа гэж Бирмийн Засгийн газар мэдээлсэн бол хүний эрхийн байгууллагынхан энэ тоог хэдэн зууд хүрнэ гэж үзсэн юм. Хүчирхийллийн гол хүч нь Бирм дэх мусульманчуудын хамгийн том бүлэглэл болох Рохингя руу чиглэсэн байдаг. Харин НҮБ-аас энэхүү бүлэглэлийнхнийг аюулгүй байдал нь хамгийн их алдагдсан хүмүүсийн тоонд оруулдаг байна. Өдгөө 46 настай Виратугийн амьдарч, сургаалиа айлддаг Бирмийн төв нутгаар хамгийн их цус урсдаг. Хэт туйлшрагч ламтан Бирмийн хүн амын ердөө тав хүрэхгүй хувийг эзэлдэг мусульманчуудыг харах үедээ “Тэд богино хугацаанд маш олон болж байна. Түүгээр ч үл барам манай эмэгтэйчүүдийг хулгайлан хүчирхийлж байна. Бид Мьянмарыг буддист орон хэвээр нь үлдээх ёстой” хэмээн ярьдаг аж.
Бирм бол 135 гаруй ястанаас бүрдсэн улс. Энэ орны ард түмэн хагас зуун жилийн турш цэргийн дарангуйлал дор байсны эцэст саяхнаас эрх чөлөөтэй болж байгаа. Гэвч иймэрхүү үзэн ядалт бүхий илтгэл, яриа нь Бирмийн улс төрийн тогтолцоог тогтворгүй болгох аюул дагуулж эхлэв. Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн зарим нь Рохингя бүлэглэлийн эмэгтэйчүүдийг хоёроос дээш хүүхэдтэй байхыг хориглох тухай ярих болж. Гэтэл цэргийн дэглэм байх үед ч ийм шийдвэр гаргадаггүй байсан юм. Саяхан Бирмийн цэргийн хүчнийхэн болон Качины босогчдын хооронд тэмцэл гарсан. Качины босогчдын дийлэнх нь христийн шашинтнууд байдаг учраас үүнийг шашны мөргөлдөөн гэж зарим хүн нэрлэж байна.
Буддист лам нарын иймэрхүү хөдөлгөөн Азийн бусад оронд ч хүчээ авч байгаа юм. Энэ онд Шри Ланкад буддистуудын бүлэглэл өндөр албан тушаалтнуудтай холбоо тогтоож, эх оронд нь байгаа мусульман болон христийн шашинтнуудын тоог цөөлөхөд түлхэц үзүүлж байсан нь ил болсон. Тайландын өмнөд хэсэгт 2004 оноос хойш 5000 мусульман айл өрх амьдарч байгаа. Гэвч Тайландын армийнхан хийдээ орхисон буддист лам нарыг цэрэг болгон бэлдэж эхэлжээ. Ийнхүү зэвсэглэсэн цэргүүд болон лам нараас бүрдсэн хэсэг бүлэглэл Тайландын цөөнх болох мусульманчуудад дарамт үзүүлж эхэлсэн аж.
Иймэрхүү түрэмгийлэл хил дамнан үргэлжилж байгаад интернэт нөлөөлж байна. Бирмийн олон зуун мянган цагаачид ажилладаг Малайзад энэ сард хэд, хэдэн буддист лам амиа алдсан. Харин Бирмд мусульманчууд олноороо амиа алдаж байгаагийн хариуг нь нөгөөдүүл нь авч байна хэмээн Малайзын эрх баригчид дүгнэжээ.
Бусад шашны урсгалтай харьцуулахад Буддизмт өшөө авах ойлголтыг цээрлэдэг. Энэ нь 2500 жилийн өмнө Будда болсон Сиддхарта Гаутама хүчирхийллээс татгалзаж, энэрэх ёсыг сургасан номлолоос үүдэлтэй. Гэвч бусад шашны нэгэн адил буддистууд улс төр, дээрэнгүй үзэл, бүлэглэл зэргээс ангид байж чадаагүй юм. Ёс суртахуунаас гажууддаггүй буддист лам нар Азид хүчирхэгжсэн эзэнт гүрнүүд, элдэв дарангуйллын эсрэг томоохон хөдөлгөөнүүд өрнүүлж байв. Зарим нь зорилгодоо хүрэхийн тулд өлсгөлөн зарласан тохиолдол бий. Одоогоос 50 жилийн өмнө өмнөд Вьетнамын дэглэмийг эсэргүүцэж нэгэн вьетнам лам Сайгоны талбайд лянхуа цэцгийн байрлалаар сууж, өөрийгөө шатаасан түүх байдаг. Энэ бол эсэргүүцлээ илэрхийлж буй хурц хэлбэрээс хамгийн түгээмэл байдаг нь. Бирмд 2007 онд буддист лам нар ардчиллын төлөөх хөдөлгөөнийг өрнүүлж, дарангуйлагчдын эсрэг тайван жагсаал хийж, энэрэх ёсыг сурталчилж байв. Гэвч тэдний энэхүү улс төрийн идэвх хэзээнээс цэрэг, зэвсэгтэй холбогдож эхэлснийг таахад бэрх. Үндсэн зарчмынхаа эсрэг санаанд хөтлөгдөж хүчирхийлэл рүү тэмүүлэх үе шашин бүрт байдаг. Харин энэ удаад буддизмд тэр үе нь ирсэн бололтой.
Өс хонзонгийн тарни
Мандали хотын Шинэ Масоейн хийдэд өөрийнх нь хөрөг зураг бүхий хананы дэргэд завилан суугаа Бирмийн бин Ладен өөрийн үзэл бодлоо ойлгуулахыг хичээж байв. “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хар мусульманы цустай” л гэнэ. Түүнийхээр бол арабууд НҮБ-ыг эзэлчихсэн аж. Мусульманчуудыг хомроголон устгах үйл явцад оролцсон учир 2003 онд долоон жил хоригдох ял авсан Вирату “Бирмийн мусульманчуудын 90 хувь нь хэт туйлширсан муу хүмүүс байдаг” хэмээн ярьж байв. Одоо тэрбээр Буддын шашны нэг урсгал болох “969” хэмээн нэрлэгддэг хөдөлгөөнийг удирдаж байгаа юм. Түүний “969” хөдөлгөөн нь бусад шашны урсгалаас зайлсхийж, харин нөхөдтэйгөө эвтэй найртай байхыг сургадаг. “Ардчиллаас илүү чухал зүйл бол бид өөрсдийн шашныг хүндэтгэх явдал” хэмээн Вирату номлож байв.
Мухар сүжигтээ хэт итгэсэн энгийн нэгэн ламынх нь хувиар Виратуг үл тоомсорлох амархан. Гэвч тэр буддист удирдагч бөгөөд түүний үг олон түмэнд хүрдэг билээ. Хэдэн зууны өмнөөс Исламын шашинтнууд Индонез, Малайз, Пакистан, Афганистанд тархаж, улмаар шинэ газар нутгийн эрэлд гарсан гэж үздэг. Харин Бирмийн гол үндэстэн болох бамарчуудын дунд тэдгээр мусульманчуудаас болгоомжлох айдас бүдэг бадаг боловч оршсоор байгаа аж. Өөрсдөдтэй нь харьцуулахад асар хурдацтайгаар олширч буй мусульманчуудаас буддист лам нар болгоомжилсоор байгаа юм. Тиймээс лалын сүм бариулахаар Ойрхи Дорнодын хөрөнгөтнүүд эх оронд нь ороод ирэх вий гэж тэд эмээдэг.
Бирмд ардчиллын төлөөх хөдөлгөөн 2011 онд эхэлсэн. Тухайн үед цэргийн захирагч нар нь хэт даврагч нарыг хүлээн зөвшөөрдөг хагас иргэнжсэн Засгийн газарт байраа тавьж өгсөн юм. Гэвч үүний хор уршиг нь өнгөрсөн оноос харагдаж эхлэв. Бирмийн баруун хэсэгт байрлах Рохингя бүлэглэлийнхний тосгонд буддистууд халдаж, 70 орчим мусульман хүнийг хороосон тухай хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. Нутаг дэвсгэр дээр нь тархаж байгаа энэхүү хүчирхийллийг зогсоохын тулд Бирмийн Засгийн газар тун бага арга хэмжээ авсан гэдэг. Өнгөрсөн гуравдугаар сард мусульманчуудын гарт нэгэн лам амиа алдсаны дараа буддистууд Мэйхтила хотод байрлах мусульманчуудын хотхоныг сүйтгэжээ. Үүнээс болж 40 мусульман шашинтан, хоёр буддист амиа алдсан гэх албан ёсны мэдээ бий. Олон мянган лалын шашинтан орон гэргүй болж, дүрвэгчдийн бүсэд амьдарч байгаа бөгөөд тийшээ сэтгүүлчид нэвтрэхийг хоригложээ. Шатаж үгүй болсон лалын сүмийн нурман дунд амиа алдсан мусульман оюутнуудын нэг болох Абдул Разак Шахбаны гэр бүлийнхэнтэй уулзах тохиол бидэнд олдсон юм. Түүний ээж Рахамаби “Миний хүү мусульман учраас амиа алдсан” гэж ярилаа.
Хийд ба төр
Бирмийн хөрш орон болох Тайландын өмнөд хэсэгт буддистууд итгэл үнэмшлийнхээ тухай номлодог. Өнгөрсөн зууны эхээр буддистууд хүч хэрэглэн эзлэхээс өмнө энэ хэсэг Малайн султаны газар нутагт тооцогддог байв. Мусульман шашинтнууд хүн амынх нь 80 хувийг бүрдүүлдэг байж. Харин 2004 оноос салан тусгаарлах үзэл газар авч эхэлжээ. Үүнээс болж буддист лам нар Тайландын төрөөс хамгаалалт эрсэн байна. Тухайн үед маш олон лам мусульманчуудын халдлагад өртсөн нь ийм алхам хийхэд хүргэжээ. Өнөөдөр Тайландын цэргийн хүчнийхэн болон бусад аюулгүйн албаныхан буддистуудын хийдэд амьдарч, тэднийг хамгаалж байна.
Энэ нь буддистуудын хувьд аюулгүй байдлаа хадгалж буй хэрэг бол мусульманчуудад огт өөр ойлголт төрүүлж байгаа юм. “Тайландад гарсан мөргөлдөөн дэх Буддын шашны нөлөө” номын зохиогч, Янстауны их сургуулийн профессор Майкл Жеррисон “Шашин болон цэргийнхэн “хуримлан” төр болжээ” хэмээн дүгнэв. Мусульманчууд ч бас маш их айж эмээж байгаа аж. Тэд энэхүү тэмцэл дунд өмнөх үеийн буддистуудтай харьцуулахад илүү ихээр хохирч байна. Гэхдээ нийт хүн амд эзлэх хувиар нь тооцвол өмнө нь илүү олон буддист лам амиа алдсан гэдэг. Харин одоо бол тэд төрийн хамгаалалтад орсон хүмүүс. “Мусульманчууд сүм дотроо зэвсэг үйлдвэрлэж байна” хэмээн ам дамжин ярьж, хурцадмал байдлыг дэвэргэж байгаа лам нарын яриа ч сонсогдож байв. Усан цэрэг байж байгаад сүүлд нь лам болсон Пхратонг Жиратамо “Ислам бол хүчирхийллийн шашин. Хүн бүр үүнийг мэднэ” хэмээн ярьсан юм.
Яг л Бирмийн бин Ладены сурталчилдаг номлол шиг. Мусульманчуудын эсрэг хийж буй тэмцэл болон амар амгалангийн тухай номлол хоёрыг хэрхэн уялдуулж байгаа талаар нь би Виратугаас асуулаа. Тэрбээр яг л жаахан хүүхдэд сургаж байгаа аятай “Буддизмд биднийг хүч хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Гэхдээ бид өөрсдийн нийгмийг хамгаалах эрхтэй хүмүүс” хэмээн хариулсан юм. Харин дараахан нь түүний хэлснийг давтахаар цугласан гэрийн эзэгтэй нар, оюутнууд, багш нар, эмээ нарт хандан “Бамарын тэмцлийн төлөө би өөрийгөө золиослоно” хэмээн ярив. Будда хэрэв амьд байсан бол түүний энэ санааг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэхэд бэрх юм.
Т.Элиса

URL:




