Согтууруулах ундаа зарж байгаад баригдсан хэд хэдэн тохиолдол гарсан

arkhiСонгуулийн өдөр үйлчилгээний газруудаар архи согтууруулах ундаа зарахыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Тэгвэл дээрх шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа талаар НЦГХЖХГ-ын Төлөвлөлт Зохицуулалтын хэлтсийн ахлах байцаагч Н.Амарсанаагаас тодрууллаа.

-Архи согтууруулах ундаа худалдаалахгүй байх шийдвэр гаргасан. Ямар газруудаар хяналт шалгалт явуулж байгаа вэ?
-Энэ сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тушаалаар “Зөвхөн сонгуулийн өдөр буюу зургадугаар сарын 26-ний өдөр үйлчилгээний газруудаар архи согтууруулах ундаа худалдаалахгүй” гэсэн захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу цагдаагийн байгууллагууд ажиллаж байна. НЦГ-ын Хэв журам хамгаалах газар болон дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн бүрэлдэхүүнтэй хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газар, аж ахуйн нэгжүүдээр хяналт шалгалтуудыг хийж байна.

-Хяналт шалгалтын явцад зөрчил илэрсэн үү?
-Зөрчил харьцангуй бага байна. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрладаг хүнсний дэлгүүрт архи согтууруулах ундаа худалдаалж байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэхүү мэдээллийн дагуу шалгаж үнэн худлыг тогтооно.

-Зөрчил илэрсэн газруудад ямар торгууль ногдуулах вэ?
-Зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдэд захиргааны хариуцах тухай хууль болон архидан согтууруулахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авна. Үүнд аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр зарсан, мөн хориглосон худалдаа үйлчилгээг явуулж буй үйлчилгээний газар, байгууллагуудад 250 мянга хүртэлх төгрөгийн торгууль ногдуулна. Мөн архи согтууруулах ундаа зарах тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг авах юм.

-Оройн цагаар үйлчилгээ явуулдаг газруудыг яаж шалгах вэ?
-Орой болон шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг газрууд ямар нэгэн аргаар архи согтууруулах ундааг худалдаах явдал маш их гардаг. Тиймээс хүн хүч нэмэгдүүлж ажиллана. Мөн тухайн газруудаар ойр ойрхон хяналт шалгалт явуулах болно.

Э.Зулцэцэг /Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих