Усны төлбөрөө гуравхан компани өгсөн гэв үү?

Усаа чандмань эрдэнэ гэж эртнээс сүсгэлж ирсэн ард түмэн хирнээ бид усандаа тийм ч хайртай биш. Цэвэр усны нөөц нь өдрөөс өдөрт хасагдаж, хорогдож байгаа дэлхийд цэвэр усаар туйлж байгаа үндэстний нэг бол яах аргагүй Монголчууд.

Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж бий. Дэлхий гээд ярихад өнөөдөр хүн төрөлхтний 40 гаруй хувь нь цэвэр усны дутагдалтай амьдарч байгаа. Энэ тоо арван жилийн дараа 70 хувь давчихна гэж байгаа. Манай улсын нийт усны 30 хувь нь гүнийх, 70 хувь нь гадаргынх. Усны нөөцөө хэрхэн ашигладаг талаарх судалгаанаас харвал гүний усныхаа 80 хувь, гадаргын усныхаа 20 хувийг өдөр тутмынхаа хэрэглээнд ашигладаг. Усыг ашиглаж байгаа зориулалтаар нь ангилбал, ундны буюу хоол хүнсний хэрэглээндээ 30 хувь, аж үйлдвэрийн зориулалттайгаар 34 хувь, гэх зэргээр ангилагддаг.

2018 он гэхэд Азийн орнуудын цэвэр усны нөөц дуусна гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Ахуй, үйлдвэрийн гаралтай бохир ус, хог хаягдал, химийн хорт бодисоор дамжин ус хөрс, агаарыг бохирдуулдаг. Жил бүр 300 сая гаруй шоо метр усыг гол горхи хөрсөнд хаяж усны нөөц бохирдуулж байгаа гэсэн түгшмээр баримт байна. 2007 онд улсын хэмжээнд хийсэн усны тооллогоор 700 гаруй гол мөрөн ширгэсэн дүн гарчээ. Тэгэхээр одооноос усаа хэмнэхгүй бол эвгүй нөхцөл үүсэх гээд байх шиг.

Манай улсын хувьд усны хэрэглээ өндөртэй улс. Цаашид бүр ч нэмэгдэнэ. Учир нь усны гол хэрэглэгч болох уул уурхайн салбар цаашид улам хөгжине. Өнөөдөр бол эхлэлийн үедээ л яваа. Хөгжлийнхөө эхэн үед яваа гэхэд багагүй хэмжээний ус хэрэглэдэг, тэр хэрээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь ихэсчихсэн салбар. Энэ салбар нэг жилийн усны хэрэглээний 20 гаруй хувийг зарцуулдаг хэр нь төлбөрийн хувьд ичмээр бага мөнгө төлдөг. Уул уурхайн компаниуд олсон орлогынхоо 0,01-0,11 хувийг усныхаа төлбөрт өгдөг гэнэ.

Гэсэн хэр нь усаар л үйл ажиллагаа явуулдаг гээд хэлчихмээр их хэмжээний усыг хэрэглэдэг. Хэмжээ нөөц нь хомстож байгаа болохоор усны үнэ жил бүр л өсдөг. Гэхдээ дэлхийн хэмжээнд л дээ. АНУ-д 27, Өмнөд Африкт 50, Канадад 58 хувь гээд жагсааж болно. Дани, Германд 2.25 ам.долларын үнэтэй ус өнөөдөр Монголд нэг литр нь 15 төгрөг. Сонсоход ичмээр гэдгийн учир нь энэ. Одоо байгаа үнэлгээнээс 30 дахин нэмж байж усны үнэ бодит утгаараа үнэнд ойртоно гэж салбарынхан үздэг. Тэгвэл яг өнөөдөр усны үнэ нэмэгдэх асуудал уул уурхайн салбарын түвшинд яригдаж байна.

Уул уурхайн салбарынхны хувьд усны үнэ хэтэрхий багын зэрэгцээ усны мөнгөө төлдөггүй явдал хавтгайрсан гэхэд болно. Арга ч үгүй. Үнэгүй юманд хүн үнэгүй л ханддаг. Уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөр төлөх хугацаа өнгөрсөн сарын 31-нд дууссан. Гэтэл энэ хугацаанд ердөө гуравхан компани төлбөрөө төлжээ. Уг нь бол уул уурхайн хамгийн их орлого олдог, мөнгө ихтэй салбар. Гэсэн хирнээ ажилд нь хамгийн их нэмэр болдог усныхаа төлбөрийг төлөхгүй байна гэхээр санаанд нэг л багтаж өгөхгүй юм.

Нэг л үнэн бий. Хүн төрөлхтний оршиж, цэнхэр дэлхий дээр амьдарч байгаа нэг л шалтгаан бий. Тэр нь ус. Усгүй бол амьдралгүй. Оршихуйн цорын ганц энэ үнэнийг хүн бүр л мэддэг. Тэгвэл оршихуй болсон ус маань жил ирэх бүр татарч байна. Тэгэхээр усны төлбөрөө яг одооноос нэмэх шаардлагатай болжээ.

Ш.Сүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих