MGL-93 шатахууны нийлүүлэлт хоёр дахин нэмэгдэнэ

mgl93Манай улс өөрийн орондоо олборлосон түүхий газрын тосоо БНХАУ руу экспортлон боловсруулж MGL-93 маркийн шатахуун гарган авч байгаа билээ.

Тэгвэл MGL-93 шатахууныг стандарттай болгосон юм.

Энэ талаар Газрын тосны газрын Үйлдвэрлэл, техник технологийн хэлтсийн дарга А.Энхжаргалтай ярилцлаа.

-Манай улс MGL-93 шатахуунтай болсноор ОХУ-аас 100 хувь хараат байдаг байдал бага ч гэсэн өөрчлөгдсөн байх?
-Манай улс газрын тосны бүтээгдэх үүний хэрэгцээгээ 100 хувь гадаадын эх үүсвэрээс импортоор хангадаг бөгөөд зарим тохиолдолд бүтээгдэх үүний хомсдол үүсэх, үнийн огцом өсөлт гарах зэрэг хүндрэл тулгардаг байсан.

Монгол Улсын Засгийн газраас шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой, хямд байлгах талаар олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь өөрийн оронд олборлосон түүхий газрын тосоо БНХАУ руу экспортлон “CNPC” компанийн харьяа Хөх хотын үйлдвэрт боловсруулж, MGL-93 шатахуун болгон авч байгаа юм.

Монгол Улс ОХУ-аас шатахууны хувьд хараат байдаг байдал ард хоцорлоо. Улмаар бид өөрсдийн гэсэн нэрийн шатахуунтай болсон. Дөнгөж сая бид боловсруулсан “Дотоод шаталтат хөдөлгүүрийн түлш, автобензин. Техникийн шаардлага” гэсэн стандартыг батлууллаа. Ингэснээр MGL-93 шатахуун маань албан ёсны стандарттай боллоо гэсэн үг. Энэ стандарт маргаашнаас эхлэн MGL-93 шатахуунд мөрдөгд өөд эхэлнэ.

-MGL-93 шатахуунд стандарт тогтоосноор ямар ач холбогдолтой вэ?
-Өдгөө MGL-93 шатахуун маань манай улсын нийт хэрэгцээний 25 хувийг хангахуйц төвшинд хүрсэн байна. Энэ бүтээгдэхүүн стандарттай болно гэдэг илүү чанартай, найдвартай төвшинд ирж байна гэсэн үг. Тэр чинээгээрээ иргэд дотоодын чанар сайтай шатахуун ашиглах юм.

-Бидний хэрэглэдэг АИ-92 шатахуунтай харьцуулахад ямар давуу талтай вэ?
-Өмнө нь бид ОХУ-аас оруулж ирдэг АИ-92 шатахууныг хэрэглэж байсан.

Тэгвэл MGL-93 шатахууны хувьд АИ-92-оос хэд хэдэн чанар үзүүлэлтээр давуу. Тухайлбал, хар тугалга, хүхэр зэрэг бусад үзүүлэлтээрээ хамаагүй илүү юм. Иргэдийн хувьд ч тэр ам сайтай байгаа. Би өөрөө ч гэсэн машиндаа хийдэг, ашигладаг. Чанарын хувьд сайн байгаа нь мэдрэгдэж байгаа.

-БНХАУ-д худалдаалагддаг шатахуунд тавигддаг стандарттай адил гэж ойлгож болох уу?
-Ер нь тэгж ойлгож болно. Гэхдээ манайд худалдаалагддаг орос шатахуунаас чанарын хувьд дээгүүр үзүүлэлттэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гадуур энэ шатахууны талаар янз бүрийн л яриа гарч байна. Гэвч эцсийн дүндээ үзүүлэлтийн хувьд MGL-93 хамаагүй сайн болох нь харагдана. Зарим тохиолдолд хүмүүс Хятадаас оруулж ирж байгаа гэхээр чанар муутай гэж ам дамжин ярьдаг. Гэтэл эцсийн дүндээ хэрэглэж үзээд, цаасан дээр буусан үр дүн сайн байгаа нь харагдаж байна.

-БНХАУ руу шатахуунаа экспортолж, боловсруулаад оруулж ирэхэд ямар нэг хүндрэл бий юу?
-БНХАУ-ын төмөр зам нарийн царигтай, харин манай улс өргөн царигтайн улмаас Замын-Үүд дээрх шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадал дутмаг байна. Замын Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж нь 2004 онд байгуулагдсан. Мэдээж тухайн үеийнхээ нөөц бололцоо хүчин чадал дээр тулгуурлан баригдсан. Гэтэл одоо шилжүүлэн ачих ачаа нэмэгдэх үед хүчин чадлын хувьд хүрэлцэхгүй болж байна.

-Замын-Үүдийн шингэн түлш шилжүүлэх байгууламж сард хэчнээн тонн газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэх хүчин чадалтай юм бэ?
-Одоогоор нэг сард 15 мянган тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих хүчин чадалтай. Тэгвэл үүнийг хоёр дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн ажлыг хийж байгаа.

-Өргөтгөлийн ажил хэзээ дуусах вэ. Өргөтгөснөөр сард хэчнээн тонн газрын тос шилжүүлэх боломжтой болох вэ?

-Өргөтгөлийн ажлыг энэ оны есдүгээр сард дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна. Шилжүүлэх байгууламжийг өргөтгөснөөр хүчин чадлын хувьд хоёр дахин нэмэгдэж, сард 25-30 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн ачих боломж бүрдэнэ. Их хэмжээний нефть экспортлоод авч буй бүтээгдэхүүн бага байна гэдэг. Гэтэл энэ нь төмөр замын дэд бүтэц, цаашлаад шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадал бага байгаатай холбоотой асуудал.

-Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмж MGL-93 шатахууныг одоо байгаагаас хоёр дахин ихээр оруулж ирнэ гэхээр үнэ нь буурах боломж бий юу?
-Дэлхийн зах зээл дэх нефтийн үнийн хэлбэлзэл, тогтвортой байдлаас шалтгаалж үнэ тарифийг тогтооно. Тэгэхээр бидний зүгээс үнэтэй холбоотой ямар нэг мэдэгдэл, амлалтыг хийх боломжгүй.

-Одоогоор дотоодын хэрэглээний хэдэн хувийг MGL-93 шатахуун эзэлж байна вэ?
-Манай улс дунджаар 70-80 мянган тонн, оргил үе буюу дулааны улиралд 90-110 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг. MGL-93 шатахуун Монгол улсад хэрэглэгдэж буй АИ-92-ын 25 орчим хувийг эзэлж байна. Энэ тоо цаашид хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Дээр хэлсэнчлэн Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөхөөр хоёр дахин нэмэгдэх боломжтой юм.

-Үнэхээр 25 хувийг эзэлж чадаж байгаа юу?

-Манай сарын хэрэглээ 70 мянган тонн орчим. Тэгэхээр бид эндээс үүдээд бодит судалгаан дээр тулгуурлан 25 хувь гэх тоог гаргаж ирж байгаа. Энэ бол бодит тоо.

Б.Золзаяа /ЗУУНЫ МЭДЭЭ /


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих