Монголын маргааш дуусахгүй
“Маргааш нураана…Өнөөдөр бид эмнэлгийн барилгын ойр орчмыг цэгцлээд барилгыг нь нураана…” хэмээн одоогоос гурван сарын өмнө Түлэнхийн төвийн асуудлыг сурвалжилж байхад гүйцэтгэгч компанийн ажилчид хэлж байв.
Харин энэ өдрөөс хойш яг гурван сарын дараа дахин сурвалжлахад эмнэлгийн барилга бахь байдгаараа. Түлэнхийн төвийн балгас болсон барилга тэр л хэвээрээ байх нь тэр. Өнгөрсөн хавар хоёр ч гэр бүл гал түймэрт өртөж, амиа алдсан.
Улмаар гал түймэрт өртөж, амиа алдсан иргэдийн хэргийг дагаад Түлэнхийн төвийн асуудал олны анхаарлыг татсан юм. МЕХГ-аас ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгыг нурах аюултай, чанарын шаардлага хангахгүй гэдгийг нь сүүлийн 10-аад жилийн турш сануулсан. Тиймээс ч ТӨХ-ны 358 дугаар тогтоолоор акталсан юм. Улмаар Түлэнхийн төвийг одоогоос жил хагасын өмнө “Мөнгөн гүүр” гэх хувийн эмнэлэг рүү нүүлгэн шилжүүлсэн билээ.
Учир нь шинэ байр баригдах хүртэл Түлэнхийн төв буудлын зориулалттай баригдсан энэ барилгыг түрээслэх аж. Гэтэл түрээсэлж байсан “Мөнгөн гүүр” эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн МХГ-аас гаргасан гэх мэдээлэл тархсан юм.
Улмаар “Мөнгөн гүүр” эмнэлгийн зарим эмч нар хууль бусаар үйл ажиллагаа явуулж, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байсан гэх мэдээлэл анхаарлын гадна үлдсэнгүй. Түрээсэлж байсан эмнэлгийнх нь үйл ажиллагааг зогсоочихож, харин Түлэнхийн төв яасан бол гэх айдас, эргэлзээ иргэдийн дунд үүсчээ. Арга ч үгүй юм. Улсын хэмжээнд ганц байдаг эмнэлэг нь үйл ажиллагаагаа зогсоочихвол түлэгдсэн иргэдийг хаана эмчлэх болж байна. Тиймээс ч “Мөнгөн гүүр” эмнэлгийг зорилоо.
Тус эмнэлгийн үүдээр нь машин багширч, эгээ л наадмын талбайд ирсэн мэт сэтгэгдэл төрөв. Үүнээс харвал үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа нь илт. Тус эмнэлгийн хувьд Түлэнхийн төвөөс гадна 10 гаруй хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Харин дотрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн эмнэлгийнхэн нь өөр хоорондоо зөрчилдсөний улмаас дээрх гомдлыг дүүргийнхээ МХГ-т хүргүүлсэн гэх. Харин үйл ажиллагааг нь зогсоосон гэдэг нь худал мэдээлэл болж таарав. Тиймээс ч Түлэнхийн төв маань үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа ажээ. Одоогоос хэдэн жилийн өмнө эмнэлгийн барилга диско баар байсан санагдана.
Харин дараа нь зочид буудал болчихсон үйл ажиллагаагаа явуулж байв. Гэтэл одоо эмнэлэг. Уг нь эмнэлэг бол анхнаасаа л зориулалтынх нь дагуу баригдсан барилгад үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл диско баар, зочид буудал байсан барилга дотор өнөөдрийн байдлаар 10 гаруй хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.
Ногоон торгон дээлт Н.Удвал дэд сайддаа захиасаа хэлэхээ мартжээ
Нэг буланд нь өнөөх Түлэнхийн төв. Нөгөө буланд нь Гэмтлийн эмнэлэг гэсэн хаягтай хаалга. Зочид буудлын ганцхан булан олдсон ч эмч нар нь “Хуучин эмнэлгийг бодвол орчин нөхцөл ярих юмгүй. Хачин сайхан. Бид нарт ч ажиллахад урамтай байна” хэмээн ярих аж. Түлэнхийн төвийн өөр нэг тасаг нь ГССҮТ-ийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн. Мэдээж өмнө нь өөрсдийгөө яая гэдэг байсан эмнэлэгт дахиад өвчтөнүүд нэмэгдчихээр байдал ямар байх нь ойлгомжтой. Шархадсан, гэмтсэн, түлэгдсэн хүмүүс нэг дор эмчлүүлж байна. Энэ бүхэн эмч нарын буруу биш. Байгаа орчин нөхцөлдөө тохируулаад ажиллах нь тэдний үүрэг. Монголчууд бид яах вэ.
Угаасаа аливааг голж, шилэхгүй дасан зохицоод сурчихсан хүмүүс. Түлэнхийн төвийн өнөөх шинэ барилга хэзээ ашиглалтад орохыг тэвчээртэй нь аргагүй хүлээж суугаа. Харин эрхэм сайд өнгөрсөн хоногуудад Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзээд тун завгүй ажиллалаа. Ногоон дээлтэй сайд нь ээжүүд, эмэгтэйчүүддээ захиасаа хэлж байх хойгуур салбарт нь ахиц дэвшил гарсангүй. Тэрбээр салбараа толгойлох болсноос хойш нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл хийсэнгүй. Яах вэ, сонгуульт ажилд оролцоод өөрөө завгүй байсан гэж бодоход дэд сайд Ж.Амарсанаа энэ хугацаанд юу хийж, амжуулав. Төрийн ажил гэдэг чөлөөт цагаараа хийж, амжуулдаг зүйл биш. Энд тэндгүй бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед ганцхан Түлэнхийн төвийн асуудлаа шийдчихэж чадахгүй байгаа Н.Удвалд банга хүртээх цаг нь болжээ.
Барилгын ажлыг хэн гацаав
Түлэнхийн төвийн талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч юун эмнэлэг, найр, наадам хэсч, уяачдын гал хэсээд алга болсон сурагтай. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал хатагтай “Бид буудал түрээсэлсэн гээд эмнэлгийн орчин нөхцөл огтхон ч муудаагүй. Харин ч хуучин байрыг нь бодвол цэвэр, тохилог. Эмнэлгийн үйл ажиллагаа ч хэвийн үргэлжилж байгаа. Буудал түрээсэлсэн гээд үйл ажиллагаа доголдсон гэх яриа бол улстөржүүлсэн яриа гэж би ойлгож байгаа” хэмээн тайлбар хийв.
Түүний ярианаас бол Түлэнхийн төвийн шинэ байрыг барих дулааны зөвшөөрөл нь олдохгүй байгаа аж. Учир нь XI хороололд дулааны өргөтгөл хийгдээгүй учраас боломжгүй гэх хариуг сонссон байна.
Тиймээс ч дулааны зөвшөөрөлгүй барилгын зургаа эцэслэж чадахгүй, тендерээ зарлаж болохгүй байгаа гэнэ. Эмнэлгийн барилгын зураг нь хэдийнэ бэлэн болсон боловч дулааны зөвшөөрлөө хүлээгээд ийн хугацаа алдаж байгаа ажээ. Ямартай ч он гарсаар гуравдугаар улирал дундаа орж байхад дулааны зөвшөөрөл нь олгогдоогүй, тендерээ ч зарлаж амжаагүй байгаа юм чинь энэ жилдээ шинэ байр ашиглалтад орохгүй бололтой.
Уг нь Түлэнхийн төвийн хуучин суурин дээр долоон давхар байнгын 200, онцгой нөхцөлд ашиглах 25 ортой, хүүхэд томчуудын арьс нөхөн сэргээх, идээт үрэвсэл эмчлэх зэрэг зургаан тасагтай барилга барихаар төлөвлөж байсан юм. Балгас болсон энэ барилгыг нураахад 20 гаруй сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан тухай салбарын сайд хэлж байсан. ЭМЯ-ны өнгөрсөн 2011 оны долдугаар сард зарлагдсан зураг төсөл боловсруулах тендерт “ЭЗТ” гэх компани шалгарч яамтай 246 сая төгрөгийн гэрээ байгуулжээ.
Улмаар өнөөдрийн байдлаар барилгын архитектур зураг төлөвлөлтийг боловсруулж, бохир ус зайлуулах шугам, цахилгаан, холбооны шугам сүлжээний зарим зургийг бэлэн болгожээ. Харамсалтай нь дулааны зөвшөөрөл олгохгүй байгаа учраас зураг төсөл гацаанд орсон байна.
Харамсалтай нь одоогоос жил гаруйн өмнө нураах шийдвэр нь гарсан Түлэнхийн төвийн хуучин барилгыг өнөөдрийг хүртэл нураасангүй. Биднийг одоогоос хагас сарын өмнө очиход маргааш нураана гэж байсан боловч эмнэлгийн хуучин байр бахь байдгаараа дүнсийж харагдана. Бүтэн жилийн турш түрээсийн байранд хэдэн хэсэг хуваагдан үйл ажиллагаагаа явуулсан Түлэнхийн төв дараа жил ч бас буудлын эзнийг царайчлах нь. Монголын маргааш дуусахгүй гэх хэлц бий. Гэхдээ одоо дуусгах цаг нь болсон юм биш үү.
Х.Жаргал

URL:




