Наадмаар бүжиглэх хүүхдүүд өлсч үхэх нь

Гиннесийн дээд амжилт тогтоохоор 5000 биелээчийг биелүүлж орон нутгийн биелээчдийг нэг дор Улаанбаатарт цуглуулаад байна. Энэхүү ажлыг зохион байгуулагч “Хөгсүү” чуулгыг салбарын яамдууд дэмжиж ажиллаагүйгээс бүжигчид өнөөдөр ЕБС-ийн дотуур байр болон спорт, урлагийн зааланд тоггүй, халуун хоолгүй хонож байгаа юм. Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд зориулан 5000 бий биелгээчид нэгэн зэрэг Төв цэнгэлдэхийн дэвжээнээ биелж Гиннесийн амжилтыг эвдэнэ.

Ингэснээр улс, орныхоо өв соёлыг хадгалж, дэлхийд сурталчилах том боломж бүрдэж байна. Гэхдээ улс, орныхоо нэрийг өндөрт өргөнө гэж энэ ажлыг эхлүүлэхдээ холбогдох яам, тамгын газар болон үүнийг санаачилсан чуулга, бүжигчид хоорондын уялдаа холбоо, зохион байгуулалт байхгүйгээс өнөөдөр 5000 бүжигчдийн төлөөлөл болсон орон нутгийн бүжигчин хүүхдүүд тог нь тасарсан спорт заал болоод урлаг зааланд халуун хоолгүй, модон шалан дээр хоног төөрүүлж байгаа тухай хүүхдүүдийг хариуцан авч яваа багш нар нь гомдолложээ. Нийт бүжигчдийн 3200 нь 21 аймгаас бүрдэж байгаа. Тухайлбал, Сүхбаатар аймгаас 120 биелээч энэхүү Гиннесийн амжилтыг тогтоох бий биелгээнд оролцохоор нийслэлд иржээ.

Эдгээр хүүхдүүд одоогоор БГД-ийн 40-р сургуулийн спорт, урлаг зааланд байршин бүжгийн бэлтгэлдээ оролцож байна. Гэхдээ тэд энд үнэ төлбөргүй байрлаагүй. Уг ажлыг санаачлан гардан зохион байгуулж байгаа “Хөгсүү” чуулга сургууль бүрт 100 мянган төгрөгийн төлбөр төлж байгаа юм. Засвар будагтай сургуулийн зааланд ундаа, боорцгоор хоол хийж байгаа бүжигчид зохион байгуулагчдын хэлснээр маргаашнаас тогтой залгаж, халуун хоолтой золгох юм байна. Гэхдээ эдгээр хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулахын тулд эдийн засгийн дэмжлэг чухал байгааг “Хөгсүү” чуулгын төлөөлөл онцолсон. Улсынхаа түүхэн өв соёлыг Гиннесийн номонд бүртгүүлэхээр гар, бие оролцож яваа бүжигчид нийслэлд 10 хононо гэж төлөвлөн 100 мянган төгрөг болоод хоол ундаа ар гэрээсээ гаргуулан авчирчээ. Эх сурвалж www.wikimon.mn

Эх сурвалж: : http://www.wikimon.mn/content/48455.shtml#sthash.dzPDfPZK.dpuf


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих