Америк цэргийн сүүлчийн захидал

Томас Ёнг, АНУ-ын тэнгисийн явган цэрэг асан, үхлийн хүнд шарх авсан хүн

Хэнд : АНУ-ын эрх баригчдад

Хэнээс : Иракийн дайны ахмад дайчин, тэнгисийн явган цэрэг Томас Ёнг

Утга: Ил захидал

Үнэний дээд шүүхийн өмнө очих миний цаг ирж байна. Та нарынх ч бас ирнэ ээ! Та нар бас шийтгэл гэсгээлээ амсана гэдэгт би найдаж байна. Гэхдээ би та нар намайг болон надаас өөр, өдийд амьд сэрүүн, эрүүл саруул явах учиртай байсан олон олон над шиг хүмүүсийг чухам ямар болгосноо хүлээх ёс суртахууны тэвчээр хаттай байгаасай гэж хамгийн их хүсч найдаж байна.

Би энэхүү захидлыг Иракийн дайн эхэлснээс хойш 10 жилийн дараа энэ дайнд оролцсон цэрэг нөхдийнхээ нэрийн өмнөөс бичиж байна. Би үүнийг Иракт амиа алдсан америкийн 4488 тэнгисийн явган цэрэг болон бусад цэргүүдийн нэрийн өмнөөс бичиж байна.

Би энэхүү захидлыг энэ дайнд оролцож эрэмдэг зэрэмдэг болсон зуу зуун мянган шархдагсад, энэ дайнаас авсан бие сэтгэлийн шархнаасаа болж амь амьдрал нь сүйрсэн цэрэг эрсийн нэрийн өмнөөс бичиж байна.

Би үхлийн шарх авсан тэдгээр дайчдын нэг бөгөөд 2004 онд Садар хотод босогчдын отолтод өртөж одоо хөдлөх чадваргүй болтлоо шархдсан юм. Одоо миний амьдралын сүүлчийн мөч ирж байна. Би эмчилгээгүй өвчтөнд үзүүлдэг асаргаа сувилгаанд байгаа.

Би энэхүү захидлыг өөрийн хань ижилээ алдсан эхнэрүүд нөхрүүдийн өмнөөс, эцэг эхээ алдсан үй олон хүүхдүүдийн өмнөөс, хөвгүүд охидоо алдсан эцэг эхүүдийн өмнөөс, мөн миний нэгэн адил үхлийн шарх гэмтэл авсан, эрэмдэг зэрэмдэг болсон олон мянган цэрэг нөхдийнхөө өмнөөс бичиж байна.

Би энэхүү захидлыг Иракт үүрэг гүйцэтгэж явахдаа үзэж харсан тэр аймшигт зүйлүүдэээсээ болоод сэтгэл санааны гүн гүнзгий цочирол, хямралд өртөж эцэст нь амиа хорлосон, бас одоо үүрэг гүйцэтгэж байгаа тэнгисийн явган цэргүүдийн өмнөөс бичиж байна. Тэнд одоо дунджаар өдөрт нэг америк цэрэг цөхрөл, мухардлаас болж амиа хорлож байна!

Би энэхүү захидлыг Иракийн газрын тосноос болж алагдсан 1 сая орчим иракчууд, одоо тоогийг нь тогтоох боломжгүй болсон шархдаж, хүнд гэмтэж эрэмдэг зэрэмдэг болсон жирийн хүмүүсийнх нь өмнөөс бичиж байна.

Би энэхүү захидлыг та нарын өдөөсөн тэр дайнаас гэмтэл шарх авч хүний биеийн тасархайнууд болж үлдсэн, үлдсэн бүх амьдралынхаа турш эцэс төгсгөлгүй өвдөлт, зовлон гасланд өнгөрөөх болсон тэр хүмүүсийн өмнөөс бичиж байна.

Та нар шударга шүүхээс бултаж мэдэх юм. Гэвч та нар бузар булай энэ дайныг өдөөсөн, дээрэм тонуул хийсэн, бүр цаашилбал мянга мянган америк залуусын амь амьдрал, ирээдүйг сүйтгэж алсан энэ гэмт хэрэгт буруутай хүмүүс шүү.

Би энэхүү сүүлчийн захидлаа ноён Джордж Буш, ноён Дик Чени та нарт хандан бичиж байна. Үүнийг бичиж байгаагийн учир нь та нар эд баялаг, өмч хөрөнгө, эрх мэдлийн төлөөх ёроолгүй шуналдаа хөтлөгдөж худал хэлсэн, арга заль мэх зохиосон (бидний тархийг угаасан) явдал чинь хүний ёс суртахууны болоод хүнлэг ёсыг уландаа гишгэж ийм аймшигтай үр дагавруудад хүргэсэсэн гэдгийг эрхбиш ойлгоно гэж бодсон, найдсан учраас тэр юм аа.

Би одоо үхэхийнхээ өмнө энэхүү захидлыг бичиж байгаагийн учир нь энэ дайнд оролцсон миний нөхөд – мянган мянган цэрэг дайчид, тэдний зэрэгцээ манай сая сая энгийн иргэд, Ирак болон Ойрхи Дорнодын зуу зуун сая энгийн номхон хүн ардууд та нарыг чухам хэн болохыг чинь ойлгоосой гэсэндээ бичиж байгаа юм.

Та нарын тэр их эрх мэдэл, хувийн өмч хөрөнгө болох сая сая долларууд чинь, олон түмний тархийг эргүүлэхэд тусалдаг зөвлөхүүдүүд чинь; өндөр эрх дарх, хүч нөлөө чинь та нарын тэр хуурамч дүр төрхийг чинь цашид халхалж чадахгүй ээ! Ноён Чени та өөрөө Вьетнамын дайнд цэрэгт явахаасаа бултан зайлж, ноён Буш та өөрөө Үндэстний гвардиас чөлөөгүй оргон зайлж байсан хирнээ бид нарыг өөрсдийнхөө хувийн эд баялагийн шуналын төлөө хүн алцгаа бас өөрсдөө үхэцгээ хэмээн Иракт илгээсэн билээ.

Та нарын энэхүү хулчгар хуурамч байдал, зөвхөн амин хувиа хичээсэн зан араншин чинь хэдэн арван жилээр тогтож хэвшсэн мөн чанар чинь шүү дээ.

Та нар өөрсдөө бол улс үндэстнийхээ төлөө амиа өрсөхийг хүсээгүй мөртлөө одоо зуу зуун мянган эрчүүд ба эмэгтэйчүүдийг ийм утга учиргүй эзлэн түрэмгийлж булаан эзлэх дайнд ердөө хогоо гадна гаргаж асгаж байгаатай адил илгээж байсаан.

Би 2001 оны 9 сарын 11-ний халдлагын дараа л цэрэгт явсан билээ. Миний цэрэгт явсны шалтгаан бол тэр үед миний Эх орон гаднын дайралтанд өртсөн гэж байсан явдал байсаан. Манай 3000 гаруй иргэн энэ халдлаганд амь үрэгдсэн гэж байсан учраас би хариуг нь өгөхийг хүссэн юм.

Хэрэв Ирак улс 2001 оны дайралтанд оролцоогүй гэж мөн хөрш улсууд нь АНУ-д аюул занал учруулж байна гээгүй байсансан бол тэр үед би Ирак-т явна гэж цэрэгт мордохгүй байсаан. Би Иракийн ард түмнийг “дарангуйллаас чөлөөлөх” гэж, хожим хоосон үлгэр домог болж хувирсан тэр “үй олноор хөнөөх зэвсгийг” нь устгах гэж, Багдад болон Ойрхи Дорнодод та нарын тэр цаанаа ёжтойхон хэлээд байдаг “ардчилал” гэгчийг чинь тогтоох гэж би цэрэгт яваагүй ээ.

Tа нарын бас хэлснээр Иракийн газрын тосноос орох орлогоор хийгдэх Иракийн сэргээн босголтод оролцох гэж би цэрэгт яваагүй ээ. Гэвч энэ дайн АНУ-аас 3 триллион доллар зарлагадахад хүргэсэн юм! Би бас өрсөж цохилт хийх дайнд чинь оролцох гэж цэрэгт яваагүй ээ. Өрсөж цохилт хийх дайн гэгч чинь олон улсын хуулиар бол хууль бус юм шүү.

Иракт цэргийн үүргээ гүйцэтгэж байхдаа би та нарын энэ ёроолгүй тэнэглэл, гэмт хэргийн чинь хамсаатан болж байсаан.

Иракийн дайн бол АНУ-ын хувьд стратегийн хамгийн муйхар алдаа байсан билээ. Энэ дайн бол Ойрхи Дорнод дахь хүчний харьцааг бүрэн алдагдуулсан юм. Хүний ёс суртахуун, цаашдын стратеги, цэрэг – эдийн засгийн бүх талаасаа Иракийн дайн бол АНУ-ын хувьд жинхэнэ том алдаа, сүйрлийн эхлэл нь байсан юм.

Энэ алдаа-сүйрлийн эзэд бол ноён Дж.Буш, ноён Д. Чени та нар байсан шүү дээ.  Ийм учраас энэ бүхний үр дүнг та нар бүрэн хариуцах ёстой!

9 сарын 11-ний дайралтыг хийсэн гэдэг Афганистанд байлдаж яваад ингэж шархадсан бол би энэхүү захидлыг бичихгүй байх байсаан. Би тэнд шархадсан байлаа ч, миний бие эрүүл мэндийн доройтол, одоо гарцаагүй болсон үхэл гээд ямар л олигтой байв гэж дээ. Гэсэн ч би өөрийн хайрт Эх орноо хамгаалж яваад ийм болсон гэдгээсээ уужрал тайтгарлыг авах байсан биз ээ. Гэвч тийм бус билээ.

Үнэнийг хэлэхэд, миний бие эрүүл мэнд өдөр хоногоор сулран доройтсоор байна. Та нарын газрын тосны компанийн өчүүхэн тэр шунал тачаал, Саудын Арави дахь газрын тосны эзэд шеихүүд болон та нарын хамтарсан бизнесүүд, мөн та нарын тэр эзэрхэг гүрний тухай галзуу бодлын чинь төлөө золисон зуу зуун мянган хүний амь нас, бие эрүүл мэнд, түүний дотор энэ дайны золиосууд болсон тэр олон мянган хүүхдүүдийн нэгэн адил миний бие одоо сульдан доройтсоор байна.

Энэ дайнд оролцож тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болсон олон олон мянган цэрэг ахмад дайчид одоо болохоор “Дайнд оролцогчдод туслах байгууллага”-ын хангалтгүй, мөн идэвхгүй, хайхрамжгүй асрамжаас чинь болж зовж зүдэрсээр байгааг ч энд хэлмээр байна. Tахир дутуу болсон тэр олон цэрэг дайчид болон би ч гэсэн бас бид бүхний бие, сэтгэлийн шарх зовлон та нарт болоод бусад улс төрчдөд огт хамаагүй болохыг одоо ойлгож байгаагаа бас хэлмээр байна.

Бид нар та нарт ашиглагдчихажээ! Бид бүхэн та нарт залилуулж хууртагдчихжээ!  Бид бүгд цөмөөрөө одоо та нарын хэнд ч хэрэггүй хаягдсан юм байнаа.

Эрхэм Буш! Та Христийн шүтлэгтэн болж их дүр исгэдэг хүн шүү дээ. Худлаа ярина гэдэг чинь нүгэл биш гэж үү? Хүн ална гэдэг нүгэл биш гэж үү? Хулгай дээрэм, хувиа хичээсэн шунал тачаал гэдэг нүгэл биш гэж үү?

Би өөрөө Христийн шүтлэгтэн биш л дээ. Гэхдээ би Христосын эрхэм дээд эрмэлзлэлд нь итгэдэг нэгэн. “Та бусад хүмүүст юу хийж байна, тэр зүйлээ өөртөө бас хийж байгаа” гэдэгт би итгэдэг.

Үнэний Шүүхийн өмнө очих миний цаг ойртон ирж байна. Та нарынх ч бас ирнэ ээ. Та нар шийтгэл гэсгээлээ хүлээх болноо.

Гэхдээ би та нар намайг болон надаас өөр, өдийд амьд сэрүүн, эрүүл саруул явах учиртай байсан олон олон над шиг хүмүүсийг чухам ямар болгосноо хүлээх ёс суртахууны тэвчээр хаттай байгаасай гэж хамгийн их хүсч найдаж байна.

Миний амь амьдрал ингээд дуусаж байгаагийн нэгэн адил, та нарын ч ялгаагүй амь амьдрал дуусахаас өмнө та нар Америкийн ард түмний өмнө, ер нь бүх хүн төрөлхтний өмнө, хамгийн гол нь Иракийн ард түмний өмнө уучлал өршөөл гуйх сэтгэлийн хат тэнхээтэй байгаасай гэж хүсэх байна даа.

Эх сурвалж:

http://www.presstv.com/detail/2013/03/20/294508/dying-veteran-to-bush-cheney-day-of-reckoning-is-coming/

Орчуулсан : Судлаач Х.Болорболд

Эрхэм та судлаач Х.Болорболдын бусад нийтлэлүүдийг түүний албан ёсны сайт ubman.mn-ээс уншина уу?


URL:

Сэтгэгдэл бичих