АРДЫН ХУВЬСГАЛЫН 92 ЖИЛИЙН ОЙН БАЯР ГЭДЭГ ҮГИЙГ ХАССАН НЬ АСУУДАЛ ҮҮСГЭСЭЭР БАЙНА

96e18cf32bde04c4greatМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавьсан. Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хоригийг хэлэлцээд, гишүүдийн 61.7 хувийн саналаар баталсан билээ.

Хоригийг батлахаас өмнө УИХ дахь МАН-ын гишүүд ихэд бухимдаж, багагүй маргаан өрнүүлсэн юм. Учир нь улсын их баяр наадмыг энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадам хэмээн онцлон тэмдэглэхээр болсон. Үүнд, УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж, хуулийг чиглэл өгөн өөрчилж, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр гэдэг үгийг хасч хаясан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэж санал хэлэх боломжийг ашиглан мэдэгдсэн юм.

Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Улсын их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга бөгөөд Шадар сайд Д.Тэрбишдагва, Ёслолын албаны дарга нарын мэдээллийг сонссон. Шадар сайд хэлэхдээ, “Дээрх үгийг хас” гэдэг үүргийг дээрээс өгсөн гэсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс хариуцлага алдсан эрх мэдэлтэнд хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газарт тус бүр явуулна гэдгийг бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдэв. Чуулганы хуралдаан дээр хэн юу хэлснийг сийрүүлэв.

УИХ-ын гишүүн Д.Арвин: -Түүхийг үнэн зөвөөр үлдээх ёстой. Яг үнэндээ бол 1939, 1945 оны дайныг удирдаж ялалтад хүргэсэн хүмүүсийн нэр түүхэнд үлдээгүй. Тэгсэн хэрнээ эндээс тулалдааныг удирдсан хүмүүс гавьяа байгуулсан мэтээр жанжин гэх мэт цол хүртэж түүхэнд үлдсэн. 1911, 1921 оны түүхийг ярих бол Богд хааны гавьяаг ярих ёстой. Ер нь тэгээд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунханг Төрийн ордноос хэн гаргаж хаясан юм. Ц.Нямдорж, чи гаргаа биз дээ. Тэр үедээ хашгирахгүй яасан юм. Бөхийн тухайд ярихад парламент бөхийн цол ярьж доошоо орохоо болъё. Энэ мөчөөс хойш холбоо нь бөхийн дэг жаягаа яриг.

УИХ-ын гишүүн С.Баярцогт: -Ж.Самбуу, Х.Чойбалсан нарын шарилыг Төрийн ордноос гаргаж оршуулах ажлыг би тухайн үед гардаж хийж байсан. Маш хүнд ажил байсан. Энэ хүмүүсийг хүн шиг оршуулж чадаагүй байсан, харин Алтан-Өлгийд хүн шиг нутаглуулж хүндэтгэл үзүүлсэн. Энэ бүхнийг хийснийхээ дараа “Бид зөв юм хийжээ” гэж бодогдсон. Манай Сэлэнгэ аймаг бол Ардын хувьсгалыг эхлүүлсэн өлгий нутаг. Энэ түүхээр бахархаж өссөн. Ардын хувьсгал гэдэг үгээ хэрэглээд явах ёстой. Ардчилсан нам бол Монголын түүхийг уртаар нь бодитоор нь эргэж хардаг байя гэж зорьж яваа. Энэ нь ч зөв. Хуулийг хэрэгсэхгүй байгаа төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Ардын хувсгал гэдэг үгийг авч хаясан Ёслолын албаны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хоёрыг зайлуулах хэрэгтэй. Ардын хувсгалын ойг нь байхгүй болгочихоод наадам хийж, бөхөд цол олгоно гэж юу байдаг юм. Хаанаасаа хаалгач гэж үг бий. Муу хаалгач байгаа бол бүгдийг нь төрөөс зайлуул. Харь сэтгэлтэй хүмүүсээ бүгдийг зайлуул. Хачин юм хийчихээд гэм зэмгүй царайлаад яваад байгааг ойлгохгүй байна, эрх баригчид аа. Хулгайч муур гэдэг шиг сэмхэн Ардын хувьсгалын 92 жилийн ой гэдэг үгийг аваад хаячихсан байх юм. Ардын хувьсгал, Тусгаар тогтнолоо үгүйсгэчихээд ямар наадмаа хийх гээд байгаа юм. Ямар бөхөө барилдуулах гээд байгаа юм. Тусгаар тогтнолоор оролдоод үзээрэй. Эцсээ хүртэл, чадах чинээгээрээ тэмцэнэ шүү. Энэ төрд шургалсан хулгайч муур шиг юмнуудаа зайлуулж санааг минь амраагаад өгөөч.

УИХ-ын гишүүн Су.Батболд: -Ардын хувьсгалын түүх Монголын ард түмний үнэтэй түүх. Шинэ бичлэг хийхийг оролдох улстөрийн хүчин байгаа бол буруу. Түүхээ урагшлуулахыг үндэстэн бүр хүсч байгаа, бид хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ сүүл үеийнхээ Монгол үндэстэнг аварсан түүхээ баллуурдах замаар түүхээ урагшлуулж, шинэ түүх бичих гэж байгаа бол бид буруу замаар явж байна. Түүх бол сайнтай, муутайгаа байх ёстой. Та нар ийм байдлаар дарангуйлал тогтоож болохгүй. Түүхийг дарангуйллаар тогтоож болохгүй, Монголын ард түмнийг доромжилсон хэрэг. Хэтэрч байна. Тусгаар тогтнолыг авчирсан хүмүүсийн дэргэд бид хэн ч биш. Тийм байж түүхийг завсарлаж байгаа нь буруу. Үе үеийнхний үнэтэй зүйл.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: -Ардын хувьсгалын ойг зарим түүхчид их будилуулж байна. Бараг ач холбогдолгүй мэтээр бичсэн өгүүлэл, нийтлэл сүүлийн үед сонин хэвлэлээр гарч байна. Одоогийн Монгол Улс тусгаар улс болсон түүхэн үйл явдлыг 1921 онд хийсэн биз дээ. 1911 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг зарласан явдлыг гурван улсын хэлэлцээрээр гадаад орнууд үгүйсгэсэн. Дандаа автономит гэсэн нэртэй явж байгаад 1921 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг хувьсгалчид баталгаажуулсан биз дээ. 1921 оны түүхэн үйл явдлыг үгүйсгэж байгаа хүмүүсээс улсынхаа тусгаар тогтнолыг зөвшөөрч байна уу, үгүй юу гэж асуумаар байна. Өнөөгийн гурван сая хүн бол тусгаар тогтносон Монгол Улс байгуулсны үр шим шүү дээ. Ардын хувьсгалын ой гэж ярьж болохгүй, тийм утгатай нэвтрүүлэг хийж болохгүй гэсэн чиглэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн гэсэн мэдээлэл явж байна. Үүнийг нягтлах ёстой. Өөрийнхөө түүхийг зөвшөөрдөггүй, түүхэн үйл явдлыг улс төрийн өнцгөөс үгүйсгэдэг байж болохгүй. Тэрбишдагва сайдын байдлыг сонслоо. Дээрээсээ зориуд зохион байгуулсан юм байна гэж ойлголоо. Иймэрхүү хандлага гаргаад байгаа төрийн албан тушаалтнуудтай хариуцлага ярих ёстой гэж үзэж байна. Бид тусгаар тогтнолынхоо учрыг өөрсдөө олохгүй бол хэн бидний тусгаар тогтнолыг дэмжиж баталгаажуулах юм бэ? Ингэж түүхээ гуйвуулдгаа болимоор юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Үг үсгийн юмаар маргаад байх хэрэггүй” гэж хэллээ. Гэвч энэ бол хуульд байгаа зүйл. Ард түмэн энэ баярыг Ардын хувьсгалын баяр гэж ёсчлон тэмдэглээд 90 гаруй жил болж байгаа. Үг үсгийн зүйл биш шүү. Засгийн газар баяр наадам зохион байгуулж чадахгүй байна. Засаг хууль зөрчөөд Ардын хувьсгалыг 92 жилийн ойн баяр наадам биш ээ гээд орж ирж байна. Ерөнхийлөгч үүн рүү оролцох ямар ч эрх байхгүй.  Засгийн газар оролцсон болж таарч байна, хамгаалаад суугаад байна. Хууль зөрчсөн хүмүүст яаралтай хариуцлага тооцох ёстой. Үндэсний баяр наадам гэж юуг хэлэх вэ гэхээр тусгаар тогтнолыг билигдсэн Ардын хувсгалын баяр, үүнийг улсын баяр наадам гэж хэлнэ гэж хуульд тодорхой заасан. Өнөө шөнийн дотор хот доторх самбаруудаа өөрчлөхийг хүсч байна. Ардын хувсгалын 92 жилийн ой гэдэг үгийг оруулах ёстой. Тэр байтугай радио, телевиз рүү чиглэл өгсөн, Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн гэж ярина шүү гэж дээрээс тушаал ирсэн гэж сэтгүүлчид ярьж байна. Хэчнээн ухаантай байлаа ч гэсэн түүхийг засварлаж болохгүй. Тусгаар тогтнолоос айгаад ичээд явж байдаг хүмүүсийг эх оронч гэж хэлэх үү. 91 жилийн турш Ардын хувсгалын баяр гэж тэмдэглэж ирчихээд одоо үгүйсгэж байна. Ингэвэл тусгаар тогтнол руугаа нулимсан, түүхээ гутаасан зүйл болно шүү гэдгийг хэлмээр байна.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9968


URL:

Сэтгэгдэл бичих