Бий биелээчдийн цугларалт зохион байгуулалт муутай болов
Ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас санаачлан зохион байгуулсан Бий биелгээг “Гиннесийн номон”-д бүртгүүлэх арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, 5204 бийлээч нэгэн зэрэг бүжиглэлээ. Уг арга хэмжээг зохион байгуулагчид хурсан олон болон жуулчдад монгол бүжгийн гайхамшгийг мэдрүүлэх зорилгодоо харамсалтай нь хүрч чадсангүй.
Бий бийлгээ бол ЮНЕСКО-гийн “Дэлхийн биет бус өв”-д бүртгэгдсэн, монгол үндэстний урлагийн үнэт өв билээ. Гэтэл нэгдсэн үзүүлбэрийн найруулга, бүжиг дэглэлч сонирхогчийн түвшинд байсан төдийгүй хөгжмийн дуугаралт хангалтгүй. Ямартай ч жанжин Сүхбаатарын талбайд Халх, буриад, барга, үзэмчин, дарьганга, цаатан, дархад, хотгойд, дөрвөд, баяд, урианхай, хотон, тува, захчин, торгууд, өөлд, мянгад, казак зэрэг 10 гаруй ястны бийлээчид нэгэн зэрэг бүжих байтал дуу хөгжим нь үл сонсогдож өөрсдийн хэмнэлээр л бийлэв.
Манай улсад бий бийлээч 100 мянга гаруй хүн бий гэсэн тооцоо байдаг. “Хөгсүү” чуулга өнгөрсөн жилээс 21 аймаг, 315 сум, нийслэлий бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бий бийлгээний сургалтыг үнэ төлбөргүй заажээ. Энэ сургалтад 15 мянга гаруй хүн хамрагджээ
Уг арга хэмжээнд Хэнтий аймгаас ирж оролцож буй багийн багш Ш.Намсрайгарав “Бид 120 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Долоо хоногийн өмнө XXIX тусгай сургуулийн дотуур байранд байрлалаа. Уг үйл ажиллагаанд зохион байгуулалт үнэндээ алга. Түүнээс биш энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа тун их баяртай байна” хэмээж байв.
Харин хамгийн ахмад бийлээч Т.Хорлоо “Би Ховд аймгийн Алтай сумаас ирлээ. Одоо 82 настай. Дал орчим жилийн өмнө бийлж эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд оролцох гэж 1500 км-ийн холоос ирсэн дээ. Ач зээ нартайгаа хамтран бийлж байгаа нь сайхан санагдаж байна. Бий бийлгээг биелэхэд биеийн бүх булчин шөрмөс хөдөлж эрүүлждэг юм. Тийм учир бага залуу үеийнхэн маань бийлгээг сайн сурах хэрэгтэй” гэв.
Ардын урлагийн “Хөгсүү” холбооны дарга Ч.Өнөртүвшин “Геннисийн байгууллагаас албан ёсоор гэрээ хийгээд өнөөдөр батламжуудаа авсан. Харин бид шүүгчийн төлбөр болох 8 мянган фунт стерлингийг төлөөгүй учир шүүгчид маань өөрсдөө ирэх боломжгүй болсон. Өнөөдрийн хамгийн бага нь гурван настай, хамгийн ахмад нь ерэн настай бийлээч байна.
Геннисийн хороонд бид 10 төрлийн ястнууд бүгд өөр өөрсдийн онцлогийн харуулсан бийлгээ хийнэ. Энэ нь арван өөр төрлийн ястан гэдгийг илтгэх юм. Харин эдгээр бийлээчид нийлээд нэгэн зэрэг бийлэнэ гэж бид эрхээ авсан. Энэ нэгдсэн бийлгээнд жороо морины явдал ,монголчуудын өөдлөн дэвжихийн бэлгэдэл болсон хөдөлгөөнүүдийг багтаан бийлнэ. Бид шүүгчдэд видео бичлэг явуулна. Гурван телевиз зэрэг бичлээ. Үүнийгээ явуулна. Бүх оролцогчдыноо анкетыг англи хэлээр орчуулаад явуулна. Бүх зүйл гэрээний дагуу явж байгаа” хэмээлээ.
Я.Баяр
montsame
URL:





