Монголд юу болоод байна вэ нийтлэлд хариу

280x500JobPeople2_crop380wБаярхүү  таны бичсэнийг уншлаа. “Бурхан” хүн ингэж мушгиж, гуйвуулж, бас дэгсдүүлж болохгүй л дээ. “Номонд”  чинь  харш биз дээ? Зарим нэг “мухар сүсэгтэн” таны үгийг “Бурханы үг” гээд буруу ойлголт авчих вий гэж бодоод  хэлсэн үгэнд чинь хариу тайлбар хийе гэж бодлоо.

Монголд юу болоод байна гэж дуу алдахаасаа өмнө Монголд ямар байсан бэ гээд нэг бодоод үзэх хэрэгтэй байсан юм. Тэгвэл Монголд ямар байсан юм? Шинэ засаг бий болохоос өмнө  шүү дээ.
Яг үнэндээ бол хууль журам нь гууль зэс болчихсон, дураараа аашилдаг нь хэтэрсэн, хулгай зэлгий хавтгайрсан, замбараагүй байдал ноёрхсон, шударга ёс гудрага болсон ийм л байсан.
Хууль гууль болсон нийгэмд эргээд бүх юмыг эмх  цэгцтэй ном журмын дагуу болгоход  “Бурханы нэр барьсан” тань шиг хүмүүсээс эхлээд өрвөлзөж эсэргүүцэх хүмүүс бас цөөнгүй байна.  Энэ ямар хүмүүс вэ гэдэг нь доор гарах болно.

Телевизийн хэрэг л гэнэ. Харилцаа Холбооны Зохицуулах газартай хийсэн гэрээний заалтуудаа биелүүлж чадаагүй л бол ТВ-үүд  эрхээ хураалгах нь  ойлгомжтой. Гэрээг яах гэж байгуулдаг юм? Хоёр тал хоёулаа мөрдөх гэж хийдэг юм биш үү? Тэр кабелийн ТВ-үүд гэрээгээ биелүүлж чадаагүй бол ингэж гоншигонох хэрэггүй. “Шонхор” ТВ-ийн Мөнхбаясгалан хүртэл боож .үхэх дээрээ тулаад одоо шинэчлэлийн засаг руу дайрдаг болсон байна л ээ, аргагүй. Дээхэн үед  бол МАН-ыг “авч өгдөг” сэтгүүлч байсан юм шд. Тэр сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойг “тохиолдуулж бэлэг барилаа” гэж  ховч авгай нар шиг битгий  мушги. Тэгж таараа биз. Хэн ч бодоожоор тэнэг амьтан л зориуд тэгж хүний дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэх юм хийх байх.

Бат-үүл  өөрийг чинь бодвол түүхэнд үлдэх гавъяа байгуулсан хүн. Хорин хэдэн жилийн өмнө зүгээр нэг “хашгираад” яваагүй юм. Одоо ч гэсэн энэ замбараагүй байдлыг цэгцлэх гэж чадлаараа хичээж яваа. Гудамжныхаа даацнаас хэтэрсэн шинэ хуучин олон төмөр хэлхэлдээд түгжрэл үүсээд байгааг багасгах гэсэн нэг л арга шүү дээ, тэр номероор явдаг журам чинь. Бага ч гэсэн нэмэр болж л байгаа, худлаа гэхгүй байх. Жолооч нар ам сайтай, дэмжиж байсан даг. Зарим нэг арчаагүй нь номер сольж явах гэх мэт асуудал гаргаж л байсан. Олон хүн дотор тиймэрхүү хар амиа бодсон, дотуур тамиртай юмнууд байх. Та тийм мэргэн ухаантай юм бол  өөрийнхөө шийдлийг санал болгохгүй яасан юм?

Ер нь зөв гарын дүрэмтэй манай улсад буруу жолоотой машин оруулахыг, мөн зорчихыг  зөвшөөрч энэ замбараагүй байдлыг үүсгэсэн өмнөх засгийн лай ланчигийн нэг нь энэ. Дүрэм журмаа уландаа гишгэсэнийг гэрчлэх баримт. МАНгаруудын хийсэн энэ мэт “бантан” олон бий. Цаашдаа буруу жолоотой машиныг оруулахыг хорьсон учраас одоо явж байгаа нь “тэтгэвэртээ” гараад дуусахаар зөв  жолоотой нь үлдэж бүх юм эргээд эмх цэгцэндээ орох болно, санаа зоволтгүй.

Байшин барилгын тухайд ч мөн адил. МАН-ын засаг дарга нар хуулиараа хориотой газруудад зөвшөөрөл өгсөний гайгаар (шанд  нь яаж хоосон байгааж)  дархан цаазтай Богд уулын хаяагаар  баахан байшин, Туул голд тулгах шахуу барьсан хорооллууд бий болсон юм шүү дээ. МАН-ын хөхиүлэн өөгшүүлсэний гайгаар дуртай газраа байшин барилгаа барьчихаад дараа нь зөвшөөрлийг нь “худалдаад” авчихдаг гаж  жишиг хүртэл тогтсон байв даа. Зөвшөөрөлгүй барилгууд ихэнхдээ иймэрхүү “аргаар” боссон байгаа. Хулгайч шиг л аашилдаг байж. Ингэж замбараагүй барьсанаас болж үзэмж талаасаа ч , хотын төлөвлөлтөнд ч саад болж байгаа барилга цөөнгүй бий. Заримыг нь нураах шийдвэр гаргахаас аргагүй. Хүүхдийн тоглоомын газар, сургуулийн биеийн тамирын талбайг  хүртэл  дээрэмдээд барилга барьсан байгаа. Энэ бүх заваан юмыг цэгцлэх гэхээр “нураах гэлээ”, “хураах гэлээ” гэж чарлалдах. Хот гэдэг чинь замбараагүй барилгуудын цуглуулга биш.

Нарийн бүдүүн царигтай төмөр замын тухайд бол УИХ-аас баталсан бодлого бий. Монголын төмөр замын систем ийм царигтай байна, тэгээд нэгдмэл систем байна гээд баталчихсан. Бүдүүн царигтай байна гэсэн бол манай сүлжээ бүхэлдээ тийм байна л гэсэн үг. Баталчихсан бодлогоо л барих хэрэгтэй.  Энэ улсад чинь аливаа юман дээр бодлого гэж байх ёстой, тэрийгээ баталсан бол дагах ёстой бус уу? “Бурхан” гуайн хэлсэнээр, Баттулга гэдэг жиргээч бөхийн яриад байгаа асуудал биш юм. Гэхдээ богинохон маршрутад өөр цариг байж болох тухай зохицуулалт тэнд яваа, гэхдээ энэ чинь эргээд Их Хурлын шийдэх асуудал. Хувийн компаниуд хувиараа урагшаа нарийн царигтайг тавьж болно, болохгүйг тэр баталсан бодлогоороо л зохицуулна. Ер нь төмөр зам бол улсын мэдэлд байх ёстой чухал салбар. Нөгөө мундаг Америкт ч ийм л байдаг. Оросууд манай томчуудад их хэмжээний мөнгө амлаад Монголын төмөр замын ажлыг гацааж байгаа юм  байх гэж цуурч байж хэрэгт оров. Нямдорж Баттулгыг гүтгээд яалаа? Цаадахынхаа араас орох гээгүй бол хэлж ярьж байгаа юмаа жаахан бодож байхыг зөвлөе. Бонд арилжаалсан мөнгөнөөс төмөр замын ажилд зориулж хөрөнгө гаргасан болохоор бүтээн байгуулалт эхлэх биз ээ, бүү санаа зов.

Гадаадын хөрөнгө оруулалт буурах болсон гол шалтгаанууд  юу вэ? Нэгдүгээрт, МАН-ын засаглалын үед баталсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай  хуулийн өөрчлөлтөөс, хоёрдугаарт, мөн МАН-ын засаглалын үед  (УИХ-ын тогтоолын заалтыг  зөрчин байж) байгуулсан Оюутолгойн гэрээтэй холбоотой маргааны улмаас. Эдгээр шалтгаануудаас болж гадныхан болгоомжлох болсон. Одоо тэр хуулийг зассан, харин Оюутолгойн асуудал цэгцлэгдээгүй байгаа. Би андуураагүй бол шинэ засгийн  газар, Их Хурлаас гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй  учраас гадны хөрөнгө оруулалт буурсаныг одоогийн засагт тохох нь утгагүй.

Баярхүү та дэлгүүрээс хугацаа нь хэтэрсэн, эсвэл хуурамч шошго наачихсан хүнс худалдаж аваад зооглоодохсон чинь  хордлого аваад дээгүүр доогуур онгорхой бүхнээрээ гүйлгээд, эмнэлгийн тусламж авч байж нэг юм амьд үлдсэнийхээ дараа хэнийг хамгийн түрүүнд заамдаж авах вэ? Дэлгүүрийн эзнийг биз?  Тэгвэл “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө” газар чинь ийм байдал гаргуулахгүйн тулд ажилладаг байгууллага. Зэрлэг капитализм ч гэлээ гэсэн шударга ёс гэж байх ёстой. Этик гэж нэг юм бий. Нефтийн бүтээгдэхүүн импортлодог компаниуд хоорондоо үгсэж түлш, бензинийхээ үнийг нэмж байгаа бол монополиос ялгаа алга. Гурван секунд утсаар ярьчихаад 1 минутын төлбөр төлж байгаа бол шударга бус. Бараа бүтээгдэхүүхийхээ шошгон дээр орц юмаа бичдэг байх нь хаана ч байдаг, заавал  хэвших ёстой зүйл. Улс шүү ухаантай юм бол өөрийнхөө валютаар дотооддоо  бүх гүйлгээгээ хийдэг байх  ёстой. Агаарын тээврийн компани байна уу, үс хусдаг газар байна уу ялгаагүй, хэрэглэгч, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хохироосон бол төлбөр, торгууль төлдөг ёс бий. Соёлтой хөгжсөн орнууд  бүгд л ингэж иргэдийнхээ эрх ашгийн төлөө байдаг. Тэгсэнийхээ төлөө коммунистаараа дуудуулж байхыг мэдэхгүй юм байна.

Масс нь дэндүү ядуу учраас нэг хэсэгтээ төр засаг харж хандахгүй бол болохгүй. Зөнд нь хаявал шургаад ойчно. Тиймээс ч махны үнэ, нийтийн тээврээр зорчих үнэ гэх мэтийг засгаас бодлогоор доош нь барьж байгаа байх. Өөрийн чинь тахин шүтдэг МАН гарсан ч ингэхээс  аргагүй  байдалд  орно. Яагаад ийм байдалд хүрэв гэхээр эргээд өмнө засаглаж байсан МАН руу чичих хэрэгтэй болно.

Шоронд хийлээ, шонд өлгөлөө гэнэ. Авилгач, хулгайч, угаагч нарыг тэгээд яах юм?  Алтан гадас, Сүхбаатарын одонгоор шагнах уу? Гавъяат мөнгө угаагч цол бий болгоод шагнах ёстой байсан юм уу?  Та санаа зоволтгүй, зүгээр хүнийг нотлох баримтгүй сэжиглэж саатуулна гэж байхгүй. Ер нь бол хуулийнхаа дагуу шалгагдаад  хийсэн хэрэгтээ зохих ялаа аваад түрүүчээсээ “Гүүд бай” гээд дээлээ нөмрөөд явж байгаа биз дээ?

Эцэст нь  хэлэхэд, өөрийн чинь сүржин гүтгэлэг хол явахгүй ээ. Яахав, дураараа авирлаж байсан, урьдын юм нь боломжгүй болоод ирэхээр уурлаж зүхэх, хараах хүмүүс бий бий. Зөвшөөрөлгүй газар барьсан байшингаа нураалгаж байгаа  эзэд, авилгаар авсан лицензүүдээ хураалгасан “том гарын нинжанууд”, үгсэж монопольддог байсан боссууд, “мөнгө угаалгын газар” ажиллуулдаг байсан төрийн өмчит газар, байгууллагын хуучин удирдлагууд, албан тушаалтнууд, тендэрийн наймаачид гээд олон хүмүүс шүдээ хавирч, шүлсээ үсчүүлж байгаа. Гэвч ард түмэн дийлэнхдээ өөрчлөлт шинэчлэлтийг мэдэрч, дэмжиж байгаа. Салхи эргэсэн гэдгийг иргэд мэдэж байгаа. Тиймээс энэ мэт увайгүй юм бичиж нэр нүүрээ баастаж суух хэрэггүй биз ээ гэж хэлээд дуусгая.
Залхуурахгүй бол хариу сараачина биз.

omun pmag numosod@gmail.com
Цахим өртөө сүлжээнд 2013-06-16нд


URL:

Сэтгэгдэл бичих