Хятадын зүүн өмнөд хэсэг хар салхинд өртөөд байна

“Соулик” нэртэй хар салхи Хятадын зүүн өмнөд хэсгийн эрэг хавийн Фуцзянь, Чжэцзян мужуудад нүүрлэж, ихээхэн гамшиг тарьжээ.
Салхины хурд цагт 120 км хүрсэн бөгөөд цаг уурчид 400 мм хур тунадас орно гэж таамаглаж байна.
Эрх баригчид хөрсний нуралт болох аюултай байгаа уулархаг бүсээс 300 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Түүнчлэн 160 агаарын нислэг цуцлагдаж, загасчид далайд гарахгүй байх зааварчилгаа авсан байна.
Үүний өмнө “Соулик” Тайванийг дайран өнгөрөх үед салхинд унасан тоосгонд цохиулж нэг цагдаа амиа алджээ. Мөн олон арван хүн хөнгөн гэмтэл авч, 8500 орчим хүн орон гэрээ орхин явахад хүрсэн аж.
Хүчтэй салхины улмаас гэрэл цахилгаан тасарч, модод үндсээрээ булгарч, замын гэрэл дохио, тэмдэг унажээ. Байгалийн гамшигтай холбогдуулан 50 мянган цэргийн албан хаагчдыг бэлэн байдалд оруулсан аж.
Үүний зэрэгцээ баруун өмнөд Сычуань мужид долдугаар сарын 4-нөөс хойш усархаг бороо тасралтгүй орж байна. Нийт орсон тунадасны хэмжээ 620 мм-ийг давсан нь 1951 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
2008 онд болсон газар хөдлөлтөд өртөж ихээхэн эвдэрч сүйрч байсан Дуцзянянь хотоос холгүй орших Чжунси тосгонд хөрсний нуралт болж 43 хүн амиа алдсаны ихэнх нь багахан хэмжээний гэр зочид буудлуудад буусан гадаадын жуулчид аж.
Түүнээс гадна тус мужийн бусад газруудад үер болон хөрсний нуралтын улмаас есөн хүн нас барж, олон зуун хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Сычуань мужид үерийн аюулд нийт 480 мянган хүн өртөж, 37 мянган хүнийг нүүлгэн шилжүүлснийг мужийн захиргаа мэдээлжээ.
Одоогийн байдлаар Хятадын 2.5 сая иргэн гамшгийн улмаас ямар нэг байдлаар хохирч, нийт 12 тэрбум юань (хоёр тэрбум ам.доллар)-ийн эд материалын хохирол амсчээ. Энэ бүс нутагт халуун орны хар Байнга л болдог. 2009 оны наймдугаар сард “Моракот” хар салхины улмаас Тайваньд 376 хүн амиа алдсан юм.
Хятадын Төрийн зөвлөлийн тэргүүн Ли Кэцян цаашид цаг агаарын урьдчилсан мэдээ, усны далан болон хадгалах байгууламжуудын нөхцөл байдалд хийх мониторингийг сайжруулж, цаг алдалгүй ард иргэдэд мэдээлж байх шаардлагыг Засгийн газарт тавьжээ. Сүүлийн үеийн мэдээллээр хар салхины хүч аажмаар буурч байгаа аж.
Б.Мишээл

URL:













