Монгол хүн эх орондоо хангалттай цалин авах боломж бий юу?
Нийтлэгчээс: Уг өгүүллийг одоогоос 7 жилийн өмнө нийтлүүлж байсан бөгөөд авторын үзэж байгаагаар агуулга нь өнөөдөр ч гэсэн ач холбогдолтой хэвээр байгаа аж. 130716
Өнөөдөр монгол хүн гадаадад гарахаараа хэнээс ч дутахгүй ажиллаж, бас ч гайгүй цалин авч болоод байдаг хирнээ эх орондоо болохоор нэг бол ажлын байр олдохгүй, олдлоо гэхэд ихэнх тохиолдолд үхэж ч болохгүй, амьдарч ч болохгүй өчүүхэн бага цалингаар голоо зогооход хүрдгээс манай хөдөлмөрийн насныхны хамгийн шилдэг хэсэг нь болох эрчтэй хүчтэй залуучууд маань эх орноосоо бөөнөөрөө дайжиж, оронд нь ихэнхдээ хятадуудаас бүрдэх гадаадынхан ажлын байрыг нь эзлэж, улс орны өнцөг булан бүрээр хяналтгүй тарж, үндэсний аюулгүй байдалд ч заналхийлэх хэмжээнд хүрч очиж байж ч болзошгүй болж байна.
Монгол хүн эх орондоо хангалттай цалин авч болохгүй байгаа нь эдийн засгийн хөгжлийн төвшинтэй холбоотой тал бий хэдий ч, төрийн бодлогын дутагдал, чадваргүй алба залгуулагчдын балгаас болж байгаа нь нь бас байна. Тухайлбал, монгол хүн эх орондоо ажиллаад гадаадад ажиллаж байгаагаасаа огт дутахгүй, жишээ нь сард 1000 ам. доллар, түүнээс ч дээш цалин авах эдийн засгийн үндэс, бодит боломж манайд бий болж эхэлж байгаа бөгөөд өдөр ирэх дутам улам ихээр бий болох болно.
Ийм цалинг эхний ээлжинд манай экспортын салбар, ялангуяа эрдэс түүхий эд олборлох, боловсруулах салбарт ажиллаж байгаа, удахгүй ажиллах хүмүүсээс эхлэн олгож эхлэх эдийн засгийн үндэс бүрэн бий.
Тухайлбал, манай уул уурхайн салбарт ажиллаж байгаа компаниудын бүтээгдэхүүн дотоодын зах зээлд худалдагддаггүй, экспортод дэлхийн зах зээлийн үнээр гардаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл тэдгээр компанийн экспортлож байгаа бүтээгдэхүүний үнэнд ажиллах хүчний зардал буюу ажиллагсдын цалинг дэлхийн зах зээлийн жишгээр суулгаж өгөхөд тухайн компаниуд хэвийн дундаж ашигтай ажиллах боломжтой гэсэн үг. Нэгэнт тийм эдийн засгийн боломж байгаа юм чинь компанийн эзэд хүсэх л юм бол бүх ажиллагсаддаа дэлхийн зах зээлийн дундаж нөхцлийн жишгээр цалин олгож чадна гэсэн үг. Тэгэхээр хүсдэггүй учраас олгохгүй байгаа хэрэг. Яагаад хүсэхгүй байна вэ гэхээр зүгээр л манайд цалингийн жишиг гэж заримдаа хүчээр барьж байдаг утгагүй юм байгаагаас л болж байгаа хэрэг. Төр засаг нь ч өөрөөр сэтгэдэггүй, хүн амын сэтгэхүй нь ч дасчихсан. Үүнийг гадныхан эхэлж гаднаас орж ирэхдээ монгол хүмүүст бага ч гэсэн монголдоо бол гайгүйд тооцогдох цалин олгож эхэлснээ удалгүй шалд нь унагаж байгаа жишээнээс ч харж болно.
Тэгэхээр одоо яахав? Ийм нөхцөлд шууд төрийн, хуулийн хүчээр нэвтрүүлэхээс өөр аргагүй. Тухайлбал, гадны ч, дотны ч компаниудад ашигт малтмалын орд газрын лиценз олгохдоо “ажиллагсадаа дэлхийн зах зээлийн дундаж жишгээр цалинжуулна” гэсэн болзолтойгоор олгох хэрэгтэй. Үүнийгээ хуулинд суулгах хэрэгтэй. Тэр жишиг уурхайнуудыг, тарифуудын хамт ЗГ-ын шийдвэрээр жил жилд баталгаажуулан сонгодог байсан ч болно. Ер нь тэгэх хэрэгтэй болно байх. Гүйцэтгэлд нь төрөөс хяналт тавьж, биелээгүй байвал олгогдоогүй цалингийн зөрүүг улсын орлого болгоод дээрээс нь нэмээд тодорхой тогтсон тарифаар, жишээ нь олгогдоогүй цалингийн тодорхой хувьтай тэнцэх ч гэдэг юм уу торгууль тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шийтгүүлснээс тэр цалинг нь хуулийн дагуу олгож байх нь компаниудад дээр байхаар нөхцөл тогтоох хэрэгтэй юм.
Гэхдээ энд адилхан цалин олгоно гээгүй, адилхан тарифаар бодож цалинжүүлна гэж байгааг анхаарах хэрэгтэй. Жишээ нь адил багаж хэрэглэж, адил гүнээс, адил хэмжээний хүрд малтан гаргасан монгол ажилчин энэ ажлынхаа төлөө канадын уурхайчнаас яагаад бага хөлс авах ёстой юм бэ? Адилхан техник ажиллуулж буй монгол хүн бусад үндэстний төлөөлөгчөөс бага цалин авах үндэс ч бас л олдохгүй. Социализмын үед манай ажилчид адил хэмжээний ажил хийсэн оросуудаас бага цалин авдаг байсан тохиолдол байсан гэдэг. Шалтгаан нь бид үнэн хэрэгтээ оросуудтай зарим юман дээр колони орны нөхцлөөр хамтран ажилладаг байсанд оршино. Одоо бол бид хэний ч колони биш. Өөрсдөө л өөрсдийгөө арчаагүй төрийн бодлого, албатуудаасаа болж зориуд колони болгодоггүй л юм бол. Монгол хүнийг колони орны оброген шиг дорд үздэг сэтгэлгээнээсээ бид өөрсдөө ч хагацах цаг болсон. Яахав эхний, дадлага туршлагагүй үедээ монгол хүн бага л цалин авна л даа, ганц хоёрхон зуун доллар ч юм уу. Аажмаар дадлагажаад, мэргэшээд ирэхээрээ хэдэн мянган долларын цалин авдаг болно. Яг гадаадын адил төрлийн уурхайн ажиллагсад шиг. Ялангуяа манай ордуудын үр ашгийн төвшин (ордын агуулга, уул геологийн нөхцөл зэргээс хамаарах) бусад орнуудынхаас дээгүүр байх нөхцөлд бол ингэж цалинжүүлэх нь бүр ч боломжтой. Гадны дундажаас өндөр цалинжүүлсан ч болно. Ашгийн төвшин доогуур бол яах юм гэж үү? Алба уу, түүнийг заавал ашиглах нь. Ашигтай болох үе ирэхээр нь л ашиглана биз дээ. Тэртэй тэрүй жаахан юм бас хойш тавьж жоорлох ёстой биз дээ, бид чинь.
Цаашид ийм өндөр цалинг экспортын салбаруудад аажим аажмаар нэвтрүүлж болно. Хамгийн гол нь өндөр үр ашигтай экспортын боловсруулах үйлдвэрлэлийн салбарууд бий болох ёстой. Энэ бол манай хөгжлийн хамгийн зөв хэтийн төлөв. Төрийн тогтолцооныхоо гажуудлыг засчихвал төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдаа ч цөөрүүлж, амьдралд нь хүрэлцдэг хэмжээнд цалин олгох боломжтой болно. Гэх мэтээр Монголчуудын цалинг нэмснээр Монголчууд гадагшаа зөвхөн сурах, аялах л гэж явдаг болох цагийг аль болох түргэн ирүүлэх бодит боломж бол бий. Зөвхөн төрийн бодлого, үйлдлээс л хамаарна.
Монголчууд нэг цалин аваад л ажил хаяад, эсвэл архи уугаад алга болдог, тиймээс хятадуудыг ажиллуулдаг гэж хэлэх нь бас байна. Үнэндээ цалин нь багадаад л тэгж байгаа юм. Өөр нөлөөлдөг юм ч бий гэсэн. Тэдгээрийг төрийн бодлогоор зохицуулах бүрэн боломжтой.
Бат-Оршихын Жамц
monlist@gmail.com
2007.06.16
URL:













