Дэд станц барих газрыг шийдвэрлэхээр болов

Дэд станц барих газрыг шийдвэрлэхээр болов

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани, “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр ирэх өвлийг нийслэлчүүд хэрхэн давах бэлтгэл ажлыг шалгасан юм.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн хувьд өвлийн бэлтгэл ажил ид дундаа явж байна. Их засвар 20.8 хувь, урсгал засвар 67.7 хувьтай гэв. Төлөвлөгөө графикийн дагуу ажиллавал ирэх аравдугаар сарын 15 гэхэд дуусгах гэнэ.

Жилийн жилд нийслэлийн цахилгаан, дулааны ачааллыг дийлэхгүй байгааг компаниуд учирладаг. Хэрэглэгчдийн өсөлт эрс өсч, 2011 онд 203024 хэрэглэгч байсан бол энэ тоо 2012 онд 40 мянгаар нэмэгджээ. Харин энэ жил 20 мянгаар нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

Өнгөрсөн жил захын хорооллын зарим айлын орон сууц хөлдөж, гэрэл цахилгаангүй байгаа талаар иргэд цөөнгүй гомдоллосон. Энэ байдал нь цахилгаан түгээх станцуудын хүчин чадал хүрэлцэхгүй байгаатай холбоотойг албаныхан хэлж байна.

Хотын “мээр” Э.Бат-Үүл “Улаанбаатар дулааны сүлжээ” компанид ажиллах үеэр хотын захын гэр хорооллын айл өрхийн цахилгааны хүчин чадал хангалтгүй, зарим айл нь цахилгаангүй амьдарч байгааг хэрхэн зохицуулах талаар компанийн захирал С.Төмөрхүүгээс лавлав.

С.Төмөрхүү “Нийслэлд жилд 15 мянга орчим айл цахилгаангүй байдаг. Улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалт, бусад хөрөнгийн эх үүсвэрээр жилд 8-10 мянган айлыг цахилгаанд холбодог. Энэ жил улсын төсвийн 8.1 тэрбум төгрөгөөр 7700 айлыг цахилгаанаар хангана. Цахилгаангүй, хүрэлцэхгүй байгаа айл өрхийн хувьд цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээний хүчин чадал дээд хэмжээндээ хүрч байгаатай холбоотой” гэв.

Энэ асуудлыг цэгцлэхийн тулд шинээр дэд станц барих шаардлагатайг нийслэлийн удирдлагуудад дуулгалаа. Түүнчлэн эрчим хүч тасалдсан, доголдсон гомдол саналыг хүлээн авагч дуудлагын төв “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид ажиллаж байна. Дуудлагын төвд ажлын өдрүүдэд 2000 орчим дуудлага ирдэг гэнэ.

Нэг дуудлагыг авах хугацаа гурван минут, хоёр минутад багтааж хариу өгч багагүй ачаалалтай ажиллаж буйгаа компанийн удирдлагууд хэллээ. Дуудлагыг зөвхөн утсаар авахаас гадна гар утсанд захиа хэлбэрээр ирүүлэх, мөн цахим хуудсаар хариулт өгч, нийслэлийн найман дүүрэгт хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллуулж байгаа ажээ.

Мөн эрчим хүчээр хангаж байгаа тоног төхөөрөмжийн 50-аас дээш хувь нь 30-аас дээш жилийн насжилттай байгаа ажээ. Энэ салбарынхны хувьд хүчин чадлаа нэмэгдүүлж, дэд станц барья гэвч газрын асуудал хүндрэлтэй болжээ. Энэ асуудлыг сонссон нийслэлийн удирдлагууд газрын асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм.

Компанийн зүгээс өмнөх жилүүдэд дэд станц барих газартай болох талаар багагүй хөөцөлдсөн ч эзэнтэй нэрээр хад мөргөсөөр ирсэн гэнэ. Харин энэ удаад хотын дарга нарын хүчээр газартай болох боломжийг олгосон юм.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн 35 кВт-ын дэд станц барих боломжит хэд хэдэн газрыг тэмдэглэж, ойрын хугацаанд мэдээлэхийг хүсэв. Албаныхан цахилгаан түгээх станцаас гадна дамжуулах станцын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ямар байгааг сонирхсон юм.

Дамжуулах станцууд нь үйлдвэрлэсэн эрчим хүчийг бөөнөөр нь худалдаж аваад түгээх сүлжээнүүдэд хүргэж өгч буй бөөний нийлүүлэгч компани. Нийслэлийг тойрсон 11 дамжуулагч станц бий. Тэдний долоо нь ачаалал нэмэх боломжгүй, техникийн хүчин чадал дээд хэмжээндээ хүрчихсэн талаар албан тоот ирүүлж эхэлжээ.

Харин “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийнхан нийслэлийн зарим шугам хоолойг шинэчлэх шаардлагатайг онцолсон юм. Хагарах аюултай шугам хоолой цөөнгүй байгаагаас гадна дулааны шугамын хамгаалалт дээр барилга барих болсныг анхаарч ажиллахыг хотын дарга үүрэгдлээ.

Мөн дулааны шугам шинэчлэхтэй холбоотой хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх төвшинд ярилцахаа амласан юм.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих