Хятадын төр бүтээн байгуулалтын төслүүдээ зогсоов
Хятадын Засгийн газраас нэгэн шийдвэр гаргав. Тэр нь ойрын таван жилийн хугацаанд төрийн албан хаагчдад зориулж барилга барихгүй байх явдал юм.
Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин ажлаа хүлээж авсан цагаасаа хойш авлигатай тэмцэж, эрх мэдэлтнүүдийнхээ тансаглалыг чадах чинээгээрээ хориглох болсон. Тэгвэл энэ удаад төрийн албан хаагчдыг өөрсдөдөө зориулж оффис, байр бариулахыг хязгаарласан байна. Түүнчлэн тэдэнд зориулан ойрын үер барихаар төлөвлөж байсан байгууламжуудын төслийг ч зогсоов.
Учир нь түүнд зарцуулах төсөв хэтэрхий их байгаа бололтой. 2007 онд Хятадын төв хэсгийн Анхуй мужийн төвд Пентагонтой дүйцэхүйц томоохон барилга барих болсон. Гэтэл Анхуй муж нь Хятадын хамгийн ядуу бүс нутагт тооцогддог. Чухамдаа ард иргэдийнхээ амьдрал ахуйд дэм болохын оронд өөрсдөдөө тансаг харш барихыг илүүд үзэж байжээ. Үүнээс өмнөхөн Шандон мужийн нийслэл Жинан хотын захиргааны байрыг барих ажил нэлээд хэл ам дагуулж байв. Тухайн үед тус барилгыг барьсан бол Азидаа л хамгийн томд тооцогдох захиргааны байр болох байжээ.
Гэвч энэ нь маш их үргүй зардлыг бий болгож байна хэмээн Хятадын эрх баригчид үзсэн бололтой. Хятадын кабинет болон Коммунист намын хурлаар иймэрхүү барилгуудын ажлыг зогсоохын зэрэгцээ үүнтэй төстэй томоохон төслүүдийг хаасан юм. Тэдгээр төсөл дунд нь багтсан гудамжны нэрийг өөрчилж, шинэ бүтээн байгуулалт барих, хот дахин төлөвлөх, галт тэрэгний шинэ буудал, шинэ зочид буудал болон оффисын барилгууд барих нь бүгд хориотой болжээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Коммунист намын хурал болсон. Тэр үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин томоохон албан тушаалтнуудаа зардлаа танаж, тансаг хэрэглээгээ хязгаарлах, цөөхөн ном хэвлэх, гадаадад айлчлал хийхдээ аль болох цөөхөн хүн дагуулж явах, замын зардлаа танах гэх шаардлагуудыг тавьсан юм. Түүнчлэн телевизээр тансаг хоол унд харуулсан сурталчилгаа явуулахыг хориглосон. Үүнээс болж тансаг зэрэглэлийн ресторанууд үйлчлүүлэгчгүй болсон гэдэг.
Ши Жинпиний энэхүү кампанит ажил хүний эрхийн төлөө тэмцэгчид эсэргүүцлээ илэрхийлсний дараа улам идэвхижсэн байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд тэдгээр эсэргүүцэгчдэд “тохирох” ял шийтгэлийг ногдуулсаар байгаа юм.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт хүний эрхий төлөө тэмцэгч Су Жиёоныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн буруутгаж, ял оноожээ. Гэтэл эхнэрийнх нь ярьснаар бол Су Жиёон сүүлийн гурван сар гэрийн хорионд байсан гэж байгаа. Энэ мэтчилэн улстөрчдийнх нь авлигын талаар мэдээлсэн хүмүүсийг “чангалах”-ын зэрэгцээ тэдний хэлсний дагуу төрийн зардлыг багасгах замаар авлигатай тэмцэх бүхий л арга хэмжээг авч байна.
Ши Жинпин нэгэн илтгэлдээ авлигын эсрэг хэрхэн тэмцэх тухайгаа онцолж, их л хүчтэй үгнүүд хэрэглэж байсан юм. “Авлига, үргүй зардал нь даамжирвал Коммунист намын мөхлийг даллана” хэмээн тэрбээр хэлж байв. Харин дараа нь томоохон албан тушаалтнуудаа шалгаж эхэлсэн. Тухайлбал, Хятадын гангийн салбарыг бүхэлд нь хариуцаж, төлөвлөгөө боловсруулах эрх бүхий албан тушаалд томилогдоод удаагүй байсан Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэд тэргүүн Лиу Тиенаныг Авлигатай тэмцэх газар нь шалгах болсон.
Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард Сичуань мужийн Коммунист намын дэд дарга Ли Чанченг авлига авсныг нь тогтоон албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүнийг үл хөдлөх хөрөнгийн худалдаанд оролцож хахууль авсан гэж Хятадын хэвлэлүүд мэдээлсний дараа хууль хяналтынхан нь ийнхүү хөдөлсөн юм. Коммунист намын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгд тооцогдож байсан улстөрчид ийнхүү ял оноосон нь Хятадын нийгэмд шуугиан тарихуйц үйл явдал болж байв. Түүнээс гадна Шаньдун мужийн амбан захирагчийн орлогч Хуанг Шэнд бүх насаар нь хорих ял оноож, эд хөрөнгийг нь хураан авсан.
Үүнтэй зэрэгцээд сүүлийн үед Хятадын мужуудын Засгийн газрын өр асар их болсон тухай мэдээлэл гарах болсон. Улсаасаа зээлж авсан мөнгөөрөө мужийн амбан захирагч нар зам, талбай, усны систем зэргийг байгуулсан. Гэтэл энэ нь эргэн ашиг олох боломж хомс дэд бүтцийн салбар юм.
Гэвч одоогийн байдлаар Хятадын мужийн засаг захиргааны нийт өр хоёр их наяд ам.долларт хүрээд байна. Энэ нь Хятадын нийт эдийн засгийн гурван сарын өгөөжтэй тэнцэхүйц дүн юм. “Brookings” институтын судлаач Чен Ли “Орон нутгийн эрх баригчид төсвийн хөрөнгөнийхөө дийлэнхийг барилга байшин барих гэх мэт бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан. Гэвч энэ нь Хятадын эдийн засагт томоохон хохирол учруулахаар болжээ.
Үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл, төрийн өмчит компаниудын монопольчлол зэрэг нь маш их эрсдэл дагуулж байна” хэмээн “Los Angeles Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Хэрэв түүний дүгнэлт үнэн бол Ши Жинпиний дараагийн алхам нь төрийн өмчийн компаниудынхаа зардлыг танах явдал байж магадгүй.
Т.Элиса
![]()
URL:













