Монгол хүүхдүүд хүчирхэг гүрнүүдийн өмнө хөл тавьжээ

4852317b1ca94a539fd961e212efff57_LОХУ-ын Санкт Петербург хотноо болж буй Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах “The National Geographic World Championship” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Г.Төрболд, У.Баярбат, Л.Амарболд нар Их Британи, БНХАУ, Болгар, Чехийн оролцогчдыг ардаа орхиж 11 дүгээр байрт шалгарлаа.

“National Geographic Монгол төсөл”, “National Geographic Kids Монгол” сэтгүүлийн санаачилгаар ШУА-ийн Газарзүйн Хүрээлэн, МУИС-ийн Газарзүй, Геологийн сургуультай хамтран “Монгол Вундеркинд-2013” олимпиадыг зохион байгуулж үндэсний ялагчдыг тодруулсан. Үндэсний ялагчаар тодорсон хүүхдүүд өчигдөр болсон тэмцээнээр Санкт-Петербург дэх дурсгалт газрууд руу хамгийн богино хугацаанд явган аялж,  мэдээлэл цуглуулах, мэдээллийн хамгийн чухал хэсгийг сонгон таван минутад багтаж танилцуулга хийх даалгаврыг амжилттай гүйцэтгэжээ.
Түүх соёлын дурсгалт 13 газрыг хугацаанд багтан, зөвхөн газрын зураг ашиглан явган явж, зургийг нь авч, мэдээллээр баяжуулан танилцуулга бэлтгэх хүнд боловч сонирхолтой  байлаа хэмээн манай оролцогсод ярив. Монгол хүүхдүүд анх удаа Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй ч асуудлыг өргөн хүрээнд цэгцтэй илэрхийлж, Англи хэлний мэдлэгээрээ илт давуу байсан хэмээн шүүгчдээс үнэлгээ авчээ. АНУ, Канад, Энэтхэг улсын сурагчид эцсийн шатны тэмцээнд шалгаран үлдсэн байна. Эцсийн шалгаруулалтыг АНУ-ын “Jeopardy!” хэмээх асуулт хариултын тэмцээний хөтлөгч Алекс Требек хөтлөн теле-тоглоом хэлбэрээр явуулах аж. Эл тэмцээнд 18 орны сурагчид оролцсон бөгөөд АНУ, Канад, Энэтхэгийн баг нийт оноогоороо тэргүүлжээ. Үндэсний Газарзүйн Нийгэмлэг 1989 оноос хойш жил бүр “National Geographic Bee” газарзүйн олимпиадыг зохион байгуулж иржээ. Харин 1993 оноос Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж буй аж. Энэ оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Google” ивээн тэтгэжээ.

Б.Заяа montsame


URL:

Сэтгэгдэл бичих