Улаанбадрахынхан Кожеговийг нутгаасаа гарахыг шаардлаа

383f331fa4f060656d2d6e119a360bce_LДорноговь аймгийн Улаанбадрах сумын малчид нутагт нь ураны хайгуулын үйл ажиллагаа \туршилтын олборлолт явуулсан\ явуулж байгаа  Францын “Арева” группын охин компани “Кожеговь” компанийг  нутгаасаа гарахыг шаардлаа.

Нутагт нь  мал  олонтаа  зүй бусаар хорогдсон, мал үхсэн шалтгааныг тодруулах эцсийн шинжилгээний дүн хараахан гараагүй, “Кожеговь” компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байхад  долдугаар сарын 22-ны өдөр  Зүүнбаянгийн Үнэгтэй гэх газар  дур мэдэн   дөрвөн өрөмдлөг зоосон нь  малчдын  дургуйцлийг хүргэжээ. Долдугаар сарын 22-ны өдөр  Улаанбадрах, Зүүнбаянгийн хэсэг малчин өрөмдлөг хийж буй газарт очиж эсэргүүцэл үзүүлснээр дөрвөн өрмийг нь буулгаж хүмүүсийг нь явуулжээ.

Үүгээр үл барам нутгийн малчид тус компанийн удирдлага, аймгийн удирдлага,  Цөмийн энергийн газар, холбогдох албан тушаалтнуудыг  нээлттэй мэтгэлцээнд дуудаж 31-ны өдөр Улаанбадрах    суманд иргэдийн хурал зохион байгуулж шаардлага тавьжээ. Тэд ганцхан зүйл хүсчээ. Одоо  дахин дахин хийх шинжилгээний дүнг хүлээх шаардлагагүй болсон, зөвхөн Гожеговь компани энэ газар нутгийг орхиод гар гэсэн шаардлагад  “Арева Монгол” компанийн гүйцэтгэх захирал Тьери Плайзэн “Бид цаашдаа  үйл ажиллагаагаа үргэлжүүлэх болно, Монголын Засгийн газар бидэнд  энэ эрхийг олгосон. Бид Монголын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэж хариулсан нь  малчдын хилэнг хөдөлгөлөө.

Танай үйл ажиллагааг зогсоосон байхад  ямар эрх мэдэлтэн танайд дөрвөн өрөм тавих эрх олгосон юм бэ гэсэн асуултад  Тьери Плайзэн “Нэгдүгээрт Зүүнбаян бол танай нутаг дэвсгэрийн газар нутаг биш, хоёрдугаарт Зүүнбаянд ажиллах уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулж бид  БОНХЯ-наас зөвшөөрөл авсан, мөн Цөмийн Энергийн газраас ажиллах зөвшөөрөл авсан” гэлээ.   Өнгөрөгч оны эхээр эхэлсэн малын зүй бус хорогдол  өнөөдөр 150 хэдийнэ гарч зөвхөн малчин Д. Норсүрэнгийн 10 гаруй үхрээс гадна олон малчны бод, бог мал үхээд эхэлсэн нь малчдын сэтгэлийг зовоож эхэлжээ.

Малын үхэл юунаас болсон талаарх  Монголын мэргэжлийн байгууллагуудын гаргасан олон удаагийн дүгнэлтийг малчид эрс эсэргүүцэж байна. Баруун Ёвропт ихэвчлэн тохиолддог малын абакан өвчний шинж тэмдэг байж болзошгүй, дараа нь малын кальцын дутагдал, хүнд металын хордлого зэрэг  олон дүгнэлтийг   хий хоосон  гэж    малчид залхаж гүйцжээ.  Энэ хавар  тус сумын гуравдугаар багийн малчин Д.Батзоригийн нэг үнээ  амьгүй тугал гаргасан, өөр нэг үнээнээс гэлжгий тугал гарсан, нас бие гүйцсэн ингэ  нь үхсэн байна. Бүдүүн ингэ нь 10 гаруй хоног хөдөлгөөнгүй хэвтэж байгаад үхжээ. Эмч дуудаж үзүүлэхэд 50 сая пенциллин хий гэсэн байна.

Эмч хэлэхдээ уушгиндаа жаахан сэв байна гэж хэлсэн аж.Тэднийх 2011 онд Кожеговь компанийн үйл ажиллагаа явуулж байгаа  Зөөвч овооны кэмп хавьцаа өвөлжиж, хаваржсан онцын зүйл мэдрэгдээгүй гэнэ. Харин тэндээс нүүж ирсний дараа өвчлөл гарсан  аж.  Д.Батзориг гуай өнгөрөгч хавар зургаан тэмээ борлуулахад уушги толботой, элэг цагаан толботой, хөрөөний эр шиг салаалсан байжээ. Тэрээр хэлэхдээ малын өвчин эмгэг гарсан бол бид эрх биш гадарлалгүй яахав. Гэтэл малын өнгө зүс гундаад,  хэдэн хоногоор өвс идэлгүй  байгаад үхээд байхад  ярьж хэлэхээс өөр яах билээ гэж байв. Малчид үүнд  ганцхан дүгнэлт хийжээ.

Үнэхээр хүнд металиас болсон юм бол өмнө нь яагаад үхээгүй юм. Кожеговь компанийг  туршилтын олборлолт явуулж эхэлснээс хойш мал үхэж эхэлсэн гэх  өөрсдийн таамаг  үнэн болж буй аж. Төл мал зулбарч гарна, тахир дутуу, илүү хөлтэй, эрүү дутуу төл мал ихээр гарчээ.   Эцэст нь малчид аймгийн Засаг дарга П.Ганхуягт хэд хэдэн шаардлага тавьлаа. Малын эмч нарын багийг Улаанбадрах суманд ажиллуулах, аймгийн ИТХ-ыг Улаанбадрах суманд хуралдуулах, Кожеговь компанийг нутгаасаа гаргах хүсэлт бүхий сумын иргэдийн гарын үсэгтэй өргөх бичгийг Засгийн газарт хүргэхийг шаардсан байна.      Хурлын төгсгөлд Улаанбадрах сумын иргэд “Амин нутаг” хэмээх хөдөлгөөн байгуулж төрж өссөн газар шороо, нутгаа хамгаалах үйлсэд нэгдсэн зохион байгууллалттай оролцохоор болов.

 

Дорноговь Х.Эрдэнэбулган

montsame


URL:

Сэтгэгдэл бичих