“Вирус”

Сүүлийн үед Н.Алтанхуягийн Засгийн засгийн газарт алдаа наагчид дэндүү олон болчихож. Гэхдээ тэд нь гаднаас бус дотроосоо. “Засаг болохгүй байна”, “Засгийн буруу ш дээ” гээд л. Энэ удаад ч тэр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Засгийн газрын зарим нэг ажил болохгүй, бүтэхгүй байгааг хэвлэлээр ил тодоор зарлав.
Ингэхдээ Чингис бондын зарцуулалт тааруу, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой яамдууд нь удаан ажиллаж байгааг онцолсон. Мөн “Рио Тинто”, “Чалко” зэрэг хөрөнгө оруулагчидтай харилцаж буй гүйцэтгэх засаглалын хандлагыг ч дурьдахгүй өнгөрөөгүй байна билээ. Тэр ч битгий хэл “Засгийн газар хэтэрхий доошоо ороод байна” хэмээн хэлсэн нь сүүлийн 20 жилд хийсэн дүгнэлт ч гэлээ Н.Алтанхуягийн Засгийн газрыг тойроогүй дайрсан гэдэг нь тодорхой.
Ингэснээрээ тэрбээр Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад гүйцэтгэх засгийн хөдлөх хурд, хийх ажил онцгой сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй байгааг батлав. Цаашлаад өөрийн гэсэн бодолтой улстөрчийнхөө хувьд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай яажшуухан зохицож ажилладаг юм бол гэх бодлыг төрүүлж орхисон юм. Нэг ёсны тэрбээр энэ удаагийн гүйцэтгэх засаглалд нэн шүүмжлэлтэй ханддаг дотоод “вирус”-ынх нь нэг байж мэдэх л юм. Зөв ярьж, буруу хийдэг улстөрчдийн нэг нь л биш бол шүү дээ.
Г.Отгонжаргал

URL:













