Эдийн засгийг эргүүтүүлсэн Засгийн газартай хэн хариуцлага тооцох вэ?
Эдийн засгийн хүндрэлүүд ар араасаа үргэлжилж, олон түмэн орох байх газаргүй болж байх шиг байна. Доллар ах “өндөр” болчихоод доошоо ч харахаа байсан. Гэтэл импортоор орж ирж байгаа бүтээгдхүүнүүдийн үнэ нэмэгдчихээд ахын өндрийг гүйцэх гэж чармайх боллоо.Цахилгаан, дулааны үнэ ч нэмэгдчихсэн. Орох оронтой болох гэсэн хүмүүсийн хүсэл бүр талаар болсон. 1 метр нь квадрат нь зарим газартаа 2 сая хүрчихээд байна. Гэтэл байр түрээслэгчид барьцаж бас түрээсийн үнээ нэмчихээд байгаа.
Энэ бүхэнд толгой гашилгаж суутал өнөөх их дээд сургуулиуд чинь төлбөрөө нэмэх тухай мэдээлэл нийгэмд шуугиан тариад эхэллээ. Одоо яадаг билээ. Гэхдээ их, дээд сургуулиуд төлбөрөө нэмэх үндэслэлгүй гэдгийг Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун өчигдөр мэдэгдэж, их дээд сургууль болон коллежийн удирдлагуудад шаардлага хүргүүлээд байна.
Түүнчлэн БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Батсайхан “Одоогоор сургалтын төлбөрөө тогтоогоод яаманд ирүүлсэн сургууль байхгүй байна” гэлээ. Ашгүй төлбөр нэг нэмэгдэхгүй байх боломж байгаа юм шиг байна.
Гэхдээ хичээлийн шинэ жил эхлэнгүүт л нэмэхээс өөр аргагүй гээд гүрийж суугаад нэмчихвэл яана вэ. Өмнөх жилүүдэд зарим сургууль дээр иймэрхүү асуудал гарч байсан.
Тэгвэл энэ жил төрийн бус өмчийн их, дээд сургуулиудын сургалтын алба сургалтын төлбөрөө бодит бус хэмжээгээр нэмэх асуудал гарвал О.Магнай ахаар хянуулах гэнэ лээ. Тэгэхээр их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэх асуудал дээр эцэг эхчүүд болон оюутнууд айгаад байх хэрэг алга. О.Магнай ахад хандахад л болох нь.
Харин байрны асуудал үнэхээр хүндрэлтэй байна. Байрны үнэ нэмэгдчихлээ гээд ШӨХТГ-ын дарга хэнээс ч айдаггүй, зоригтой, галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй О.Магнайд хэлээд ч нэмэргүй гэдэг нь харагдсан.
Тэр ч өөрөө бид байрны үнийн асуудлыг зохицуулж чадахгүй. Бараг л та нар худлаа нэмсэн гээд байгаа болохоос яг ямар барилга нь хаана, хэзээ хэдэн төгрөгөөр нэмчихээд байгаа юм гэж загнах шахсан. Тэгэхээр байрны үнийн асуудал дээр хэнд ч хэлээд нэмэргүй.
Даварсан барилгын компаниуд өөрсдийн дураар ашиг харж, иргэдийг шулах бодлого нь хэрэгжсээр, үргэлжилсээр л байна гэсэн үг. Ерөнхий сайд ч гэсэн бидний мэдэх барилгууд нэмээгүй ээ. Та нар танихгүй байрилгын компаниас байр худалдаж авчихаад хэл ам хийгээд, нэмэгдлээ гээд байна гэх ухааны зүйл ярина билээ.
Мэдээж валютын ханш нэмэгдэхэд шатахууны үнэд нөлөөлдөг жишиг бий. Шатахууны үнэ нэмэгдвэл дагаад мөн л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Ийм түгшүүр ч нийгэмд байгаа.
Гэтэл саяхан Уул уурхайн яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батхүү хэвлэлд өгсөн ярилцлагаараа шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн их аятайхан үгийг хэлнэ билээ. Үгэнд нь итгээд сэтгэл амар нэг хэсэг яваад үзэхээр өөр яахав.
Уг нь бол шинэчлэлийн засгийн газар ямар ч үнийн өсөлт байхгүй, байнга л нэг хэмжээндээ байна гэж их гоё ярьсан. Гэтэл гэнэт доллар ах “өсөж” том болоод “мөнгө” жижигрээд байгаа нь эдийн засагт бугшсан асуудлууд байгааг илтгээд байна.
Эдийн засаг хүндрээд байна гээд эдийн засагчид гарах арга замыг нь заагаад байхад Эдийн засгийн хөгжлийн сайд “супер тайван бай” манайд мөнгө өгнө гэсэн гээд сууж байх. Ерөнхий сайд нь болохоор эдийн засгийн асуудлаар ямар ч тайлбар хийхгүй, тэр хэлнэ, энэ тайлбарлана хэмээн чухал царайлж, хэнийг юу гээд аргалах вэ.
Хэн буруудчихав, түүний бурууг хэнд тохох вэ хэмээн толгойгоо ажиллуулж суух. Ямартай ч эдийн засгийн асуудал дээр Засгийн газрын зүгээс нэг иймэрхүү байдалтай хандаад байх шиг байгаа юм.
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn“

URL:













