Сү.Батболд сүйдлэгч, Н.Алтанхуяг аврагч гэнэ үү

Сү.Батболд сүйдлэгч, Н.Алтанхуяг аврагч гэнэ үү

Шинэчлэлийн гэгдэж байгаа Н.Алтанхуягийн Засгийн газар ажлаа эхэлснээс хойш хэл аманд өртөхгүй их л дардан сайхан замаар урагшилж байлаа.

Н.Алтанхуяг сайд ажлаа мэдэхгүй байгаа, Чингис бонд гаргаж хамаг мөнгөө тэрнийхээ хүүнд өгч, ашгаа авч чадахгүй болсон гэх мэт шалтгаанаар огцруулах асуудлыг ч сөрөг хүчин тавиад амжсан. Харин тухайн үед автозамууд баригдаж, их бүтээн байгуулалт эхлээгүй байхад манай Засгийн газрыг огцруулах асуудлыг ярилаа. Хэрвээ бид ажиллаж чадахгүй бол огцруул хэмээн бардам дуугарч байсан удаатай. Түүнээс хойш хоёр, гурван сар өнгөрөхөд нөхцөл байдал улам мууджээ.

Ам.долларын ханш суларсан, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт зогссон, гадны хөрөнгө оруулагчид нүүр буруулсан, нүүрсний үнэ буурсан, төгрөг суларч иргэдийн худалдан авах чадвар буурснаар Монгол Улсын эдийн засагт хямрал тохиолдоод байгаа талаар амтай бүхэн шагшилдаж, өдөр бүхэн хэвлэлийн хуудаснаа өмнөх Засгийн газрын буруу, одоогийн энэ засаг буруу ажилласан гэх талцсан, хэн хэндээ буруугаа чихэх гэсэн үгс “шарлах” болж.

Тодруулбал дэлхийн эдийн засгийн хямралын  үе буюу 2008-2009 оны үед МАН-ын  засгийн газар хүнд үеийг нэг жилийн дотор даван туулж тухайн үедээ 2009 онд  эдийн засгийн өсөлтийг 1.6 хувь 2010 онд 6.4 хувь цаашлаад  17.5 хувьд хүргэж, жилдээ дөрвөн тэрбум ам.долларын гадаад хөрөнгийг татаж хамгийн өндөр өсөлттэй эдийн засаг хамгийн их валютын нөөцтэй Засгийн газрыг АН-ынханд хүлээлгэн өгсөн гэх.

Гэтэл өнөөдөр нэг жилийн дотор эдийн засаг тогтворгүйжиж ам.долларын ханш хямралын үеийнх хүртэл нэмэгдэж  төсвийн алдагдал ихсэж гадаадын хөрөнгө 60-40 хувь буурч байгаа нь  Шинэчлэлийн Засгийн газрын ажлаа хийж чадахгүй шоудалт нь ихэссэнтэй шууд холбоотой гэж  сөрөг хүчин үзэж байгаагаа мэдэгдсэн билээ. Энэ бүх үүсээд байгаа нөхцөл байдалд сөрөг хүчин, эрх баригч АН-ынхан сайдууд, эдийн засагчид ямар байр сууринаас хандаж, шалтгаан юунаас болсон, хаанаас эхэлсэн талаар хэвлэл мэдээллээр дамжуулан өөр өөрсдийн байр суурийг ийн илэрхийлжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-800 сая ам.долларын  өртэй хасах оноотой Монгол Улсын Засгийн газар өмнөх дөрвөн жилийн хугацаанд гаднаас өр зээл аваад тэрнийгээ ашиггүй зүйлд  зараад  дууссан.

Өнөөдөр  өрөнд баригдахгүйн тулд зээлсэн мөнгөө  төлөх л хэрэгтэй. Монголчууд алт, зэс, нүүрсээ гадагшаа   гаргаж чадаж байгаа ч ямар ч  мөнгө орж ирэхгүй байгаа  үнэн шалтгаан нь өрөндөө өгөөд дуусч байгаа юм.

Товчхондоо бол  өмнөх хүмүүсийн балгийг барагдуулж дийлэхгүй байгаа нь  эдийн засгийг тогтворгүй болгох  нэг томоохон хүчин зүйл.

Санхүүгийн зах зээлийн холбооны захирал Ө.Ганзориг:

-Он гарсаар эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспорт 50 орчим хувиар, гадаадын хөрөнгө оруулалт 44 хувиар буурсан зэрэг нь долларын ханш өссөн томоохон шалтгаануудын нэг болоод байна. Үүнээс гадна нас богинотой популист амлалтууд, сонгогдох гэж тараасан хэдэн триллион төгрөг ийм нөхцөл байдалд хүргэх нэг шалтгаан болсон.

Өөрөөр хэлбэл энэ бүх мөнгийг урьдчилан зээл аваад тараачихсан шүү дээ. Одоо хэдийгээр экспортоос тодорхой хэмжээний орлого орж ирж байгаа хэдий ч өрөндөө өгөөд л дуусчихаад байна. Улс төрийн хариуцлагагүй, алсын хараагүй, ердөө дөрвөн жилийн сонгуулийн мөчлөг дагасан амлалтаас болж энэ бүх хүндхэн нөхцөл байдал үүсээд байна гэхэд хилсдэхгүй. Нэн тэргүүнд бид нүүрсний экспортоо сэргээх шаардлагатай. Бас гадаад талд улс орны имижийг засах, хууль эрхзүйн орчноо сайжруулах зэргээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах асуудлыг яаравчлах нь зүйтэй.

Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын зээл аваагүй бол, Монголбанк бодит сектороо дэмжсэн мөнгөний бодлого явуулаагүй бол өдийд эдийн засаг аль хэдийнэ гүн хямарчихаар нөхцөл байдал үүсээд байсан. Угаасаа 2012 оны зургадугаар сараас эхлээд хүндэрч эхэлсэн эдийн засгаа эмчлээгүй байсан бол ажилгүйдэл даамжирч цаашлаад банкуудын зээлийн багц муудаж “Шинэ хямрал” эхлэх байсан.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн:

-Засгийн газар ажлаа хийж байгаа. Миний хувьд бүх л чадлаа дайчилж ажиллаж байна гэж дүгнэж суугаа. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин хумигдлаа, бизнесийн орчин хатуурлаа гээд л цуурай дэгдээсэн. Гадныхны дэгдээсэн цуурайг Монголын зарим улстөрч олгож аваад л хашгирсан болохоос байдал хүндрээд байгаа юм алга.

Эдийн засгийн төлөв байдлыг харахад энэ онд ДНБ 14 хувьтай гарах хүлээлт байна. Улсын төсвийн алдагдал энэ онд их наяд хүрч магадгүй юм. Гэхдээ улсын төсвийн алдагдал Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас болоод үүсчихсэн асуудал биш юм. Энэ алдагдал бүр дөрөв таван жилийн өмнөөс 2008-2012 оны хооронд хэрэгжүүлсэн бодлогын алдаанаас болж байна. Засгийн газар уул уурхайгаас олсон ашгаа ард түмэндээ ижил тэгш хүртээнэ гээд баахан мөнгө тараалаа шүү дээ. Оюутолгой, “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”-д баахан өр тавьсан. “Эрдэнэс Тавантолгой” нь нүүрсээ зараад ямар ч нэмэргүй.

Өмнөх өрөндөө суутгагдаад таарч байна. Уул уурхай бол Монголыг хөгжил гэж итгэчихээд, сэтгэлийн хөөрөлдөө хэтэрхий автсанаас болоод өнөөдөр улсын төсөв алдагдал амсч байна. Уул уурхайгаа тэргүүлэх салбар гэж тодорхойлсон юм бол ашгаа зөв зарцуулах байлаа. Хэрэвзээ “Эрдэнэс Тавантолгой”-н нэрийг бариад Хятадын Чалкод өр тавиагүй бол эдийн засаг өнөөдрийнхөөс илүү өөр харагдах байсан. Нөгөө талаар дэлхийн зах зээлд зэс, алт, нүүрсний үнэ унаж байна. Улсын төсөв үүнээс болоод бас алдагдалтай гарах боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтад  бүх асуудлаа дайтгаж, найдах хэрэггүй л дээ. Тэд хаана ашиг хонжоо байна, тэнд цуглардаг хүмүүс шүү дээ.

Ер нь Монголд гадаадын хөрөнгө оруулагчдын лоббиг хийдэг улстөрч, хэвлэлийн бүлэглэл бий болчихож. Улстөржиж суухын оронд одоо улс орныхоо эрх ашиг, эдийн засгийн төлөө намууд хамтарч ажилламаар хиймээр зүйл олон байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-МАН-ынхан өмнө нь засгийн эрх барьж байхдаа олон будлиан тарьж байсан.

Харин одоо иргэд, сонгогчдоос оноо авах гэж ийм зүйл ярьж байгаа юм. Засгийн газрын гишүүд ажлаа хийж байгаа.

Бид улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд дүгнэлт хийгээд бодлогоо тодорхойлоод ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

-Эрх баригчид маань сөрөг хүчнийхнийг дандаа худлаа хэлдэг мэтээр хардгаас болж ийм байдал үүсчихлээ. Өмнөх Засгийн газрын алдаатай үйл ажиллагаанаас болж ийм нөхцөл байдал үүслээ гэж тайлбарлах юм.

Яг үнэндээ өмнөх Засгийн газарт хамтарч ажиллаж, өнөөдөр дангаараа төр барьж байгаа биз дээ. Өөрсдийнхөө алдаатай үйл ажиллагааг залруулж хэлэх шалтаг байхгүй учраас өмнөх рүүгээ түлхчихээд байдаг ч юм бил үү. Үнэндээ бол төрөөс явуулж байгаа алдаатай бодлогын үйл ажиллагаанаас болж байгаа.

Дэлхийн эдийн засагтай холбож ярих хэрэггүй. Дэлхийн эдийн засаг сэргэчихсэн байхад, Монголд хямралын тухай ярьж байна. Дэлхийн эдийн засаг хямарч байх үед энэ бүхнээс хэрхэн гарах, ард иргэдээ хохирол багатай, багахан өртүүлэх вэ гэдгийг өмнөх Засгийн газар сайн хийж чадсан.

Эрх баригчид улс орноо боддог л юм бол өөрсдийнхөө алдааг ухаараад сөрөг хүчнээ сонсох хэрэгтэй. МАН-д эх орныхоо эрх ашгийн төлөө ажиллаж байсан олон хүн бий. Тэдэнтэй хамтран ажиллаж, тэднээс суралц гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төгрөгийн ханш суларч, валютын ханш чангарч, улс орны эдийн засгийн байдалд хүндрэл үүсч байна. МАН олон жил засгийн эрх барьсан, ард түмэнтэйгээ ойр ажилладаг улс төрийн хүчний хувьд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн.

Өнөөдөр эрх баригчид бурууг бусдаас хайж, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэлийг зөвхөн өмнөх Засгийн газрын балаг мэтээр тайлбарлаж байна.

Уг нь асуудалд ингэж хандах учиргүй. АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлээд нэг жил өнгөрч байна. Үнэхээр өмнөх засгийн ажил муу байсан бол засч залруулж, сайн сайхан болгочих цаг хугацаа хангалттай байлаа. Харамсалтай нь, энэ Засгийн газрын үйл ажиллагаанаас тодорхой үр дүн харагдахгүй байна. Өмнөх Засгийн газрын үед одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд, УИХ-ын гишүүн С.Баярцогт Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

Хэрэв өмнөх Засгийн газрын ажил муу байсан бол тэр үед өндөр албан тушаал хашиж байсан энэ хүмүүстэй ч бас холбоотой байж таарна. Тийм учраас бурууг бусдад тохох байдлаар асуудалд хандаж болохгүй. Цаашдаа бусдыг буруутгаж биш, Ардчилсан нам эрхээ эдэлж байгаа эрх баригч намын хувьд тулгамдсан асуудалд анхаарч, үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээж ажиллах хэрэгтэй байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар:

-Багахан хэмжээтэй зээлийг сүр бадруулж өөрсдийнхөө ажиллаж чадаагүй нэг жилийн алдааг өмнөх Засгийн газар луугаа чихэж өөрсдөө гэмгүй үйлдэх гэж байгаад харамсч байна.

Асуудлын гол нь Шинэчлэлийн Засгийн газар гаднаас 1.5 тэрбум ам.долларын зээл  авч улсын өрийг эрс нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүнийг эргэн төлөх найдваргүй гудамжны засвар зэрэгт зарцуулж, үнийг тогтворжуулах гэсэн бодлогын дор 720 тэрбум төгрөгийг компаниудад тараасан үүний үр үнд инфляци зөвхөн эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 8.8 хувьд хүрч, энэ оны зорилт болсон найман хувиас он дуусаагүй байхад хэтрээд явж байна.

Тиймээс  эдийн засаг тогтворгүй байгаа энэ үед УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж төсвийн хуульд тодотгол хийж өнөөдөр  улс төржсөн, гадуурхсан, ялгаварласан төрийн дарамтыг болих, улс орны хөгжлийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах, эдийн засгийн өсөлтийн бодлогыг боловсруулж ажиллах, инфляцийг бууруулж үнийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээг тууштай авч, санхүү эдийн засгийн хямралыг нэн даруй зогсоох төлөвлөгөөг  гаргахыг  бид АН-аас шаардаж байгаа.

…Хамгийн их эрсдлийг бий болгож, инфляцид гол нөлөө үзүүлэх хүчин зүйл нь долларын ханшны өсөлт. Энэ өсөлт инфляцид хэрхэн нөлөөлдгийг бид өмнөх гашуун туршлагуудаас харж болно. Ам.долларын ханш өссөн нь Хадгаламж, Төрийн банкинд нэгдсэнээс үүдсэн гэх мэт жижиг сажигхан шалтаг тоочсон ч Үндэсний статистикийн хорооноос сүүлийн зургаан сарын турш  нам төвшинд байсан инфляци өсөлттэй гарсныг дуулгав. Өнгөрсөн зургадугаар сард жилийн  инфляци 8.8 хувьтай байсан. Харин хэрэглээний үнийн улсын индекс долдугаар сард өмнөх сарынхаас 0,1 хувь, оны эхнийхээс 4,9 хувь, өмнөх оны мөн үеэс 8,3 хувиар өсчээ. Төгрөгийн евро, ам.доллар, юань, рубльтэй харьцах ханш 10-16.6 хувиар суларсан гэдгийг ч Үндэсний стастистикийн хорооныхон дуулгасан юм.

“Хэргийн эзэд”-ийн ярьж байгаа юм нэг иймэрхүү. Аль, аль нь өөрсдийгөө өмөөрч, нөгөөгөө буруутгасан аястай. Буруутгал нь тодорхой баримт байхгүй, нэг үгээр хэлбэл барьцгүй. Тэгсэн атлаа баримт нотолгоотой шүүмжлэл гаргаад тавихаар “Ажил хийсэн хүнд алдаа гардаг юм аа” гэх маягтай. МАН-ын үед нөхцөлгүй олон ажил хийгээд нүгэлтэй их алдаа гаргасан хэрэг үү гэхээр бас л биш. Хоёр нам нэг нь эрх баригч болж, нөгөө нь сөрөг хүчин болж харагдах гээд л ядаад байх шиг. Нэг улстөрч “Манайхан ядаж статистик тоо баримтаа үнэн зөвөөр нь зарлачихдаг болмоор байна” гэж шүүрс алдаж байсан юм. Статистикийн тоо баримт худлаа гардаг гэсэн үг гэж ойлгосон. Тэр чинь өмнөх засгийн үе. Тэгэхээр, статистик тооцоо судалгаагаа яс хийгээд, үнэн зөвөөр нь зарлаад ирэхээр нийгэмд сандрал, самгардал үүсч байж ч мэдэх юм гэсэн бодол ч төрж байна. 2012 оны сонгуулийн өмнө Монгол Улс “үсрэнгүй хөгжих” өндөр магадлалтай, хүн бүрээ төгрөгийн саятан болгож маадгар явсан ч сонгуулиар төрийн эрх авсан нам хоосон данс хүлээж авснаа зарлаж байсан шүү дээ.

Иргэдэд хоосон төсөөлөл бий болгож тоглож байсан нь тэгж мэдэгдэж байгаа юм. Улс төрчид нь хүндрэл бэрхшээл, ололт амжилт аль алиныг нь үнэн зөвөөр ярьж хэлдэг, хэлэлцдэг зарчимд орчихвол яваандаа жирийн иргэд бид ч дасч, “одоо тэгнэ гэж байна, ингэж ч магадгүй” гэж дагаж хөөрцөглөхөө болино. Улсын төсөв, гааль татварынхны тайлан, төрийн өмчит болон хувийн томоохон аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал, банкны тайлан тооцоо бүх шатандаа тунгалаг болоод ирэхээр Монголын эдийн засагт үе үе үүсдэг, нэг их газар авдаггүй ч жирийн иргэдийн амьдралд ихээхэн хорлонтой тусдаг хий хоосон хөөрөгдөл арилах байгаа. Одоо байгаа шигээ “барьцгүй” алдаа дутагдал яриад байвал ямар ч үр дүнд хүрэхгүй гэдэг л туйлын үнэн юм. Хоёр намын аль аль нь хэлэх дуртай “Ажил хийсэн хүн алдаа гаргадаг” гэдэг үгийн үүднээс авч үзвэл эрх баригч, сөрөг хүчин аль, аль нь биесээ хөөргөн магтаж байна гэж хэлж болохоор. Ингэж маяглахаа болиод ажил хэрэгч байх л хэрэгтэй байна даа.

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих