Хоёр хөршийн эдийн засагт төрийн оролцоо хумигдах нь, харин Монголд…
Хоёр хөршид эдийн засгаа хувийн компаниудад даатгахыг эрмэлзэж эхэллээ. Төрийн мэдлийн компаниуд нь ашиг олохоо больж, алдагдлыг нь төр хариуцаж дийлэхгүй болохын цагт ингэхээс өөр аргагүй хэмээн шинжээчид дүгнэх аж. Мөн энэ нь гадны хөрөнгө оруулагчдыг татах шалтгаан болж байна. Тэгвэл манайх бас хоёр хөршөөсөө дутахгүй байхаар шийдсэн бололтой.
Хятадад хувьчлалын тухай ярьж эхлэв
Хятадын Төрийн зөвлөл саяхан санхүүгийн салбарт нь томоохон өөрчлөлт авчирахуйц хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Тэр дунд нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг наймдугаар сарын 1-нээс эхэлж татвараас чөлөөлөх, хувийн банк байгуулахыг дэмжих, Хятадын корпорациудыг гадны компаниудтай хамтрах бололцоог нь бүрдүүлэх зэрэг багтжээ. Ийнхүү тэд хувийн хэвшлийг дэмжиж байгаагаа нотлов.
Хятадын эрх баригчдын хувьд төрийн мэдлийн компаниудаасаа татгалзах хэд хэдэн шалтгаан бий. “Wall Street Journal”-д дурьдсанаар бол Хятадын төрийн компанийн ажлын бүтээмж маш бага аж.
Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд улсын дөрвөн компани тутмын нэг нь алдагдал хүлээсэн бол хувийн секторт найман хувь нь алдагдалтай ажиллажээ. Улсын компани алдагдал хүээлэхэд хариуцлагыг нь хэн ч хүлээдэггүйгээр үл барам дампуурлаас нь гаргахын тулд Засгийн газар нь зээл олгодог. Тухайлбал, 2008 онд хямарч дампуурах дөхсөн “China Cosco Holdings” компанийг Хятадын төр өдий болтол “чирсээр” л явна. Өнөөдөр энэ компани 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж байна. Төрийн компаниуд нь ашгийнхаа дөнгөж дөрвөн хувийг Засгийн газартаа тушаачихаад үлдсэн хөрөнгөө өөр нэг дампуурах дөхсөн улсын компанийн үйл ажиллагааг сэргээхэд зориулна.
АНУ-д 2008 онд “Lehman Brothers” дампуурч, улмаар энэ нь дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал болон өргөжсөн. Яг тэр үед Хятадын Засгийн газар үүнээс зайлсхийхийн тулд автозам, төмөр зам болон нүсэр том барилгуудын ажлыг эхэлсэн юм. Ингэхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Мужууддаа улсын төсвөөс асар их мөнгө зээлсэн. Эцэст нь өнөөдөр тэдгээр нүсэр төслийн барилгуудын дийлэнх нь баригдаж дуусаагүйгээс гадна санхүүжилт нь дууссан гэх шалтгаанаар барилгын ажил нь зогсчээ. Гэтэл Засгийн газраасаа зээлж авсан мөнгөө мужууд нь төлж барахгүйд хүрэв. Ингээд өнгөрсөн онд Хятадын дотоод өр нь хоёр их наяд ам.доллар болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувьтай тэнцсэн юм. Арилжааны банкууд нь мөнөөх чанаргүй зээлийн уршгаар мөн л дампуурах уу, үгүй юу гэдэг дээрээ очжээ. Мужийн засаг захиргаа нь мөнгө олохын тулд газраа худалдах болж. Гэтэл мөнөөх газар нь аль нэг баяны үл хөдлөх хөрөнгө биш, харин нэг фермерийн ургац хураадаг газар байвал илүү зохистой болох аж. Тиймээс ингэж газраа худалдаж, мөнгө олж, түүгээрээ бүтээн байгуулалтын санхүүжилтээ босгох нь чухамдаа урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаатай адил юм. Энэ бүхэн нь чухамдаа хямралыг даллаж байна. Харин үүнээс гарах гарц нь хувийн хэвшлийг дэмжих, төрийн компаниудыг хувьчлах хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Хятадын удирдагчид ч бас иймэрхүү бодолтой байгаа нь тус улсын Төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрт тусгалаа олжээ. Гэхдээ хувьчлал дунд нь зөвхөн улсын компаниуд төдийгүй банкны салбар ч багтаж байгаа аж. Ямартай ч энэ тухай ирэх намар хуралдах Хятадын Коммунист намын хурлаар хэлэлцэх нь тодорхой болжээ. Тэр үед илүү нарийвчилсан төлөвлөгөө гаргах биз.
Д.Медведев хувьчлах компаниудаа жагсаажээ
Дмитрий Медведев ОХУ-ын Ерөнхийлөгч байх үеэсээ л хувьчлалын тухай ярьсаар ирсэн. Тэр одоо санасандаа хүрч, төрийн өмчийг хувьчлах гурван жилийн төлөвлөгөөгөө баталчихлаа. Үүнийг социалист тогтолцоо задарсны дараа Орост хийгдэж байсан хувьчлалын хоёр дахь шат хэмээн нэрлэж болохоор байна. Гэхдээ ингэх ямар хэрэгтэй юм бэ гэх асуулт гарч ирнэ.
Оросын төрийн мэдлийн компаниуд муу менежменттэй ажиллаж байгаагаас болж алдагдал хүлээх нь олширсон. Тухайлбал, “Оросын төмөр зам” нийгэмлэг л гэхэд энэ онд ашиггүй ажилласнаас болж долоон тэрбум рублийн алдагдал хүлээх байсан. Гэвч ингэж дампуурахгүйн тулд Оросын төр төмөр замын тээврийн тарифаа долоон хувиар нэмэх шийдвэр гаргаж байв. Тэгэхээр энэ хэвээрээ байж болохгүй. Нөгөө талаасаа ОХУ гадны хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой байгаа. Ингэхийн тулд бизнесийн орчноо сайжруулах хэрэгтэй. Тэр нь эдийн засаг дахь төрийн оролцоо хэр зэрэг бага байхаар хэмжигдэж ч болох юм. Түүнээс гадна Оросын төсөвт энэхүү хувьчлалаас олох орлого хэрэгтэй байгаа. Гэхдээ В.Путин уг хувьчлалд Д.Медведев шиг их санаа тавихгүй байна. Учир нь тэр төрийн хатуу нударга хаана ч хэрэгтэй гэж үздэг хүмүүсийн нэг.
Одоогийн байдлаар Оросын төр 2337 компанийн хувьцаа эзэмшдгээс 1256 компанийг нь 100 хувь, 100 орчим компанийнх нь хувьцааны 50-аас дээш хувийг мэдэлдээ байлгадаг. Харин хувьчлалын төлөвлөгөө ёсоор 2014-2016 онд 436 компанийг хувьчилж, 514-ийг нь төрийн хувь оролцоотой болгох аж. Ерөнхийдөө 2016 он гэхэд газрын тосноос бусад салбарын компаниудыг хувьчлахаар төлөвлөжээ. “Ростелеком”, “Росспиртпром”, “Роснано” зэрэг компаниас эхлээд Москвагийн Шереметьево нисэх буудал хүртэл энэхүү хувьчлалд багтах юм. Түүнчлэн “Роснефть”, “Транснефть”, “Оросын төмөр зам” дахь хувиа 50-75 болгож бууруулна. Энэ мэтчилэн тус хувьчлалыг 2024 он хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Гэвч үүнийг эсэргүүцэгчид чамгүй олон байгаа. Хувьчлах арга хэлбэрийн хувьд Оросын болон олон улсын хө-рөнгийн биржүүд дээр хувьцааг нь гаргаж, компаниудын мэдээллийг олон нийтэд дэлгэрэнгүй өгөх аж. Оросын Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан тооцоогоор тус улсын төсөвт ирэх онд 5.5 тэрбум ам.доллар, 2015 онд 4.3 тэрбум ам.долларын орлого хувьчлалаас орж ирэх юм.
Монголд төрийн өмчийг хувьчлах эсэхээ шийдээгүй байна
Ийнхүү хоёр хөршийн нэг нь төрийн компаниудаа хувьчлах төлөвлөгөө боловсруулж, нөгөөх нь боловсруулж эхлэх гэж байгаа аж. Тэгвэл манайд юу болж байна вэ. Оюутолгой, “Эрдэнэт” үйлдвэр дэх төрийн мэдлийн хувиа нэгтгэж “Монгол зэс” гэх компани байгуулан хувьцааг нь дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалах сонирхолтой байгаагаа Уул уурхайн яам саяхан мэдээлсэн. Энэ бол төрийн өмчийг хувь хүн, хөрөнгө оруулагчдад хүртээх гэсэн оролдлогын нэг болж таарав. Хэдийгээр энэ төлөвлөгөө УИХ-ын чуулганаар ч орж амжаагүй боловч Монголын төрийн баримталж буй бодлогыг тодорхой хэмжээнд харуулж байгаа юм. Гэхдээ бид одоо л дөнгөж энэ тухай ярьж байгаа юм биш. Өмнөх засгийн үед ч сөхөгдөж байсан. Тухайлбал, 2010-2012 онд уул уурхайн салбарын зарим төрийн өмчит хуулийн этгээдийн тодорхой хэсгийг оролцуулан төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани байгуулж, хувьцааг дотоодын болон олон улсын зах зээл дээр арилжаалах төлөвлөгөө гээчийг гаргаж байв. Тэр ч бүү хэл энэ тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байсан юм. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувь нь 2009 оны эхний хагас жилд алдагдалтай ажилласан. Үүнээс үүдэж дээрх шийдэлд хүрч байжээ. Тэгээд хувьцаат компани байгуулж, хувьцааг нь арилжах хэсэгт “Эрдэнэт” үйлдвэр тэргүүтэй манай уул уурхайн сор болсон төслүүд багтаж байсан. Гэвч тухайн үед Евро бүс хямарч, олон улсын эдийн засаг 2008 оны хямралын дараачаас төдийлөн сэргэж чадаагүй байв. Түүхий эдийн ханш ч огцом хэлбэлзэж байсан нь эдийн засаг тогтворгүй байсны нотолгоо юм. Ийм үед манайх олон улсын бирж дээр хувьцаа гаргах нь ашиггүй байжээ. Харин өнөөдөр нөхцөл байдал тогтворжсон гэж үзэж байгаа бололтой.
Түүнээс гадна ТӨХ-ноос 2013-2016 онд хувьчлах компаниудын жагсаалтыг гаргахаар зэхэж байгаа. Тэр дунд нь Төрийн банкийг хувьчилж, 90 тэрбум төгрөгийг төсвийн орлого болгоно хэмээн дурьдаж байсан юм. Мөн МИАТ-ийн 49 хувийг хувьчилна гэх яриа ч гарсан. Гэхдээ хувьчлах компаниудын жагсаалт одоо болтол батлагдаагүй хэвээр байна. Одоогийн байдлаар төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хамтарсан үйлдвэр, улсын үйлдвэрийн газар гэх мэт нийт 90 орчим компани төрийн мэдэлд байгаа. Гэтэл тэднээс 24 компани ашиггүй ажиллаж байгааг ТӨХ зарласан. ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар нэгэнтээ “Компаниуд удирдлага, менежментийн хувьд алдаа гаргаж байна” хэмээн ярьж байсан юм. Төрийн алдаатай бодлого, үйл ажиллагаанаас болж хамгийн баян ордод эзэн нь болсон “Эрдэнэс Тавантолгой” бараг дампуурах дөхсөн. Мөнгө идэж, уусан гэх хэрэг мөн л төрийн өмчийн компанитай холбогдож байна. Үүнийг МИАТ-ийн хэрэг бэлхнээ гэрчилнэ. Ямартай ч хоёр хөршийн эдийн засагт төрийн оролцоо хумигдаж байхад Монголд иймэрхүү байдалтай байна.
Т.Элиса

URL:













