“Эрэл” цементийн үйлдвэрийг түр зогсоожээ
Дархан-Уул аймаг дахь “Эрэл” цементийн үйлдвэр Мэргэжлийн хяналтын газраас өгсөн үүргийг биелүүлээгүй учир үйл ажиллагааг нь түр хугцаагаар зогсоолоо.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч тус үйлдвэрт шалгалт хийж тус үйлдвэр нь агаарын бохирдол ихтэй байна гэдэг үндэслэлээр сарын өмнө хугацаатай албан шаардлага өгсөн юм. Уг албан шаардлагын хэрэгжилтийг шалгахаар аймгийн Захирагчийн алба, Хөгжлийн бодлогын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Стандартчлал, хэмжил зүйн хэлтэс, Онцгой байдлын газрын холбогдох байцаагчид багтсан ажлын хэсэг “Эрэл цемент”-ийн үйлдвэрт ажиллажээ. Тус үйлдвэр нь энэ хугацаанд агаарын бохирдолыг багасгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, Хятадаас тоног төхөөрөмж оруулан 3 тэрбум төгрөгөөр суурилуулсан гэх боловч өнөөдрийг хүртэл нэг ч удаа ажиллуулаагүй байжээ. Тиймээс улсын байцаагчийн актыг тус үйлдвэрт хүргүүлж үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Цаашдаа иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлж агаарын бохирдлыг багасгах арга хэмжээ авсаны дараа уг үйлдвэрт дахин ажиллах зөвшөөрөл олгох ажээ.
Дархан-Уул аймаг Б.Норовсамбуу
/Монцамэ агентлаг/
URL:













