Монголын толгой хөрөнгөтнүүдийн баяжсан түүхээс (3-р хэсэг)
Бөхийн засуулч Халтмаагийн хүү Баттулга хар багын л бизнес сэтгэлгээтэй нэгэн гэдгийг өнөө үеийнхэн мэдэх болов уу. Энэ тухай бизнесийнхний түүхийг өгүүлсэн нэгэн номонд “Дунд сургуулийн дөрөвдүгээр ангид байхдаа Баттулга хүү бизнесээ эхэлсэн гэвэл та лав үнэмшихгүй биз. Дөрөв, тавдугаар ангиасаа л Баттулга тэр үедээ моод болж байсан “Ну погоди”-гийн чоно, туулайг найз нарынхаа майк, футболкан дээр цоолборлон буулгаад оронд нь хичээлээ хийлгэдэг байсан гээд бод доо. Эхэн үед арилжаа нь иймэрхүү “бүдүүлэг” хэлбэртэй байсан бол сүүл рүүгээ улам бүр хөгжсөн байдаг. Ээжийнхээ оёдлын машинаар сурагчийн бор хилэн формыг арай л өөр маягаар бүр контр хилэн болгоод оёчихож дөнгөдөг боллоо. Таван өмд захиалгаар оёход дундаас нь нэг өмдний материал гарна. Үүнийгээ арилжсанаар гар дээрээ бэлэн мөнгө тавьж эхэлсэн байдаг” хэмээн өгүүлсэн нь бий. Бага насандаа дошны овгоруудад дээрэлхүүлэхгүй гэхдээ зодоон цохионд холбогдож цагдаа шүүхийн хаалга татаж явсан Х.Баттулгыг эцэг нь жүдо, самбо бөхийн секцэнд явуулснаар сайн сайхан амьдралын замыг нэгэнт олсон байдаг. Тэрээр энэ төрөлдөө манай урдаа барьдаг тамирчин болсон бөгөөд гадаадад тэмцээнд явахдаа хүртэл барилдахын хажуугаараа наймаа хийдэг байж. Сонирхолдоо хөтлөгдөн удалгүй спортоо орхиж бизнесийн салбарт эргэлтгүй оржээ. Түүний анхны их ашигтай бизнес нь өдөн куртик байж. Бээжингээс 10 орчим ам доллараар авсан куртикээ Унгарт 100 ам доллараар зардаг байсан нь зүйрлэшгүй их ашиг авчирсан гэдэг. Мөн хоёр Германы хооронд валютын наймаа хийдэг байв. Зүүн Германы ийст маркийг хямд авч баруун Германд дойч марк болгох замаар хөлжжээ. Х.Баттулга ер нь л их хурдтайгаар хөлжсөн нэгэн. Тэрээр монголчууд ганзагын наймаанд явж байх үед түргэн эргэлттэй олон улсын наймаа хийдэг байж. Хятадаас бараа авч Орост бөөнддөг сүлжээг ч тэр л санаачилсан байдаг. 1992 онд “Женерал компани” буюу “Женко”-г байгуулсан нь “томрох”-ын үндэс болсон байна. “Женко”-гийн анхдагч болсон салбар цөөнгүй, анхны хувийн такси компани, анхны “Саятан” сугалаа, анхны гэрэл зураг угаалгын сүлжээ гээд олон зүйл бий. Сайны хажуугаар саар гэгчээр 17 чингэлэг спирт зөөж байгаад баригдсан энэ тэр гээд факт ч бас бий.
Өдгөө “Женко”-гийн мэдэлд “Баянгол” зочид буудал, “Мах импекс”, “Талх чихэр” ХК-ниуд, “Коника-Минолта”-гийн салбарууд, “Женко тур бюро”, “С1″ телевиз, “Hartford Institute”, “Chinggis Market” компани, АПУ-гийн 49%, Худалдаа Хөгжлийн Банк, Хаан хүнс, “Мелл хаус” гурилын үйлдвэр, “Ардчилал”, “Монголын мэдээ” сонинууд зэрэг салбар бүрийн бизнестэй. Одоо тэрээр Стратегийн төмөр зам барих, Сайншанд үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар зориг шулуудан ажиллаж байгаа. Түүний энэ төслүүд хэрэгжээд эхэлбэл Ж.Оджаргалаас дутахгүй хөрөнгөтөн болох боломж нүднээ илхэн байна. Түүний хөрөнгийг 200 тэрбумыг давсан гэх юм билээ.
URL:





