ХХЕГ дэслэгчээ өмгөөлж, байлдагчийг буруутгаж байна

Зүү залгиулсан, залгиулаагүй гэх маргаан энэ хэд хоногт өрнөх шинжтэй. Ямартай ч дөрвөн зүү залгисан цэрэг эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаа гэдэг нь үнэн. Харин эрүүл мэндээрээ хохироод байгаа цэргийн ар гэрийг нь дарамталж, өөрсдийн арьсаа хамгаалах гэсэн оролдлого гарах болсон талаар зарим нэгэн хэвлэлд гарч эхэлжээ.
Хохирогч гэгдээд байгаа 19 настай П.Хэнмэдэхийн ярьж буйгаар бол нэг муу утас алга болсоны төлөө түүнийг хоёроо гурван удаа зодсон гэж байгаа.  Тэрээр хэлэхдээ “Намайг залги гэж загнаад байсан. Ер нь бол айсандаа л залгичихсан. Хамгийн сүүлд дуудаж зодохдоо дөрвөн зүү залгиулсан. Зодуулахаас айсан болохоор л залгичихсан. Хоолой руу хатгаж байсан ч гүрийгээд л давсан” хэмээн ярьжээ.
Тухайн үедээ цэрэг залууд ямар нэгэн зовиур илрээгүй ч хоёр гурван хоногийн дараагаас өвдөж эхэлсэн байна. Энэ үедээ ангийнхаа удирдлагуудад зүү залгисан гэдгээ хэлсэн бөгөөд айсандаа захны даавуу хадаж байгаад залгисан гэж хэлсэн” гэж байна.
Харин түүний аав А.Пүрэв-Очир “Миний хүүд хүний халаас уруу гар дүрэх хүмүүжил байхгүй. Хүү маань өөрөө дурлаж байж цэрэгт явсныг яана. Залуу хүн, эр хүн өөрөө хүсч байхад нь хориглоод яахав гэж бодоод явуулсан ч ийм зүйл болсонд харамсалтай байна” хэмээн ярьлаа.
Аав нь хүүгээ цэрэгт очсоноос нь хойш гурван ч удаа эргэж очсон байна. Тухайн үед дарамт, зодуур байдаг талаар хүү эцэгтээ ярьж байжээ. Өөрөө ч гэсэн зодуулсан байдаг байж. Гэхдээ эцэг н түүнийг улам л дарамтлуулах байх хэмээн бодож, чимээгүй өнгөрдөг байсан байна.
Энэ удаагийн зодуур дөрөв дэх нь гэнэ. Арай л дэндсэн асуудал болж байгаа учир энэ удаад хохирогч цэргийн аав А.Пүрэв-Очир дуугүй байхгүй гэдгээ ч хэлсэн юм. Харин түүнд ирэх дарамт дэндүү их байгаа талаар ярьсан байх юм.
Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Д.Баасанжаргал “Офицер Н.Баатар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөөд байгаа. Шалгалт хийхэд тус ангид хэвлэлүүдээр бичээд байгаа шиг хэрэг болоогүй нь тогтоогдсон.
Чухам юу болсныг хууль хяналтынхан шийдэж, офицер нь ийм хэрэг хийсэн үү эсвэл байлдагч цэргийн албанаас зайлсхийхийн тулд ийм хэрэг үйлдэж, бусдыг гүтгэсэн үү гэдгийг тогтоох учиртай. Тийм болохоор П.Хэнмэдэхийн гэр бүлийнхний яриа болон хэвлэлийнхний бичээд байгаагаар шууд ойлгож болохгүй.
Бидний хувьд офицер Баатарыг ийм хэрэг хийх хүн биш гэдгийг мэднэ. Эрээр шашны дээд боловсрол эзэмшсэн нэгэн. Хэрвээ байлдагч худал ярьж, бусдыг гүтгэсэн байвал өөрөө эргээд хэрэгт унаж, эрүүгийн хариуцлагад татагдах ёстой” гэжээ.
Ямартай ч хоёр талын байр суурь нэг иймэрхүү байна. Байлдагчаа харгислан зодож, дөрвийн дөрвөн ширхэг зүү залгиулсан гэгдээд байгаа Баатарын хувьд өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, гүтгэж байна гэсэн байр суурин дээр байгаа юм. Харин цэргийн хувьд зүү залгиулсан гэдгийг батлан хэлж байгаа.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Хил хамгаалахынхан байгууллагынхаа нэр нүүрээ хамгаалахын тулд цэргийг хэрэгт унагахаар санаархаж буй талаар ч мэдээллээ. П.Хэнмэдэхийн талын эх сурвалжаас өгсөн мэдээллээр Цэргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар уржигдар түүний биеийг дахиж үзэхдээ “3 зүү  нь алга болсон байна. Талхтай хамт гарчихсан байна. Тиймээс хагалгаанд оруулах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.
Гэтэл П.Хэнмэдэх өөрөө болохоор талх идээгүй гэж байна. Уг нь зүү залгисан тохиолдолд талх идэхэд хамт гарчихдаг тохиолдог байдаг бололтой. Түүнчлэн эмч нар энэ янзаараа П.Хэнмэдэхийг огт зүү залгиагүй зүгээр ирсэн болгож, асуудлыг өөрчилж ч болзошгүй байгаа талаар цэргийн ойрын хүмүүс нь ярьсан гэнэ.
Мэдээж зүү залгиагүй л бол хэн хагалгаанд орж, өөрийнхөө бүтэн биеийг эрэмдэглэхийг хүсэх билээ. Түүнчлэн талх идээгүй байтал талх идэж, зүү нь гарсан гэж хэлсэн эмч нар хэний талд үйлчлэхээр шийдэв гэдэг эргэлзээтэй.
Мөн өнөөдөр П.Хэнмэдэхийн аавыг хүмүүс янз бүрээр дарамталж байгаа гэлээ. Энэ янзаараа гомдол гаргаад яваад байвал хүү чинь л хохирно. Хүүг чинь цэргийн албанаас хугацаанаасаа өмнө сулрахын тулд зүү залгисан гэх асуудлыг гаргаж ирж, эх орноосоо урвасан болгож, шоронд явуулна гэх зүйлийг ч аавд нь хэлсэн хүн байгаа гэв.
Түүнчлэн дэслэгч Н.Баатарын ах нь Улаанбаатарт томоохон албан тушаал хашдаг хүн  байдаг тул хэл ам хийгээд та нар ер нь ашиггүй гэсэн зүйлийг хэлсэн хүн байх юм. Энэ мэт дарамт хохироод байгаа цэрэг, ар гэрийнхэнд нь ирээд байгаа гэлээ.
Хил хамгаалахынхан ч бардамнаж, манай Н.Баатар тийм юм хийх хүн биш. Харин тэр цэрэг хүн гүтгэснийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой хэмээн том дуугарч байна. Тиймээ хууль хяналтынхан үнэн зөвөөр асуудлыг шийдэж, эх орныхоо хилийг хамгаалахаар цэрэгт мордсон хүүгийн зоригийг бүү мохоогоосой.
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих