Таксины үнэ км тутамд 1000 төгрөг болж, хувиараа таксинд явахыг хориглоно

2f43a84ba1fb7af7bigТакси үйлчилгээний компаниуд үйлчилгээний тарифаа нэмж, 1000 төгрөгөөр тооцохоор болсон тухай Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Тодруулбал, такси компанийн үйлчилгээ хумигдаж, эдийн засгийн чадавхиа алдсан учраас бааз сууриа бэхжүүлэх шаардлагатай болсон учраас үнэ нэмэх саналыг ШӨХТГ-т хүргүүлсэн байна.

Тус газраас тэдний саналыг үндэслэлтэй хэмээн үзэж байгаа аж.

Үнээ нэмснээр компаниудыг стандартын шаардлага хангасан үйлчилгээг үзүүлэх, хувийн такси үйлчилгээнээс ялгарах тэмдэг тэмдэглэгээтэй байхыг шаардаж байгаа бөгөөд ингэснээр хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг “шахах” гэнэ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ,
-Өнөөдрийн авч хэрэгжүүлж буй энэ алхам иргэдэд таалагдахгүй нь мэдээж. Гэвч 2-3 жилийн дараа талархан хүлээн авах болно. Хувийн такси үйлчилгээнээс болж энэ онд гэхэд таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн хичнээн хүн хохирч үлдэж байгааг хэлэх боломжгүй. Өнөөдрийн авч буй арга хэмжээ бол такси үйлчилгээ сайжруулах томоохон алхам болно гэсэн юм.

Харин “халтуурчид”-ын хувьд хэрхэн хянах тухай асуухад, Замын цагдаагийн газартай хамтран ажиллах болно, хяналтыг хэрхэн хийх, ямар арга хэмжээ авахыг харж байгаарай. Ашиг орлого олж буй бүхэн татвар төлөх ёстой. Гэтэл хувиараа таксинд явдаг иргэд татвар төлдөггүй. Тиймээс хэрэв иргэд такси үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгаа бол ямар нэг такси үйлчилгээ үзүүлдэг компанид бүртгүүлэн ажиллах боломжтой гэлээ.

Хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг иргэд такси компанид бүртгүүлэн ажиллахад гэрээ байгуулан татвар төлөх, таних тэмдэг наах, 10-аас дотогш жил ашигласан зөв талдаа рультэй автомашинтай байх зэрэг шаардлага тавих гэнэ.

30 хоногийн хугацаанд бүх такси компаниуд ижил таних тэмдэг, тоолууртай болох бөгөөд ингэснээр таксины үнэ км тутамдаа 1000 төгрөг болох юм.

Үнэ нэмж буйтай холбоотойгоор хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг иргэдэд хяналт тавих бөгөөд энэ талаар Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшиг хэлэхдээ,
-Үнэ нэмнэ гэдэг бол чанар сайжирна гэсэн үг. Үүнийг дагаад хариуцлага ч сайжирна. Нийслэлийн иргэд таксины салбараа дэмжих үүднээс хувийн таксинд суухгүй байх, таксины зогсоолоос эсвэл дуудлагаар үйлчлүүлэх боломжтой. Аль ч улс оронд хүссэн газраасаа гараад такси барьдаг зүйл байдаггүй. Үүнтэй холбоотойгоор хүссэн газраасаа такси барьдаг явдал үгүй болно. Учир нь такси үйлчилгээний хамрах хүрээнд таксины зогсоолоос барих гэж заасан байгаа. Тиймээс иргэд Энхтайваны өргөн чөлөө буюу нийтийн тээврийн нэгдүгээр эгнээнээс такси барих оролдлого хийхгүй байхыг иргэд анхаарах хэрэгтэй гэлээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих