Гаалийн байгууллага өөрийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж байна
Гаалийн байгууллага Төсвийн тухай хуулийн дагуу 2013 оноос дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэн, улсын төсвийн орлогын бүрдэлт, санхүүгийн болон гаалийн байгууллагын бусад үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан дотоод аудитыг явуулж, тайланг Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн болон Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, зохион байгуулалтын бүтцийн холбогдох нэгж, харьяа гаалийн газар, хороодод ажил сайжруулах үүрэг даалгаврууд өгөгдөөд ажиллаж байна.
Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх мөн Гаалийн байгууллагын нээлттэй, ил тод байх шалгуурыг хэрэгжүүлэх зорилгоор дотоод аудитын дүн мэдээг цахим хуудсаараа та бүхэнд нээлттэй хүргэж байна. Бид энэ төрлийн мэдээллийг цувралаар хүргэх болно.
ГЕГ-ын дэргэдэх “Сургалтын төв”-ийн сургалт зохион байгуулсан болон үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын дүн
Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн удирдамжийн дагуу Сургалтын төвийн 2012 оны сургалтын үйл ажиллагаа, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр агуулга, хэрэгжилт, удирдлага зохион байгуулалт боловсон хүчний хэрэгцээ, шаардлага, багш нарын ур чадварт үнэлгээ өгөх зорилгоор дотоод аудитын шалгалтыг хийлээ.
Дотоод аудитаас Сургалтын төвийн 2012 онд зохион байгуулсан нийт 8 сургалтын 37,5 хувь нь гаалийн ажилтныг бэлтгэх, давтан сургах, 62,5 хувь нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургалт байгаагаас төвийн үйл ажиллагаанаас гаалийн ажилтныг мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж чадахгүй байгаа, гаалийн ажилтныг мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх сургалт явуулахад багш нарын бүрэлдэхүүн, мэргэшил, дадлага туршлага дутмаг байгаа, төвийн удирдлагын зан харьцаа хамт олны уур амьсгал болон багш нарын ажлын идэвхи санаачлагад сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарсан.
Дотоод аудитын үр дүнгээр сургалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн дараах зөвлөмжүүдийг Сургалтын төвд хүргэсэн болно:
1. Гаалийн байгууллага гаалийн ажилтныг давтан болон мэргэшүүлэн сургахад голлон анхаарах, сургалтын хэрэгцээ, шаардлагыг судлан төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулах, хичээл заах багш нарыг дадлага туршлага, мэргэшлийн ур чадвартай боловсон хүчнээр бэхжүүлэх,
2. Сургалтын үйл ажиллагааны материаллаг бааз болох номын сан байрлах зориулалтын өрөө, тогтвор сууршилтай ажиллах ажилтныг номын санчаар сонгож ажиллуулах,
3. ”Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хналт тавих журам”-ын 3.6-д заасан гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээний хугацаа 2 жил байгааг сунгах, Гаалийн тухай хуулийн 68.2 дахь заалтын дагуу гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнийг заавал сургалтад хамруулахгүйгээр тодорхой болзлыг хангасан нөхцөлд мэргэшлийн түвшингээ үнэлүүлж эрхээ сунгах боломжийг журамд тусгаж өгөх,
4. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний сургалтыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх боломжийг судалж хэрэгжүүлэх,
5. Сургалтын төвийн дүрмийг шинэчлэн батлуулах,
6. Сургалтын төвийн удирдлагын арга барилыг шинэчлэх,
7. ДГБ-ын цахим сургалтын модуль /монгол хэл дээрхи хувилбар/-ийг онлайн болгох, цахим сүлжээнд холбогдсон гаалийн байгууллагын аль ч цэг салбараас холбогдож ашиглах боломжийг бүрдүүлэх зэрэг болно.
URL:





