“Шинэ сум”-ыг ирэх сард хүлээлгэн өгнө
Засгийн газрын сайдууд долоо хоног бүрийн даваа гарагт өнгөрсөн долоо хоногт хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлын явцаа танилцуулдаг.
Уламжлалт “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өчигдөр боллоо. Тус уулзалтаар автозам, “Шинэ сум” төсөл, ургац хураалтын талаархи мэдээллүүдийг сонссон юм. Салбарын сайд нарын мэдээллээр өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн төвийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамыг нээсэн бол энэ пүрэв гарагт Сайншандын замыг ашиглалтад оруулна гэдгийг хэлж байсан юм.
Харин нийслэлд өрнөж буй зам засварын ажлуудыг энэ сарын 15-ны дотор дуусгах ажээ. Мөн ажиллагаа ихтэй, урт замууд болох Сонсголонгийн болон I хорооллын арын замын засвар шинэчлэлийг ирэх сарын 15 гэхэд дуусгах юм байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд X хорооллын, Гурвалжингийн гүүрийг Ажилчны гудамжтай холбосон уулзваруудыг нээснээр есөн гудамж ашиглалтад оржээ.
Харин ирэх долоо хоногт Тасганы овоо, Бөхийн өргөө, III-IV хорооллын эцсийн уулзварыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Харин Ерөнхий сайд 22-ын товчооны зам ганц зуны бороог давахгүй эвдэрсэн гэх мэт замын чанартай холбоотой шүүмжлэл их гарч байгааг салбарын сайдад анхааруулсан юм. Тиймээс замын чанарт тавьж буй хяналтаа сайжруулж, гэрээнийхээ дагуу гурван жилийн хугацаанд засвар арчлалтыг нь сайн хийлгэх шаардлагатай гэдгийг мөн хэлж байсан.
Харин ургац хураалтын эхэлсэнтэй холбогдуулан ҮХАА Я-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргал мэдээлэлдээ нийслэлд 26 цэгт шинэ ургацын ногоо худалдаалах цэг байгуулан ажиллуулж байгаа ч эрэлт их, нийлүүлэлт хангалттай байгаа учир нэмж хүнсний ногоо борлуулах цэг барихаас гадна энэ сарын дундуур “Намрын ногоон өдрүүд” уламжлалт үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болсон гэлээ.
Харин Засгийн газраас аймгуудыг хот болгох, сумдыг шинэ сум болгох төслийн хүрээнд Баянхонгор аймгийг Бууцагаан, Баянлиг сумдыг “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа.
Тэгвэл уг төслийн хүрээнд баригдаж буй барилгажуулалтын ажил 65 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 20-нд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.
Э.Дулам

URL:









