Гэр бүл салалтад монгол уламжлал нөлөөлж байна
Эрт босвол нэгийг сонсоно гэж үг бий. Энэ үг ёстой л үнэн юм гэж саяхны нэг өглөө сэтгэл хангалуун бодлоо.
Амралтын өдөр байсан ч гэсэн өглөө эртлэн боссоныхоо ачаар философич Д.Баяндалай “Одон” телевизийн “Гоё өглөө” хөтөлбөрт ярилцлага өгснийг олж үзсэнийгээ ийнхүү олзуурхсан юм.
Тэрбээр олон сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэн. Тэдний дундаас гэр бүлийн талаар хэлсэн сургаалийг нь хүмүүст хүргэхээр ийнхүү яарч байна.
Тэрбээр “Хүн болж төрөөд амьдралыг туулахад зөвхөн сургууль соёлоор авсан мэдлэг хангалтгүй” гээд “Монголчууд үр хүүхэддээ гэрийн сургалтаар мэдлэг өгдөг байсан, үүнийг л сэргээх нь чухал” гэсэн санааг илэрхийлж байв. Түүний хэлсэн олон сайхан сургаалиудаас эмэгтэй хүн, эх хүний талаар хэлсэн “Монголчууд охин хүүхдээ нар жаргаснаас хойш гадаа гаргадаггүй байсан” гэх үгс нь толгойд үлджээ.
Хэрвээ энэ ёсоо л сахичихвал нийгмийн олон сөрөг үзэгдэл арилна гэж үздэгээ тэрбээр илэрхийлж байсан. Түүний яриаг сонсоод нэг бол уламжлалаа маш сайн дагая, нэг бол бүр больсон нь ч дээр юм уу гэсэн тэрслүү бодол төрсөн юм. Яагаад гэвэл өөрсдийнхөө гаргасан эндэгдлийг уламжлал руу “чихэж”, түүнээсээ болоод сэтгэл нь улам хөндийрөх ч боломж байгааг олж харав. Эхнэр хүний уламжлалт ёс нь: эр нөхөртөө бие бүтэн очих ёстой. Эр нөхрөө дээдлэн хүндэлж, ёс дэгийг алдалгүй сахина.
Одоо үед мөрдөгдөж байгаа бичигдээгүй хууль нь: Залуу зандан насандаа сайн зугаацаж авах хэрэгтэй. Гэр бүлтэй болчихвол ингэж чадахгүй. Ингэж явсан байтал хүнтэй гэрлэх болоход гэнэт ёс журмаа санаж “Намайг ёсолж ав, гуйж ав” гэх мэтээр тулгадаг. Уламжлалыг хууль гэж зүйрлүүлбэл өөртөө хэрэгтэй, ашигтай зүйл заалтыг нь хэрэглээд тэсвэр тэвчээр шаардах зүйл заалтуудыг нь алгасч байна гэсэн үг. Өрхийн тэргүүн хүний уламжлалт ёс нь: гэр бүл үр хүүхдээ хэнээс ч дутаалгүй авч явж, түшиг тулгуур нь болж байх ёстой. Одоогийн байдал. Гэрлэхээсээ өмнө ахиухан шиг зугаацаж авах. Амьдрал дээр гарсан хойно эдийн засгийн хувьд нөхцөл бүрдүүлж чадахгүй байх.
Ийм бодолтой хоёр залуу нийлжээ гэж бодъё. Нөхөр нь мөнгө төгрөг хангалттай олж чадсангүй. Эхнэр нь шууд л нөгөө уламжлалт ёсыг барьж авна. “Айл гэрийн түшиг тулгуур эр хүн ийм байх ёстой, тийм байх ёстой. Түүний нөхөр ар гэрээ хэчнээн сайхан авч явж байна”… Тэгэнгүүт нөхөр нь бас уламжлалт ёсноос өөртөө хэрэгтэй нэг заалт олоод авчихна. “Эхнэр хүн сайн байж эр хүн хиймортой байна” гэх ч юм уу. Багаасаа ажилгүй салан эхнэр, угаасаа арчаагүй залхуу нөхрийн урдаа барих ганц бамбай нь эцэг өвгөдийн сахиж ирсэн ариун ёс уламжлал байж таарамгүй сэн. Нэгэн төрийн бус байгууллагын хийсэн судалгаагаар, Монголд шинээр гэр бүл бологсдын тал хувь нь эхний дөрвөн жилийнхээ дотор салдаг гэсэн харамсалтай статистик гарчээ. Үүнд бид ихэнхдээ өнгө мөнгөний орчлонг буруутгаад орхидог билээ.
Тэгвэл бас анхаарахгүй өнгөрч боломгүй нэг шалтгаан байгаа нь монгол уламжлалтай холбоотой болж таарлаа. Товчхондоо, гэр бүлийн монгол сайхан уламжлал эхнэр нөхрүүд бие биеэ өөнтөгчлөх нэг зэвсэг болоод байгаа юм уу.
Б.Болор

URL:













