Ардын намынхан Пхеньянд юу амжуулав
“Өндөр настнууд”-ын экипаж Хойд Солонгост уржигдар тусгай онгоцоор хүрэлцэн ирэв. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер өнгөрсөн оны наймдугаар сард тус улсад баривчлагдсан иргэнээ өөрийн биеэр очиж суллуулсан удаатай. Нобелийн энхтайвны шагналт экс Ерөнхийлөгч энэ удаад Финланд, Ирланд, Норвеги улсын төрийн эрхийг барьж байсан эрхмүүдтэй хамт Хойд Солонгост хөл тавилаа.Америк, Хойд Солонгосын харилцаа 1990-ээд оны дундуур ширүүсэх үед тэрбээр Пхеньяныг зорьж, Ким Ир Сентэй зөвшилцөж байсан билээ. Харин одоо Солонгосын хойг дахь халуун цэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр ирсэн нь энэ.
Жимми Картерыг Пхеньянд хүрэлцэн ирэхээс өмнөхөн Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид тус улсад зочилсон.
Өлсгөлөн, ядуурал, хүнсний хомсдол, хаалттай нийгмийн хоцрогдсон дүр төрхөөрөө дэлхийд №1 гэгдэх болсон тус улсын дотоодод байдал эрс өөрчлөгджээ. Хойд Солонгосчууд өмнөдүүдийн адил гар утас хэрэглэж, хүрэн нүүрсний үйлдвэрлэл, ган хайлуулах high технологийг хэдийнэ нэвтрүүлсэн аж. Тэр ч атугай 10 мянган кенгуруны аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодоо хангах зориулалт бүхий компьютержсэн ногооны аж ахуйг чучхе үзэлтнүүд байгуулснаа Монголын төлөөлөгчдөд танилцуулав.
Олон улсад “Дэлхий дээрх цор ганц соцлагерь” хэмээн хочлуулж буй хойд солонгосчууд газар доор 120 метрийн гүнд метроны зам барьсан нь Ким Ир Сений чучхе үзлээр замнасны үр дүн билээ.
Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээр манай улсад хоёр жилийн өмнө болсон. Хаалттай, өндөр хамгаалалт дор болсон энэхүү хэлэлцээрийн үр дүн гараагүй ч Монгол Улс Хойд Солонгостой олон жилийн найрсаг харилцаатайг гэрчилсэн юм.
Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх болон УИХ дахь Монгол, Хойд Солонгосын парламентын бүлгэмийн дарга Д.Очирбат нар өнгөрсөн өдрүүдэд Пхеньянд тус улсын төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзах үедээ зургаан талт хэлэлцээрийн талаар хөндсөн аж.
Монголын төлөөлөгчид зургаан талт хэлэлцээрт зуучлагчийн үүрэгтэй оролцох, Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдэхэд дэмжлэг үзүүлэх зэргийг Хойд Солонгосын талд санал болгожээ. Пхеньяны тал ч үүнд нааштай хариу өгч, Ардын намынхныг 38 дугаар өргөрөг дэх цэрэггүй бүсэд зочлуулав.
Ардын нам болон Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам бол эрх баригч хүчнүүд. УИХ Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэж эхлэхээс өмнөхөн Ардын намын дарга С.Батболд хоёр танхим бүхий парламентын тогтолцоог санал болгосон. Хойд Солонгосын хувьд, Ардын дээд хурлаас депутатуудыг сонгодог. Гэхдээ тус улсын төрийн тогтолцоо, засаглалын хуваарилалт зэрэг нь нээлттэй бус.
Удирдагч Ким Чен Ирийн дохио зангаагаар төрийн машин нь ажилладаг билээ. Ардын намын төлөөлөгчид энэ удаад Ким Чен Иртэй гар бариагүй. Харин Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай уулзсан юм. Энэ эрхмийн хувьд нэр, нөлөөгөөрөө Ким Чен Ирийн дараа ордог.
Хойд Солонгосын төрийн өндөр албан тушаалтнууд энэ онд Монголд айлчилна. Монгол, Хойд Солонгосын парламентын бүлгэмийн дарга Д.Очирбат БНАСАУ-ын Ардын дээд хурал дахь Хойд Солонгос-Монголын бүлгэмийн дарга Сөн Жан Рибийг эх орондоо айлчлахыг урьжээ.
С.Баттулга
![]()
URL:













