Үндэсний эмгэнэл хүрээгээ тэлсээр байна

“Хил, мал, хэл”-тэйгээ бай­хад хэн баян. Монгол Улс баян гэж манай нэрт зохиолч Зун­дуйн Дорж нэгэнтээ уулга алд­сан байдаг. Энэ үг нь ч түүхэн он жилүүдийн хөврөлөөр нот­логд­сон маргаангүй үнэн. Гэ­тэл ардчилал сэвэлзсэн он жи­лүүдэд манай улс юугаар ч сольж, үнэлж барашгүй үнэт зүйлсээ нэг нэгээр нь гээсээр сүүлдээ бүр үндэсний аюулгүй байдлаа алдахад тун ойртжээ. Жишээ нь гэхэд л, өвөг эцгийн маань цусаараа тамгалсан хэ­дэн мянган жилийн түүхтэй га­зар нутагт харийнхан өдрөөс өдөрт эзэн суух нь олширов. Тухайл­бал, Халх голын 200 мян­ган га талбайг солонгосчууд эзэм­ших болжээ. Харин энэ газ­рыг ямар замаар харийнхан өөрийн болгосон нь тун эм­гэнэлтэй. Халх гол сумын Ир­гэдийн төлөөлөгчдийн хур­лаар тус асуудлыг дангаараа шийд­вэрлэж, орон нутгийн ир­гэд төдийгүй монголчуудын хүн­дэтгэж ирсэн эл нутгийг гад­ны­хан ийнхүү ноёлох болсон бай­на. Түүнчлэн бидний хэдэн үеэрээ ч идээд барахгүй Таван­тол­гойн орд газрын ойр орчимд хятадууд “ноён” сууж, харин баялгийн эзэн болсон Монгол иргэн хатавчинд нь амь зогоох бол­жээ. Өөрөөр хэлбэл, тус ор­доос хятадуудын гаргасан нүүр­сийг монгол иргэн амиараа дэн­чин тавин байж, урд хил рүү зөө­хөөс өөр ажил тус газарт олд­доггүй гэнэ.  Он гарсаар цэл залуухан 20 орчим монгол за­луу Хятадын хил рүү нүүрс тээвэр­лэж яваад нас барсан харам­салтай мэдээ чих дэлссэн юм. Мөн Бороо гоулдын 30 тн алтны асуудлыг ч энд дурьдаж болох шүү дээ.

Үүнтэй холбогдуулан нэг зүйлийг тодруулахад, эх орноо хөгжүүлнэ гэж газар шороогоо лиценз гэх хуудас цаасаар Лондонгийн хөрөнгийн бирж дээр худалдаалж, орох орон идэх хоолгүй дүрвэгчид болон үлдсэн палестинчуудын тухай хүүхэд наснаасаа л сонсож ирлээ. Гэтэл энэ хар түүх бидний үед, манай нийгэмд давтагдах магадлалтай боллоо гэхэд эргэлзэх зүйлгүй болсон дэг шүү. Учир нь сүүлийн үед эрх мэдэлтнүүд даяаршил гэх сайхан үгээр бамбай хийж, хамаг орд газраа лиценз хэлбэрээр Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалах болжээ.

Мөн байгаль ээжийн хатуу аягаар зарим орон нутагт хүн байтугай амьтан ч амьдрахад бэрх болжээ. Тэгэхээр ус чандмань эрдэнэ гэдэг дээ. Аль ЗХУ-ын үеэс  зэргэлдээх нутгаасаа ус зөөж хэрэглэдэг байсан Дундговь аймгаар ганцхан Онгийн гол дайрч гардаг байв. Гэтэл рашаан болсон ганц гол нь сvvлийн жилvvдэд урсахаа больсон учир говийнхноос хамгийн их цөлжилттэй нь тус аймаг болоод байна. Дундговь аймаг 100 хувь цөлжсөн. Vvний 70 хувь нь хvчтэй цөлжсөн гэсэн судалгаа гарсан байдаг бөгөөд энэ нь ч батлагдаж сvvлийн 10 гаруй жил бороо хур тунадас тун бага оржээ.

Дундговь аймгийн газар доорх усны нөөцийг тогтоох талаар олон жил ярьсан хэдий ч өнөөг хүртэл цаасан дээрх төсөл хөтөлбөрөөс өөр гарт баригдаж нүдэнд харагдахаар дорвитой зүйл хийгдсэнгүй.  Говьд ус байгаа. Гэхдээ 250 метрээс доош гvнд байна. Ийм гvнд байгаа усыг гаргаж авахад зардал мөнгөний хувьд хvндрэл ихтэй тухай орон нутгийн удирдлагууд учирладаг гэнэ. Гэтэл өнгөрөгч онд 14,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ газарт татаж, аймгийн хэмжээнд 15 суманд ашигт малтмалын давхардсан тоогоор 336 тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа нь аймгийн нутаг дэвсгэрийн 41,76 хувийг эзлэдэг гэсэн тоо баримт байх юм. Ёстой л нөгөө бидний хэлдгээр алтан дээр суусан гуйлгачин шиг амьдрал энэ аймагт л байна. 45 мянга 600 орчим хүн амтай тус аймгаас жилд 1000 гаруй хүн нийслэл болон Төв, Өмнөговь аймаг руу шилждэг гэсэн тоо баримт гарчээ. Ингээд бодохоор 40 гаруй жилийн дараа гэхэд Дундговь аймагт хүн үлдэхгүй нь бололтой. Мэдээж тус аймгийн хөгжил энэ чигээрээ байвал иргэдээ үлдээч гэж ятгаж энд тэнд нутгийн уулзалт, хүлээн авалт мянга зохиогдоод ч нэмэргүй л болов уу.  Түүнчлэн энд нэгэн тоо баримт дэлгэхэд, усны хязгаарлагдмал нөөцтэй манай оронд стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог чандмань эрдэнэ ямар ч үнэ цэнэгүй болжээ. Тухайлбал, 2006 оны байдлаар уул уурхайн топ гэгдэх 25 компанийн жилд өгсөн усны төлбөрөөс тодруулбал, Монголросцветмет 20-хон мянган төгрөгийн ус хэрэглэсэн гэнэ. Мөн Тавантолгой 40 мянга, Бороо гоулд 100 мянга байх жишээтэй. Түүнчлэн “Петрочайна Дачин Тамсаг” нь 1000-2000 м гүн хайгуулын цооног өрөмдөхөд 700-800 шоо метр ус хэрэглэнэ. Мөн 2000-3000 м өрөмдөхөд 1000 шоо метр, харин нэг тонн нефтийг усаар түрж гаргахад нэг шоо метр ус зарцуулах тооцоо бий. Тэгэхээр тус компани нэг шоо метр усаар 6.666 баррель нефть олборлодог бөгөөд усны үнэ нийт зардлын 0.015 хувийг л эзэлдэг байна. Харин “Гацуурт” компани 156 кг алт олборлож, 46 орчим сая төгрөгийн орлого олсноос гадаргын ус ашигласны төлбөрт 6.3 сая төгрөг л төлсөн байдаг аж.

Харин энэ зуур олон улсын холбогдох байгууллагууд манай улсын авлигын индексийг 2.1 гэж үнэлсэн байх юм. Тэгэхээр гурван сая хүрэхгүй шахам хүн амтай манайх шиг бяцхан оронд бүхэлдээ авлигад идэгдсэн гэх үнэлэлт дүгнэлт биш гэж үү… Бүр тодруулбал, энэ оны өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр Авлигатай тэмцэх судалгаа шинжилгээний хэлтэсээс Монголын авлигын асуудалд дүгнэлт хийхдээ төрийн гэх тодотголтой бараг бүх байгууллага бултаараа авлигад идэгдсэн талаар хэлж байсан. Тухайн үед ч энэ тоон үзүүлэлтийг сонин, сэтгүүлээр ил тод зарлаж байсан удаатай.

Түүнчлэн манайх шиг жижигхэн улсын үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах шалтгааны нэгд зүй ёсоор тооцогдох эмгэнэлтэй гэмээр сэдэв бол харьд боолын хөдөлмөр эрхэлж буй залуусын тухай юм. Тэд хамгийн гол нь гадаадын орнуудын хамгийн хүнд хүчир, аюултай, эрүүл мэндэд хортой ажлыг өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хийж байна. Тэр ч бүү хэл гадны зарим улсад монгол охидын биеийг үнэлж зардаг сүлжээ хүртэл бий болсон тухай алдуул яриа нийгэмд яригдах болжээ. Энэ талаар УИХ-ын нэр бүхий гишүүн хүртэл хэлж л байсан.

Эцэст нь хэлэхэд, төрийн цээжинд байгаа эрх дархтнууд иргэний нийгэм ярьсаар хэдэн жил боллоо. Гэтэл бодит байдал дээр иргэний нийгэм нь согтуугийн гэх тодотголтой болсон гэхэд хилсдэхээргүй болжээ. Монгол орны өнцөг булан бүрт архи нэртэй хорт бодис. Бааранд өдөр ч, шөнө ч “Чингис”-ийгээ ууж тархиа мансууруулцгаана. Харин согтууруулах хорт бодисийг хүнс гэж нэрлэн, талх тариатай адилтгаж нийгмийн тархи угаадаг манлай гэх үйлдвэрүүдийн нууц эздийн ихэнх нь парламентад сууж байгаа нь жинхэнэ үндэсний эмгэнэл биш гэж үү.

О.МӨРӨН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих