Дотуур байрны айлуудаа гаргаад оюутнуудаа авч болохгүй л юм байх даа
Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа энэ үед хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудад тулгардаг хамгийн хүнд асуудал бол дотуур байр. Улсын хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар нийт 43 дотуур байр бий гэсэн судалгаа гарсан. Эдгээр байранд 11 мянган оюутан амьдрах боломжтой гэнэ. Гэтэл орон нутгаас нийслэлд ирээд суралцаж буй зарим оюутанд байр хүрэлцдэггүй. Монголын оюутны холбоо /МОХ/-ноос Засгийн газарт дотуур байрыг нэмэх санал хүргүүлсэн ч 2020 онд “Оюутны цогцолбор хотхон” барина хэмээн хүлээж аваагүй. Ингээд МОХ-ноос хоёр жилийн өмнөөс УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран оюутны дотуур байр, нийтийн байр, орцны хонгил зэрэг газруудад шалгалт хийсэн байна. Үүний үр дүнд оюутны дотуур байрны тоог зайлшгүй нэмэх шаардлагатай гэж гишүүд үзжээ. Ингээд мянган оюутны байрыг барих ажлыг гурван жилийн өмнө буюу 2010 оноос барьж эхэлсэн. Энэ нь манай улсад стандартын дагуу баригдаж буй хамгийн анхны дотуур байр бөгөөд гэрээ ёсоор бол өнгөрсөн жилийн есдүгээр сард бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэвч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байгаа. Энэ шалтгаанаа гүйцэтгэгч тал болох “Хан хөхий”, “Хөвсгөл геологи” компани хөрөнгө санхүүгийн асуудал гацсанаас болсон хэмээн тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас 4.6 тэрбум төгрөг төсөвлөсөн ч цаг тухайд нь нийлүүлээгүй учраас ажил удааширч өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэж байсан гэх. Мөн барилгын материалын үнийн зөрүүнээс болж нэг тэрбум төгрөг нэмж олгох шаардлагатай болсон байна. Уг нь энэ мөнгийг Засгийн газраас энэ оны улсын төсөвт суулгасан байдаг. Гэтэл БШУЯ болон Сангийн яамны дунд үл ойлголцох асуудал үүсч явсаар барилгын ажил гүйцэтгэж буй хоёр компанийн дансанд өнгөрсөн сарын сүүлээр оржээ. Харин төсөвт суулгасан байсан мөнгө яагаад ийнхүү хоцорч орж ирсэн талаар яамд ямарч тайлбар өгөхгүй байгаа аж. Ямартаа ч удаан хүлээсэн оюутны дотуур байрыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна гэдгээ гүйцэтгэгч тал дахин амлалаа. Энэхүү шинэ байранд их дээд сургуулийн оюутан орох бөгөөд сургууль бүрт тодорхой квот тогтоосон байна. Тус байрны хувьд есөн давхар, лифттэй, давхар бүртээ 14 өрөөтэй ажээ. Нэг өрөөнд 3-4 оюутан амьдрах зориулалттай, хоёр өрөөний дунд ариун цэврийн болон гал тогооны өрөөтэй юм байна. Одоогийн байдлаар үнээ тогтоогүй байгаа ч бусад их, дээд сургуулийн дотуур байрны үнийн жишгээр тогтоох гэнэ. Харин цахилгаан, дулааны мөнгийг оюутнууд сар бүр өөрсдөө төлөх юм байна. ОЮУТНЫ БАЙРНЫ ТӨЛБӨР ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР НЭМЭГДЖЭЭ. Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхээр оюутан сурагчдын сургалтын төлбөр, дотуур байрны үнэ нэмэгддэг уламжлал тогтоод байгаа. Энэ жил ч уламжлал ёсоор их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 9-20 хувиар нэмээд амжсан. Өнгөрсөн жил төрийн өмчийн их, дээд сургуулийн дотуур байрны төлбөр 250-500 мянган төгрөг байсан. Тэд цахилгаан дулаан болон бараа материалын үнэ нэмэгдсэн гэх мэтчилэн ямар нэгэн шалтгаанаар жил бүр заавал нэмдэг болжээ. Тухайлбал, энэ жил ШУТИС дотуур байрныхаа төлбөрийг нэмж 500 мянган төгрөг болгосон байна. МУИС-ийн дотуур байр энэ жил 1000 орчим оюутан хүлээж авах гэнэ. Харин төлбөр нь 280 мянган төгрөг хэвээр байгаа аж. Мөн СУИС-ийн дотуур байрны төлбөр өнгөрсөн жил 300 мянга байсан бол энэ жил хэвээр байх гэнэ. МУБИС энэ хичээлийн шинэ жилд дотуур байрандаа 1380 оюутан хүлээн авах аж. Өнгөрсөн жил дотуур байрны төлбөр 250 мянга байсан бол энэ жил 260 мянган төгрөг болжээ. Энэ мэтчилэн сургуулиуд дотуур байрныхаа үнийг тодорхой хувиар нэмээд байгаа юм. Харамсалтай нь засвар шинэчлэлт хийдэг нь өдрийн од шиг ховор. Гэхдээ оюутнуудад үнэтэй ч гэсэн толгой хоргодох дотуур байр олдож буй нь нэг талдаа аз ч юм шиг. Өөрөөр хэлбэл, гадуур нийтийн байр хөлсөлбөл дунджаар сарын 200 мянган төгрөг төлдөг ажээ. Ер нь нэгдүгээр дамжааны оюутнууд ногоон гэрлээр шууд л дотуур байранд ордог. Харин үлдсэн орон тоонд дээд дамжааны оюутнууд азын сугалаа сугалахтай л адил юм болно. Гэвч сугалаанд аз таарсан оюутнуудыг тийм ч таатай орчин угтахгүй. Умгар, хүйт даасан өрөөнд хэдэн жилийн тэртээх төмөр ор, халцарч муудсан модон шал, салхи сийгсэн цонх угтна. Уг нь үнэ дагаад чанар нь сайн л баймаар сан. Ингээд МУБИС-ын оюутнуудын төлөөлөлтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
Ц.УЯНГА: СУРГУУЛИЙНХАА ДОТУУР БАЙРАНД ОРСОН.
-Энэ жилийн хувьд байрны үнэ ерөнхийдөө өндөр байгаа. ШУТИС, ХУИС- ийн оюутны дотуур байрны үнэ 500 мянган төгрөг болсон гэсэн. Манай сургуулийн хувьд байрны үнэ боломжийн байгаа. Би энэ жил нэгдүгээр дамжаанд элсч байгаа болохоор санасныг бодвол хурдан орсон. Сургуулийнхаа нарийн бичигт өргөдөл өгч, эмчийн үзлэгт орсны дараа байрныхаа мөнгийг банкинд тушаагаад өрөөгөө хүлээн авсан. Нэг өрөөнд дөрвөн хүүхэд оруулдаг юм байна лээ.
С.ЖАРГАЛЦЭЦЭГ: МАНАЙ УЛСАД ОЮУТНЫ ДОТУУР БАЙР ДУТМАГ БАЙНА
Нийтийн байранд орох гээд гадуур байр хайсан. Сарын 150-250 мянган төгрөгийн үнэтэй юм билээ. Төлбөрөө жилээр нь юмуу эсвэл зургаан сараар нь авна гэсэн. Тэгээд орчин нь бохир, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байх юм. Сургалтын төлбөр арай ядан төлж байгаа оюутнууд их хэмжээний мөнгө байрандаа зарцуулна гэдэг хэцүү. Манай улсын хувьд оюутны дотуур байр дутмаг байдаг. Энэ жил өөрийн сургуулийн дотуур байранд орохоор бүртгүүлсэн ч хүрэлцээ муу байгаа болохоор орох эсэхээ мэдэхгүй байна. Ер нь дотуур байрууд нэгдүгээр дамжааны оюутнуудаа шууд авдаг. Харин дээд дамжааны оюутнуудаас 4-5 хүүхэд авна гэсэн квот тогтоодог гэсэн.
А.БАЯРТОГТОХ: АЙЛУУДАА ГАРГААД ОЮУТАН ОРУУЛЖ БОЛДОГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА
-Би сургуулийнхаа оюутны байранд хоёр жил амьдарсан. Гадуур байр хөлсөлж илүү зардал гаргаж байхаар сургуулийнхаа дотуур байранд байсан нь хамаагүй дээр санагддаг. Ядаж л төлбөр нь хямд. Энэ жил сургуулийнхаа дотуур байранд орох санаатай бүртгүүлчихээд гараад ирлээ. Орох эсэхийг сайн мэдэхгүй байна. Оюутны байранд орох хүсэлтэй олон хүүхэд байдаг болохоор гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнуудын дунд сугалаа явуулдаг. Аз таарвал орох магадлалтай. Оюутнуудын хажуугаар сургуулийн ажилчид, ямарч хамааралгүй айлууд, арын хаалгаар орж ирсэн өөр сургуулийн оюутнууд бас амьдрадаг юм билээ. “Оюутны дотуур байр хүрэлцээ муу байна” гээд л байдаг. Тэгээд дотуур байранд байгаа айлуудаа гаргаад оюутан оруулж болдоггүй л юм байхдаа. Тэд танил талаараа дамжуулж тодорхой хэмжээний хахууль энэ тэр өгдөг сураг сонсогддог.
URL:










