Юань 300 төгрөгт хүрвэл гайхах хэрэггүй болох нь ээ!

new photo

2009 оны эдийн засгийн хямралын үеэр юанийн төгрөгтэй харьцах ханш 300 төгрөгт хүрээд буусан. Харин өчигдөр энэ валютын ханш 290 төгрөг давсан байдалтай байлаа. Манай улс урд хөршөөс хүнс болоод барааныхаа нийт хэрэглээний бараг 90 хувийг импортоор авдаг төдийгүй юаниар тооцдог уламжлалтай.

Монголбанк валют хэчнээн нийлүүлээд ч ханшийг “оосорлож” бараагүй хэвээр байна. Замын-Үүд дэх хил гаалийн хүнд суртал, ачаа тээврийн түгжрэл, худалдаачдын бухимдал, тэгээд ноолуур, барилгын салбарынхны “ичээнээсээ” гарах үетэй давхацсан нь үндсэн шалтгаан нь байлаа. Уг нь монголчуудад айхтар том сургамж болсон уу гэвэл, тийм. Энэ жилд багтаан Замын-Үүдийн эл бөглөрлийг сааруулах ажлууд хийгдэхээр болсныг УИХ мэдэгдсэн. Энэ хүрээнд зорчигч болон ачаа тээврийн хяналт шалгалтыг тус тусад нь явуулдаг болох юм байна.

Өнгөрсөн онд л гэхэд бараг хоёр сая хүн тэнд ачаа бараа зөөжээ. Нийт ачаа нь 2,5 сая тонн хүрсэн нь 1,152,325.0 мянган ам.доллар болжээ. Нийт орж ирсэн импортын барааны 72,2 хувийг барилгын материал, үүний 59 хувийг цементний импорт эзэлдэг юм байна. Энэ олон тооны цаана ачааллаа даахаа болиод хариугүй “дэлбэрэхэд” бэлэн байна. Уг нь энэ онд багтаан энэ түгжрэлийг арилгахаар ачааны боомт барихаар болсон юм байна. Угаасаа л жил бүрийн хавар Замын-Үүдийг түгжрээг арилгана гэсэн дарга, сайд нарын тоо олширдог болохоор энэ онд үр дүн гарч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Юанийн ханш өсч буй нь үүнийг л хэлээд байна. Барилгын материалын дотоодын үйлдвэрлэлгүй ядаж байхад ачаа тээврийн дэд бүтэцгүй болохоор үнэ, ханш өсөх шууд “голомт” үүсгэж байгаа юм. “Монгол шиг орны хувьд дэд бүтцийн асуудлыг анхааралдаа авах шаардлагатай юм. Уурхайнуудын үйлдвэрлэл бүрэн жигдэрч, цаашдын хэвийн ажиллагаа хангагдаж ирснээр Засгийн газрын орлого ирэх долоон жилд гурав дахин өсөх тооцоотой байгаа учраас санхүүжилтийн хувьд бэрхшээл төдийлөн гарахгүй байх төлөвтэй байна” гэж Дэлхийн банкны цахим хуудаст тэмдэглэжээ.

Импортын бүтээгдэхүүний 90 хувь буюу Хятадаас шууд хамааралтай манай зах зээлийн гүүр нь Замын-Үүд. Тиймээс энэ бүсийг анхааралдаа авах, энэ жилдээ багтааж ачааллыг нь бууруулна гэсэн Засгийн газрын амлалтыг хэрэгжүүлэх бодит шаардлага билээ.

Тэгэхээр энэ удаад юанийн төгрөгтэй харьцах ханш 300 төгрөгт хүрвэл нэг их гайхах хэрэггүй аж. Яагаад гэвэл, бид дотоодоосоо хямралыг давах гарц хайхын оронд зөвхөн гадаад импортоос хамааралтай хэвээр байна.

Н.Ингүүн

http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11408


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих